Японы эмч багш нарыг төлөөлж Олон улсын Сэтэрхий уруул, тагнайн сангийн дарга, Японы Сэтэрхий уруул, тагнайн сангийн захирал, Айчи-гакүин Их сургуулийн Шүдний сургуулийн Амны хөндий болон Эрүү нүүрний мэс заслын 2-р тэнхимийн профессор Нагато Нацүмэ “Бид саяхан Ховд аймгаас ирлээ. Баруун бүсийн оношилгооны төвийнх нь хувьд тус аймгийн эмнэлэгт 200 мянган долларын тоног төхөөрөмж суурилуулж, Хэл ярианы гажиг заслын кабинет байгуулан, энэ чиглэлээр үзлэг, эмчилгээ хийх шинэ тасаг нээлээ. Энэхүү хандивын тоног төхөөрөмжийн нэг болох унтуулгын аппарат л гэхэд түргэн тусламжийн машинд шууд аваад явж болохоор, мөн мэс заслын аппарат нь зөвхөн эрүү нүүрний мэс ажилбар хийхэд зориулагдсан нарийн төхөрөмж юм. Ховдын бүсийн оношилгооны төвд байгуулсан шинэ тасаг бол энэ чиглэлээр бидний байгуулсан гурав дахь салбар юм. Монголын эрүүл мэндийн салбарынхан, түүний дотор тухайн чиглэлийн эмнэлгийн удирдлага бидэнтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, ЭМШУИС-ийн багш, доктор Г.Ариунтуул АНУ-д энэ чиглэлээр болсон эрдэм шинжилгээний хуралд оролцож, дэлхийн алдартай хэвлэлд эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлсэн бөгөөд хоёр жилийн дараа Монголд дээрх чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар ажиллаж байгаа” гэдгийг онцолсон.
Мөн Японы эмч, багш нар уруул, тагнайн эмгэг засал, түүний дотор хагалгааны дараах гажиг заслын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, холбогдох кабинетуудыг байгуулаад 1-2 жил ажиллаж байгаа ч Монголд энэ мэргэжлийн эмчийн орон тоо, цалин хөлсний төсөв байхгүй гэсэн бэрхшээл тулгарч байгаа тул эрүүл мэндийн хууль тогтоомждоо энэ талын зохицуулалт хийж, холбогдох яам, газарт нь анхааруулж өгөхийг хүсч байгаагаа УИХ-ын дарга З.Энхболдод танилцуулсан. Хэл ярианы гажиг засал хүний амьдралд ямар чухал болохыг Английн хатан хаан Элизабетийн эцэг хэл ярианы бэрхшээлтэй байсныг зассанаар ямархуу амжилтанд хүрсэн нь бэлээхэн нотолж байгаа. Шинээр хууль боловсруулахдаа энэ шинэ чиглэлийг тусгаж, тухайн чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд анхаарна гэж найдаж байгаа гэлээ. Японы хууль тогтоомжийн энэ талын заалтаас Монголын хуульд тусгах боломжтой мэдээллийг Азийн Нүүр амны урьдчилан сэргийлэх академийн ерөнхийлөгч, Б.Амарсайхан доктороор дамжуулан танд хүргүүлье гэв.
УИХ-ын дарга З.Энхболд Монголын хүн амыг эрүүлжүүлэхийн төлөө олон жил ажиллаж байгаа япон эмч нарт талархлаа илэрхийлээд “Энэ салбар манайд шинээр хөгжиж эхэлж байгаад баяртай байна. Нэгэнт сурч боловсорсон эмч нар нь байхад цалин хөлсийг нь олгох нь зүйн хэрэг. Энэ талаар Эрүүл мэндийн яаманд үүрэг, чиглэл өгье. Ер нь хөгжсөн орнуудын Кока-Кола мэтийн сахартай бүтээгдэхүүн манайд орж ирснээр ялангуяа хүүхдүүдийн дунд шүдний өвчин ихэссэн. Урьд өмнө ааруул, ээзгийгээ идэж кальци авангаа шүдээ цэвэрлэчихлэг байсан. Хөгжил даган орж ирж байгаа энэ олон өвчнөөс урьдчилан сэргийлэх, ядаж л шүдээ зөв угаахыг ухуулан сурталчлах ажил манайд их дутагдалтай байгаа” гэсэн юм.
Японы эмч нар Монголд жил бүр ирж, хүн амын амны хөндийг эрүүлжүүлэх, шүдний цооролт, уруул тагнайн эмгэгийг эмчлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын тэнхим, Эх нялхсын эрүүл мэнд, эрдэм шинжилгээний төвийн Хүүхдийн эрүү нүүрний мэс заслын тасгийнхантай хамтран ажиллаж, нарийн мэргэжлийн хичээл заан мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа аж.