Цөмийн хог хаягдлийн эсрэг идэвхтэй тэмцдэг “Анти нуклеар” бүлгийн Риоко Имаока, Ленский нарийн санаачилгаар бүлгийн сайн дурын ажилтнууд саяхан Дорнод аймгийн Баяндун, Сэргэлэн, Дашбалбар сумдаар очиж, хуучин Мардайн ураны уурхайн байдалтай танилцаж, байгалийн цацрагжилтийн хэмжилт хийсэн байна. Хэмжилтийн явцад Мардайн ураны уурхайн хаягдал шороо чулуу буюу ураны тэйлинг зэрэг ил задгай орхисон чулуу хогноос өнөөг хүртэл хорт цацраг ялгарсаар байгааг цацраг хэмжигчээр тодорхойлжээ. Хэмжилт хийх явцад зөвхөн уурхайн ойр орчимд төдийгүй тус сумдын нутгаар ургасан өвс ургамалд цацрагжилт өндөр байгааг олж тогтоосон байна. Хуучин ураны уурхайн цооногт ус тогтож, хиймэл нуур бий болсон нь ч өндөр цацрагтай өндөр цацрагтай ус агуулж байж болзошгүй гэнэ. Харамсалтай нь хэмжигч багаж усан дахь цацрагийн түвшинг хэмждэггүй тул хэмжилт хийж чадаагүй гэнэ. Мөн түүнчлэн Баяндун, Дашбалбар сумдын оршин суугчид Мардайн уурхайн орон сууцнуудаас суурийн блок татаж, сумын төвд байшин барилга, тэр бүү хэл хүүхдийн цэцэрлэг барьж буй нь сэтгэл түгшээж байна. Зарим айлууд цацраг идэвхт бодис хадгалж байсан цацрагийн аюултай гэсэн анхааруулах зурагтай амбаарыг хашаандаа авчирч ашиглаж буйгаас харахад нутгийн ард иргэд цацрагийн хор хөнөөлийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаа нь ажиглагджээ. Цацрагийн хор нөлөө нь хуримтлагддаг тул цацрагтай өвс ургамлаар хооллож, цацрагтай усаар ундаалсан малын бүтээгдэхүүн идэж, цацрагтай тоосонцороор амьсгалж, цацрагтай байшинд амьдарч буй нь нутгийн ард иргэд, нэн ялангуяа тэдний үр хүүхдийн амь нас, эрүү мэндэд тун ноцтой аюул заналхийлэл учруулж байна хэмээн “Анти нуклер” бүлгийн зүгээс онцолжээ. Тус бүлгийн гишүүд дээрх сумдын ард иргэдтэй уулзаж, цацрагийн аюулын тухай баримтат кино бүхий хуурцаг тарааж мэдээлэл өгсөн байна. Хэрвээ та цөмийн хог хаяглийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг хүсвэл www.Golomt.ord сайт руу орж уг байгууллагатай холбоо тогтоох боломжтой юм байна.
Э.САР