Түүнчлэн музейн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн тулд Монголын Үндэсний музейн Сургалт, арга зүйн төвийг түшиглэн Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт нийт 12 сургалт болох тухай ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссоос мэдээлж байна. Ингэхдээ эхний ээлжинд Улаанбаатар хотод дөрвөн сургалтыг зохион байгуулж, музейн үндэсний сургагч нарыг бэлдэх юм байна. Эдгээр бэлтгэгдсэн үндэсний сургагч нар хөдөө орон нутагт мөн сургалт хийх аж. Мөн төслийн хүрээнд музейн холбогдох Монголын хууль, тогтоомжийг судалж, дүгнэх, сургалтад зориулсан сургалтын материалуудыг бэлдэх, Үндэсний музейн Сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх гэх зэрэг бусад үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
2008 онд Монгол улсын Засгийн газар Монголын Үндэсний музейг улс, аймаг, орон нутгийн музейг мэргэжил-арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, сургалт явуулах үүрэг бүхий болгон өөрчилсөн нь музейн тогтолцоог улам боловсронгуй болгоход чиглэгджээ. Гэвч Үндэсний музейд мэргэшсэн боловсон хүчин, сургалтын материал дутагдаж байгаа учир өргөн цар хүрээг хамарч үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа тухай албаныхан мэдээлж байна. Иймд тус музейн гүйцэтгэх үүргийг өргөжүүлэх, Монголын соёлын өв, урлагийн бүтээлийг олон улсын стандартын дагуу хадгалан хамгаалах, үзэгчдэд хүртээмжтэйгээр үзүүлэн дэлгэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлэх болжээ.