Дархан-Уул аймаг ОХУ, Хятад, Унгар, Герман, Дани, АНУ, Канад, ӨМӨЗО, БНСУ зэрэг есөн орны есөн хоттой ах дүүгийн болон шууд харилцаат хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын “ЖАЙКА” ОУБ-аас 14,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Усан хангамжийн техник технологийн шинэчлэлт төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэ төсөл хэрэгжсэнээр хотын цэвэр усны тоног төхөөрөмж, барилга, байгууламжийн 70 гаруй хувь нь шинэчлэгдэн, хотын усан хангамжийн найдвартай үйл ажиллагаа сайжирч, цахилгаан эрчим хүчний зардал 30-40 хувиар хэмнэгджээ. Мөн Япон Улсын Жайка ОУБ-ын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын 4-р сургууль, ерөнхий боловсролын Од цогцолбор, Хонгор сумын 11-р сургуулийн өргөтгөлийг барьж, 2009 онд 115 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 12-р цэцэрлэг, 2010 онд 108 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 18-р цэцэрлэг, 2011 онд 260 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 1, 21-р цэцэрлэгийг засварлажээ. 2012 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн Эрүүл мэндийн газарт гадны төсөл, хөтөлбөрийн шугамаар 93 нэр төрлийн 63 сая төгрөгний тоног төхөөрөмж нийлүүлэгдэж, ХААЖДҮГ-т ОУБ-ын шугамаар МСС, Тогтвортой амьжиргаа-2, Швейцарийн хөгжлийн агентлаг, GTZ8 JICA зэрэг 7 хөтөлбөр, төсөл хэрэгжиж байна. Их Британи Ирландын Нэгдсэн Вант улсын Уэльс улсын Моунт Ареа сургуулийн “Тасралтгүй хөгжүүлэх хөтөлбөр”-ийн шинэ стандартыг аймгийн 22 дугаар цэцэрлэгт нэвтрүүлж, аймгийн “Загвар цэцэрлэг”-ийг байгуулжээ. Ингэснээр энэ цэцэрлэгийг төгссөн хүүхдүүд олон улсын Кембриджийн стандарттай сургуулийн 1 дүгээр ангид элсэн орох боломжтой болж байгаа аж. Аймгийн төрийн албан хаагчид ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, БНСУ, Энэтхэг улс орнуудад эрүүл мэнд, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол болон бусад чиглэлээр урт, богино хугацааны сургалтанд хамрагдаж, мэдлэг мэргэшлээ дээшлүүлж байгаагийн зэрэгцээ Энхтайвны корпус, Япон улсын “ЖАЙКА” байгууллага, Олон Улсын VSO олон улсын байгууллага, Солонгосын “КОЙКА” байгууллагуудаас сайн дурын ажилтнууд боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, туршлагаа хуваалцаж байна.
Х.Соёл-Эрдэнэ /Дархан/