Тодруулбал, Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле (Guido Westerwelle) ба Грекийн Гадаад хэргийн сайд Димитрис Аврамопулос хоёр нь нэгдсэн Европын эсрэг чиглэгдсэн популист мэдэгдлүүдийн эсрэг тэмцэлдээ хүчээ нэгтгэхээр тохиролцсон байна. Гидо Вестервелле нь “Нэгэн хэвийн загварт баригдаагүй хандлага бидэнд хэрэгтэй” гэж наймдугаар сарын 20-нд Берлин хотноо Аврамополустай уулзахдаа мэдэгдэж. Мөн тэрээр өрийн хямралтай тэмцэх талаар Грекийн гаргаж байгаа хүчин зүтгэлийг үнэлэн “хүнд бөгөөд шаардлагатай” шинэчлэлийг туулж байгаа тэр улсын хүн амтай нэгэн сэтгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
“Галаар наадахгүй байх”
Хоёр сайд хэвлэл мэдээллийнхэнд хандан Грекийн Арвилан хэмнэлтийн хөтөлбөрийн үр дүнг гартал урьдчилсан дүгнэлт хийхгүй байхыг уриалжээ. Мөн үүссэн нөхцөл байдалд “галаар наадахгүй байх”-ыг Герман сайд онцолсон юм. Хоёр сайд нарын уулзалт нь энэ сарын 24-ний өдөр Берлинд хийх Грекийн ерөнхий сайдын албан ёсны айлчлалд зориулагджээ.
Берлин хурдан шийдвэр гарна гэж хүлээхгүй байна
Энэ бүгдийн зэрэгцээ Грекийн хувь заяаны талаар шуурхай хурдан шийдвэр гарна гэж Германы Засгийн газар үзэхгүй байна. Тухайлбал, Самарас канцлер Ангела Меркельтай уулзах үеэр байдлыг зохицуулах асуудал яригдахгүй гэж Берлины албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт (Steffen Seibert) мэдэгдсэн байна.
Афин: Мөнгийг шилжүүлэв
Наймдугаар сарын 20-ны өглөө Грек улсаас Европын Төв банкинд 3,2 тэрбум еврог шилжүүлжээ. “Асуудал шийдэгдсэн. Амласан ёсоороо Грек өдрийн дотор өөрийн үүргийг биелүүллээ. Бидэнд шаардлагатай мөнгө байсан” гэж Грекийн Сангийн яамны ажилтан мэдэгдсэн байлаа.