Хөдөлмөрийн гэрээ хаачив?

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн гэрээ хаачив?

“Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ дэмж, жижиг бизнесийнхнийг битгий дарамтал” гэж төр засгийнханд гомдоллож, шахаж шаарддаг атлаа өнөө жижиг дунд “босс”-уудаас маань өөрсдөө ажилчдынхаа хөдөлмөрийг шударгаар үнэлж чадахгүй нь олон болчихож. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй газрууд хүнийг байнгын ажлын байранд ажиллуулж л байгаа бол хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах ёстой. Гэвч энэ хууль тэдэнд огт хамаагүй бололтой.

Цайны газар, авто машин угаалга, үсчин гээд энэ олон газруудын хэд нь ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна вэ гэдгийг шалгах цаг аль хэдийн болчихож. Уг нь хуулинд эдгээр нөхдийг “заавал хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэж заасан нь учиртай. Энэхүү хууль угтаа бол зөвхөн ажилчны эрх ашгийг биш ажил олгогчийн эрх ашгийг ч давхар хамгаалдаг гэдгийг өнөөх “босс”-ууд ойлгодоггүй. Хөдөлмөрийн гэрээ угаас энэ жижиг газрууд байгуулдаггүй болохоор ажилд орж буй хүн нь үүнийг нэхэж чаддаггүй. “Ажилд авна” гэх зарын сонин сугавчилсан ажилтнууд сард хэдэн төгрөг өгөх юм бэ гэх ганц асуулт л асуудаг. Хэрэв хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэхийг асуувал тэрээр цайны газрын бэлтгэгч, авто угаалгын угаагчид “тэнцэхгүй хүн” гэж оношлуулаад, хөөгдөх нь холгүй гарах болно. Чамтай чамгүй, ажилд орох хүн олчихно гэж ширэв татна. Дараа нь гэрээ байгуулаагүй учраас ажил олгогч хүссэн цагтаа ажилчнаа хөөгөөд явуулч чадна, цалинг нь дутуу өгнө, илүү цагаар ажиллуулсныг тооцохгүй. Энэ бүхний цаана олон мянган энгийн ажилчид боолын эзэн гэж ойлгосон нөхдөд хөдөлмөрөө шулуулж байна. Туршилтын хугацаа гэж хэдэн өдөр үнэгүй ажиллуулчихаад өөр хүн авах болчихсон тухай хэлж дараагийн туршигчийг авчрах арга ч зарим нэг газарт зуршил болжээ. Энэхүү хууль бус үйлдэлдээ ажил олгогч ямар ч хариуцлага хүлээхгүй нь тодорхой.

Эдгээр газруудын ганц жишээ болох нэгэн хохирогч ажилчны гомдлыг уншвал энэ мэт газруудын ажил олгогчдын нийтлэг дүр харагдах аж. Уг гомдолд “Чингэлтэй дүүрэг 100-н айлын шинэ замд Үйлдвэрлэл урлалын дээд сургуулийн хойно байрлах ”Төгс” авто угаалгийн газар нь хүүхдүүдийн хөдөлмөрийг мөлжиж байна. Энэхүү газар нь зарын сонин дээр байр, унаа өдрийн хоолтой, цалин 450-600 төгрөг гэж ажилд аваад бичиг баримтыг нь хураан авч нэг машиныг бүтэн угаалгаад 25% нь та нарт өгч байна гээд сарын сүүлээр маш жаахан өгдөг. Цалин юун 450-600, Тэгээд тэр цалин өгдөг Жадамба гэх этгээд хүүхдүүдийн угаасан машиныг заримыг нь тэмдэглэхгүй байж байгаад өөрөө дундаас нь орлого олдог. Машин угаадаг хүүхдүүдээ өдөрт дор хаяж нэг хүн 10-н машин угааж байж өндөр цалин авна , та нар муу угаалаа гэж загнадаг. Нэг хүүхэд өдөрт яаж ч хичээгээд арван машин угааж амждаггүй. Бас заавал хорин өдөр ажиллаж байж 15 хоногийн цалин авдаг. Тэгэхээр 15 хоног ажиллаад гарах гэсэн хүн заавал 5 хоног сул ажиллаж өгөх хэрэгтэй болж байгаа юм. Хөдөлмөрийн гэрээ хийдэггүй. Илүү цагаар хонож ажилдаг , ажлын хангамж маш муу, хүйтэн усан дунд тавчиктай юмуу өөрсдийн гуталтай чийгтэй нөхцөлд ажилуулдаг. Ажилчидын хоолой өвдөх наад захын асуудал. Ажлын нөхцөл хүнд болохоор хүүхдүүд дундаас нь гардаг. Ажилласан хүүхдүүд арай гэж бичиг баримтаа аваад цалин авахгүй хохирдог. Тэгээд гарах гэхээр бичиг баримтыг нь буцааж өгөхгүй цалингүй зайлвал зайл эсвэл ахиад 10 хоног ажил гээд ажлаас гаргадаггүй” гэж.

Хүнийг ажиллуулж байгаа бол хөдөлмөрийг нь үнэлж сурах хэрэгтэй. Хууль хэрэгжүүлдэггүй энэ мэт жижиг газруудыг яаж хөдөлмөрийн хуулийн мэддэг болгох вэ. Хаа байна, тэр Хөдөлмөрийн гэрээ.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж