”Монгол дерби”-д Жокей Донел Фахи түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

”Монгол дерби”-д Жокей Донел Фахи түрүүлэв

“Монгол дерби” холын зайн өртөөн уралдааныг анх 2009 онд Английн адал явдалт аяллын холбооноос зохион байгуулж байсан. Энэхүү уралдаан нь Чингисийн эзэнт гүрний үед тал нутгаар хэрэн давхиж, мэдээ түгээх эхлэл болсон түүх соёлын гайхамшигт өв болох морин элч болоод Монголын ёс заншил, түүх соёлыг дэлхий нийтэд таниулах аялал жуулчлалыг хөгжүүлэх алслагдсан орон нутагт дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой билээ. Энэхүү холын зайн өртөөт уралдаан нь дэлхий нийтийн тэр дундаа морь сонирхогчдын анхаарлыг татсанаар 2010 оноос жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа. Монгол дербид дан гадны тамирчид оролцдог бөгөөд оролцогч нь 1000 $-оос доошгүй хандив өгдөг ч шагналын сан байхгүй. Уралдааны үеэр цугларсан хандивыг Монголын алслагдсан нутгуудад хөрөнгө оруулалт болгон төсөл хэрэгжүүлдэг бөгөөд дайран өнгөрсөн сум болгондоо уралдааны дараа найман сая төгрөгийн төсөл хэрэгжүүлдэг, уралдааны хугацаанд буюу 7-9 хоногийн дотор 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирдэг гэх мэтчилэн олон сайн талтай. Мөн энэхүү уралдаан нь Гиннесийн номонд "Дэлхийн хамгийн урт морин уралдаан" хэмээн бүртгэгдсэн байдаг.

"Монгол Дерби" холын зайн өртөөт уралдаанд мянган км замыг урьдны жилүүдэд 8-10 хоногт туулдаг байсан бол энэ жилийн тухайд тамирчдын ур чадвар сайжирч эхний зургаан хүн долоон өдөрт туулсан бол үлдсэн тамирчид найман өдөрт амжилттай туулсан байна. Мөн энэ жилийн өртөөт уралдаанд 14 орны 34 тамирчин оролцсоны олонх нь мэргэжлийн жокей байсан ажээ. Насны хувьд 18-65 насныхан оролцсон байна.  “Монгол дерби-2012” энэ удаагийн өртөөт уралдаанд Монголын талаас "Тэнгри" групп хамтран зохион байгуулжээ.

Төв аймгийн Баян сумаас эхлэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Өнт багт өндөрлөсөн байна. Уралдааны явцад Төв аймгийн Баян, Сэргэлэн, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Эрдэнэсант Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Архангай аймгийн Хашаат, Хотонт, Өгийнуур, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Өлзийт, Хайрхан, Булган аймгийн Сайхан, Хутаг-Өндөр сумаар дамжин дөрвөн аймаг, 12 сумын нутгаар дайран 1000 км-ыг өртөөлөн туулжээ. Ийнхүү олон аймаг дамнан өртөөлөн уралдсан уралдаанд нутгийн мянга гаруй морьдыг хөлсөлсөн байна.

 “Монгол дерби-2012” уралдаанд Ирландын жокей Донел Фахи түрүүлсэн юм. Уралдааны дараа тэрээр баярын сэтгэгдлээ "Би уралдаан дууссанд их баяртай байна. Энэ миний амьдралдаа туулж байсан хамгийн хэцүү, хамгийн урт долоо хоног байлаа. Энэхүү тэмцээн дэлхийн хамгийн хэцүү уралдаан байгаад зогсохгүй надаас маш их тэсвэр тэвчээр шаардсан. Гэхдээ миний амьдралдаа хийж байсан зүйлүүдээс хамгийн сайхан нь байсан шүү” гэжээ. Харин хоёрдугаар байранд мөн Ирландын жокей Ричард Килоран эхний хүнээс 44 секунтын дараа орж ирсэн бол, гуравдугаар байранд Австрийн тамирчин Микайла Градингэр 55 минут нэг секунтэнд барианд оржээ.

                                                                                                                                                        А. ЭНХЖИЛ

ЭХ СУРВАЛЖ: WWW.TODMAGNAI.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж