Асашёорюү МҮОНРТ-ийн захирлыг зоджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Асашёорюү МҮОНРТ-ийн захирлыг зоджээ

”Хүн хорихын завдалгүй л гурван удаа дэлсчихсэн”


Их аварга Д.Дагвадорж сүүлийн үед зодоон цохионы хэрэгт үргэлж нэр холбогдох болсон билээ. Гэтэл тэрбээр энэ сарын 20-ны орчим нутагтаа наадамлаж явах үеэрээ МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг зодсон талаар мэдээлэл цацагдлаа. Энэ талаар МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатараас тодрууллаа.

-Сүүлийн үед таныг Их аварга Д.Дагвадорж зодсон гэх мэдээлэл цацагдах боллоо. Энэ хэрэг хэзээ гарсан юм бэ. Яагаад ийм явдал болов?

-Хэрэг юу байх вэ дээ, хүндэтгэж явдаг дүүдээ санаандгүй байж байгаад л цохиулчихлаа. Уг нь эр улсуудын дунд байдаг л асуудал гэж бодоод зүгээр өнгөрүүлсэн. Энэ асуудлыг нэг их дэвэргээд яах вэ дээ гэж бодож байна.

-Тэгэхдээ Их аварга Д.Дагвадоржийг монгол түмэн хайрлаж, хүндэлж байхад энэ хүн ийм асуудалд орооцолдоод яваад байж болохгүй шүү дээ. Бид ч энэ хүнийг өөгшүүлээд байгаа юм биш үү. Ер нь болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Монгол түмний хайрлаж хүндэлж явдаг хүн ийм зохисгүй үйлдэл гаргаж байгаад үнэхээр их харамсч байна. Ерөнхийдөө уур омог ихтэй гээд л хүн бүхэн рүү ингэж дайрч болохгүй л дээ. Энэ явдал гурав хоногийн өмнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн баяр дээр болсон юм. Нутгийнхаа наадам дээр, тэр түмэн олны өмнө дүүдээ цохиулах эвгүй л юм билээ.

-Ямар ч шалтгаангүйгээр таныг цохисон хэрэг үү?

-Ерөөсөө л Д.Сумъяабазарыг УИХ-ын сонгуульд дэмжсэнгүй л гэж ийм асуудал үүсгэсэн юм билээ. Уг нь зургадугаар сарын 26-нд буюу сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр МҮОНТВ-ээр бүтэн цаг яръя гэсэн юм. Тэгэхэд нь би хуультай юм хуулиараа явна, хэн нэгэнд давуу эрх олгож болохгүй. Тэгээд ч сонгуулийн хууль гэж байна. Би ч хуулиа баримтална гэж хэлснийхээ төлөө л ийм зүйл боллоо. Тэгэхдээ албан тушаалын хувьд бол тусалж чадахгүй, харин хувь хүнийхээ хувьд тусалж дэмжилгүй яах вэ гэж байсан юм.

-Тэгээд та гомдол гаргаагүй юм уу. Олны нүдэн дээр цохиулчихаад дуугүй л яваад өгсөн хэрэг үү?

-Уг нь тухайн үед цагдаа нар ирсэн л дээ. Тэгэхдээ эр хүмүүсийн хооронд байх л асуудал гэж бодоод цагдаад өгөөгүй юм. Тэгээд ч нутгийнхаа наадам дээр ирчихээд, нутгийнхаа олон түмнийг бужигнуулаад байх эвгүй гэж бодогдсон. Д.Дагвадорж ч тэр шөнөдөө л алга болсон байсан.

-Дэргэд нь хүн яваагүй юм уу. Хориглож саатуулаагүй гэж үү. Тухайн үед согтуу байсан юм уу?

-Тэр том биетэй хүн чинь хүн хорихын завдалгүй л гурван удаа дэлсчихдэг юм билээ. Зүгээр ч байгаагүй ээ. Уг нь би түүнийг их хүндэлдэг, бас Японд асуудалд ороод байхад өмөөрч, нулимс унагаж байсан хүний л нэг. Монгол түмэн бүгдээрээ л нулимс унагаж байсан байх. Би ч мөн тэгж л байсан. Түүнээсээ ч болоод Их аварга Д.Дагвадоржид зориулж, “Бүргэд жигүүрээрээ бүтэн дэвнэ” гэдэг нэвтрүүлэг хийж байсан юм.

-Ер нь Д.Дагвадорж та хоёрын дунд ямар нэгэн өс хонзон байсан юм уу. Тэр том хүнд цохиулахаар мэдээж гэмтсэн байх. Эмнэлэгт хандсан уу?

-Ямар юмных нь өс хонзон байх вэ дээ. Д.Сумъяабазарыг л дэмжсэнгүй гэж уурласан байх л даа. Ам жаахан урагдаж, хоёр шүд хөдөлсөн байна. Тэгэхдээ бас танагтай. Хөдөө өссөнийх шүд маань бөх юм билээ. Энд тэнд хандаагүй ээ.

-Ар гэрийнхнээс нь ярьж таниас уучлалт гуйсан уу. Их аварга ч ер нь аархуу, омогтой хүн юм аа даа. Та гомдол гаргаа юу?

-Ярьж л байсан. Гомдол гаргах ч юу байх вэ. Тэгэхдээ л гомдолтой байдаг юм байна. Хуулиа барьж, зарчимч ажиллах гэснийхээ төлөө “Чиний телевиз юм уу, чи муу юу юм” гээд орилоод байх чинь зүгээргүй л санагдсан. Их аварга хүн, монгол түмний хайртай хүү ийм байдал гаргалаа гээд сайхан санагдахгүй нь лав. Өөрөө ч утсаар ярьж байна билээ. Тэгэхдээ уйлж, хайлаад “Ийм байж болохгүй шүү дээ” гэж хэлсний төлөө утасны цаанаас “Ална аа чамайг” гэж хашгирч байгаа нь таагүй санагдсан.

-Таныг цохичихоод Дамбын Хишгээ нэрээр алдаршсан Д.Хишигжаргалыг өдсөн гэж сонссон юм байна. Энэ үнэн юм уу?

-Тийм зүйл болсон гэсэн. Дамбын Хишгээтэй архи ууя гэхэд нь цаадах нь уухгүй гэсэн юм билээ. Тэгсэн “Чи муу юу юм бэ” гээд босоод ирсэн гэсэн. Тэгэхдээ ч арай ч цохиж чадаагүй юм билээ. Ер нь л хүн бүхэн өөрийнх нь өмнө бөхөлзөх ёстой гэж боддог хүн юм шиг байна даа.

Э.ЭНХ

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж