Улаанбаатар хот нүүдэлчдийн түүхэнд урьд өмнө байгаагүй аварга том суурин болтлоо тэлж томорчихоод байгаа нь энэ. Мөн энэ хэрээрээ үй түмэн асуудлууд ар араасаа ундарч, оршин суугчдаасаа эхлээд удирдлагууд нь тэдгээр асуудал, бэрхшээл дундаа түгжирч суух боллоо.
Жил бүр нэмэгдэн ирэх оршин суугчид нь гэр хорооллын хил заагийг хязгааргүйгээр тэлж, тэр бүхэнд шинэ хороо, засаг захиргаа, эмнэлэг, сургууль, гэрэл цахилгаан, дэд бүтэц шаардагдана… Энэхүү өсөлт, тэлэлтийг дагасан ахуй орчны болон нийгэм, эдийн засгийн асуудлууд шил шилээ даран шийдлээ хүлээж байгаа энэ үед Ардчилсан нам бодлого төлөвлөн хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага дээр бууж буй. Ардчилсан намын үзэл санааны бэлгэдэл болтлоо улс төрд зүтгэсэн буурал Э.Бат-Үүл чухамдаа халуун чулуу атгачихаад байна. Шилээ даран шийдэл хүлээсэн хотын бүх асуудал түүнийг зүгээр суулгахгүй төөнөх болно. Тийм халуун асуудлуудын нэг нь Улаанбаатар хотын хог! Хаа сайгүй овоорох хог нэг талаар улаанбаатарчуудын тархин дахь хогны илэрхийлэл юм.
Хогны тухай эхнээс нь эцсийг нь хүртэл яривал бараг л философийн асуудал болж таарах аж. Тэрнээс арай наахнуур яривал хог бол улс төр, үгүй ядаж менежментийн асуудал юм байна.
“Орон нутгийнхан, оршин суугчид өөр өөрсдийнхөө хог хаягдлын талаар ажил хийж чадах боловч хог хаягдал нь Засгийн газар, томоохон үйлдвэрлэлүүд, орон нутгийн иргэд хамтдаа шийдэхээс өөр аргагүй том хэмжээний улс төрийн асуудал юм” гэдэг тодорхойлолтыг дэлхийн хэмжээний эрх ашиг, бодлого ярьдаг хүмүүс өгчээ. Цаашилбал, “Хүн бүхэн, ялангуяа үйлдвэрийн газрууд болон Засгийн газрууд өөрсдийн үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлын төлөө хариуцлага хүлээж байх ёстой бөгөөд тийм хог хаягдал гаргахгүйн төлөө анхнаасаа ажиллах хэрэгтэй” гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээ бага хэмжээгээр гоёмсог боловч байгальд уусдаггүй материал бүхий баглаа, боодлоор савлаж зардаг үйлдвэрлэгчид үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Бүтээгдэхүүнээ борлуулахын тулд тийм баглаа боодол ашигласан бол дараа нь тэр бүхнээ хог хаягдал болох үед ямар замаар зайлуулах ёстойгоо мэддэг, мэдсэнээ хэрэгжүүлдэг байх ёстой. Мөн Засгийн газар эмнэлгийн үйлчилгээнд зөвхөн нэг удаагийн тариур ашиглах стандарт тогтоолоо гэхэд дараа нь хог хаягдлыг зайлуулах, аюулгүй болгох арга замаа давхар төлөвлөх ёстой гэсэн үг л дээ. Гэхдээ өнөөдөр хогны асуудлыг ийм өнцгөөс авч үзэх нь улаанбаатарчуудын чадал, чадавхийн төвшнөөс давсан “философи” байж магадгүй.
Тэгэхээр юун түрүүнд өөрсдийнхөө хэр хэмжээнд таарсан шийдлээр хогноосоо салах тухай ярьцгаая. Тэр тусмаа өдөр бүр ярьцгаая гэж мэдээллийн “News” агентлагийн зүгээс хотын удирдлагууд болон оршин суугчдадаа хандаж байна. Бид энэ уриалгаа бодитой хэрэгжүүлэхийн тулд мөн хяналт тавих болно. Хаана хэний тарьсан хур хог хотыг бохирдуулж, хүн амыг хордуулж байгааг сурвалжлан нийтэлж, хог хаягдлыг ачих, зайлуулах үүрэг бүхий хүмүүст нь байнга сануулж, шаардах болно гэсэн үг.
Уг нь монголчууд бид л бохир, заваан, ийм их хог тарьдаг хүмүүс биш. Дэлхийн аль ч хотод учирдаг асуудлын нэг нь хог. Гэхдээ ялгаатай нь гэвэл тэдний ихэнх бидэн шиг хогон дундаа амьдардаггүй. Хог яагаад бий болдгоос эхлээд яаж цэвэрлэх, ялгах, дахин боловсруулахыг хүртэл судалж, шийдлийг нь олсон туршлага гадаад орнуудад бэлэн байдаг аж. Хогноос хэрэгтэй түүхий эд ялгаж түүдэг хүмүүс ядуу буурай Монголд л байдаг юм биш гэнэ. Хогийг ялгаж, ангилдаг, худалдаж авдаг, дахин боловсруулдаг бүхэл бүтэн сүлжээ ажилладаг, тэдгээрийг Засгийн газар нь бодлого, менежментээр хангадаг жишээ олон. Харин монголчуудын хувьд хогны асуудалд хойрго хандах сэтгэлгээг нь өөгшүүлдэг нэг зүйл нь цаг агаарын эрс, тэс уур амьсгал. Өвөлдөө хасах 40 хэм, хөрсөн дээр түүнээс илүү хүйтэрдэг эх газрын эрс тэс уур амьсгалтай тулдаа л хогноосоо болж, хижиг хумхай тусчихалгүй амьдардаг байх гэмээр. Бактер халуунд тэсвэртэй, халуун чийглэг орчинд өсч үрждэг. Хэрэв чийглэг, халуун дулаан бүсийн улс орнууд манайх шиг хогон дундаа амьдардаг сан бол бактерээр дамжин халдварладаг аюулт өвчинд нэрвэгдэх байсан биз. Тэгэхээр бид “Дүлийдээ найдан унгарган” гэгчийн үлгэрээр хүйтэн бүсийн орон тулдаа л хогон овоон дундаа эсэн мэнд амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй.
Харин одоо энэ бүхнийг түр алгасаад юуны өмнө байгууллага, үйлдвэр, эмнэлэг, сургууль, хороо,Сууц өмчлөгчдийн холбоод дор бүрнээ өөрсдийнхөө хог, хаягдлыг цэвэрлэж, ачуулдаг, ойр орчмын зам талбайгаа цэвэрлэдэг болмоор байна. Хогны тухай олон юм ярихаасаа өмнө хормой доорхоосоо эхлээд цэвэрлэе. Хог тарьж, хаяж байгаа нэгэндээ шаардлага тавьдаг болъё. Бидний амьдрах орчин, амьсгалах агаар нэг. Эрх ашиг маань нэг. Гэр хорооллоо хаус хороолол болгож, халуун, хүйтэн усаа хананаасаа авдаг болох холын төлөвлөгөөг Э.Бат-Үүл баатрын багийнхан ойртуулахаа амласан. Гэвч хот хогноосоо салаагүй цагт хаус хороолол, харш, ордны хэрэг юу билээ?! Хамгийн түрүүнд хотоо хогноос нь салгая.
Гэрэл зургийг: О.МӨНХНАСАН