Т.Сугарсүрэн: Олимп шүүсэн шүүгчид ирсэн

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Т.Сугарсүрэн: Олимп шүүсэн шүүгчид ирсэн

Монголын сагсан бөмбөгийн холбоо нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгуулах гэж байгаа билээ. Цар хүрээгээрээ ази тивдээ эхний гуравт багтдаг нэр хүнд бүхий уг тэмцээнд азийн 16 орны шилдэг баг аваргын төлөө хүч үзэж байгаа билээ. Ингээд тус тэмцээнийг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Т.Сугарсүрэнтэй ярилцсан юм.

-Улаанбаатарт анх удаа ААШТ болж байна. Зохион байгуулалт, тэмцээний талаар сонирхуулахгүй юу?

-Азийн залуучуудын аварга шалгарулах сагсан бөмбөгийн 22 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 16-26-ны хооронд зохиогдож байна. Тэмцээн маань эхлээд ид дундаа ороод одоо сайхан жигдрээд явж байна. Зохион байгуулах хорооны хувьд 150 гаруй сайн дурынхан, өөрсдийн зохион байгуулах хорооны чиг үүргүүд хариуцсан менежерүүд, хамтран зохион байгуулагч, спонсорууд гээд маш олон хүний оролцоотойгоор энэ тэмцээнийг бид амжилттай эхлүүллээ. Нийтдээ 16 баг баг өрсөлдөж байна. Дээрээс нь шүүгчид, FBA, Азийн сагсан бөмбөгийн холбооны зөвлөлийн тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нар гээд 350 гаруй хүмүүсийг угтан авч, байрлуулж, хоололж, ундлан энэ тэмцээнд оролцуулж, энэ том үйл ажиллагааг зохион байгуулах хороо маань хийж байна. Эндээс маш их зүйл сурдаг юм байна. Бид нар дангаараа ийм хэмжээний том тэмцээнийг хийж чадахгүй. Спонсор, ивээн тэтгэгч, хамтран ажиллагсадын хүч дэмээр энэ том тэмцээнийг өөрийнхөө эх орондоо анх удаа зохион байгуулж байна.

-Эхний хэсгийн тоглолт өндөрлөн хоёрдугаар хэсгийн тоглолт боллоо. Финалын тоглолт хэзээ эхлэх вэ? Хэдэн баг өрсөлдөх үү?

-Тэмцээний хувьд зоны тоглолтууд үндсэндээ дуусч байгаа. Манай Монголын баг харамсалтайгаар Бахрейны багийг хожиж чадаагүй учраас доод талын дөрвөн байрны төлөөх тоглолтод шилжин 14 дүгээр байрыг эзэллээ. Бусад 12 баг маань дараагийн шатны шалгаруулалтад шат ахин оролцож байна. Пүрэв гаригт тамирчид нэг өдөр амраад баасан гаригаас тэмцээний хагас шигшээд өрсөлдөнө. Хагас шигшээд жинхэнэ багуудын халуун тулаан эхэлнэ.

-Хагас шигшээд хэдэн баг тоглох вэ?

-Хоёрдугаар шатанд шалгарсан 12 багаас дөрөв нь хасагдан хагас шигшээд найман баг өрсөлдөнө. Үлдсэн найман баг маань хэн медаль зүүх вэ гэдгээ шийднэ. Хамгийн сүүлд дөрвөн баг үлдэн алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Ингээд 26-нд шилгүүд нь тодорно.

-Одоогоор чансаагаараа ямар багууд тэмцээнийг тэргүүлж эхлэв. Аль баг аваргын төлөө өрсөлдөх магадлалтай байна?

-Одоогоор зохион байгуулах хороо, ажиглагчдын үзэж байгаагаар БНХАУ, БНСУ, Иран, Филиппиний багууд нэлээд хүчтэй өрсөлдөхөөр байна. Ялангуяа БНХАУ, БНСУ-гын багийг аваргын төлөө үлдэх бол уу гэдэг таамаглал байгаа. Тэдгээр тамирчдын ур чадвар, биеэ авч яваа байдал, багийн тоглолт, бэлтгэл зэрэг нь маш өндөр төвшинд хүрсэн юм байна. Энэ тэмцээний талаар зохион байгуулах хорооныхон хоороондоо толоомоор “арав хоногийн үнэ төлбөргүй сайхан сургалт явж байна” гэж ярьдаг юм. Бидний эх оронд ирээд, бидний талбай дээр, өмнө маань хийгдэж байгаа сургалт. Тийм болохоор үүнээс манай сагсан бөмбөг сонирхогчид, залуус, багш нар, лигийн тамирчид маань ирээд бид юуг олж харж, авч болох уу гэдгийг сайн бодоод өөрсдөдөө их туршлага хуримтлуулмаар байгаа юм. Гол нь Яармаг дахь Буянт-Ухаа спорт цогцолбор руу тоглолт болж байгаа өдрүүдэд Спортын төв ордоны урд талбайгаас үнэ төлбөргүй автобусаар үйлчилж байгаа. Энэ боломжийг ашиглаад тэдгээр Азидаа тэргүүлж байгаа том багуудын тоглолтыг дэргэдээс нь үзэх хэрэгтэй. Энэ бол Азийн 44 орноос шигшигдэн ирсэн 16 орны шилдэг багуудын тоглолт. Монголын баг бол зохион байгуулагч орныхоо хувьд давуу эрхээр энэ тэмцээнд орсон. Монголын баг шалгаруулалтаар хэзээ ч энэ тэмцээнд орж үзээгүй. Тиймээс энэ удаагийн монголын багт багтсан хүүхдүүдийг ч бид “анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ баг болон орж байгаа азтай хүүхдүүд” гэж ярьж байгаа.

-Азийн аварга шалгаруулах эрхийг олж авахад амаргүй байсан уу?

-Бид энэ эрхийг авах гэж нэлээн ажил болж, хөөцөлдсөн. Сагсан бөмбөгийн холбооны 50 жилийн ойн хүрээнд бид энэ ажлыг зохион байгуулсан. Манайд сагсан бөмбөг хөгжөөд 50 жил болсон ч бид өнөөдөр хөгжлийнхөөө ямар төвшинд байна. Бусад орнуудтай харьцуулахад бүгдээрээ нэг дүгнээд хараад үзчих ийм сайхан боломжийг олгож байгаа тэмцээн.

-Чансаагаараа Азид тэргүүлдэг энэ тэмцээнд Азийн шилдэг залуусаас хэн хэн өрсөлдөж байгаа вэ?

-Ер нь цар хүрээ, ач холбогдлынхоо хэмжээнд бол Азийн сагсан бөмбөгийн холбооны эхний дөрөвт ордог тэмцээний нэг. Энэ тэмцээний эхний дөрвөн байрт орсон багууд цаашдаа ирэх жил болох дэлхийн аваргад орох эрхээ авч, оноо цуглуулах хамгийн том тэмцээн. 18 нас бол тамирчин хүний хувьд ид нас байдаг. 19 гээд од болоод дэлхийн хэмжээний том тамирчин болоод эхэлдэг. Энэ тэмцээнд оролцож багйаа тамирчид бол ирээдүйн Азийн дүр төрх. Ялангуяа БНХАУ-ын багт байгаа хамгийн өндөр хоёр залуу бол олимпийн шигшээд багтсан, Азийн сагсан бөмбөгийн холбооны мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар цаашдаа NBA-д тоглох тоглогчид гэдэг юм билээ.  Хэдхэн жилийн өмнө БНХАУ-ын алдарт сагсчин Яо Мин энэ тэмцээнэс гарч байсан

-Тэмцээний дасгалжуулагч нарыг дурсахгүй өнгөрөхийн аргагүй юм. Ази төдийгүй дэлхийд данстай шүүгч нар ажиллаж байгаа гэсэн тийм ээ? 

-Тийм шүү. Монголд лиг болохоор шүүгчтэйгээ хэрэлдээд шүүгчийг л хараад байдаг. Энд болохоор шүүгч ерөөсөө байхгүй юм шиг бүх юм дүрэм, журмынхаа дагуу ямар ч маргаан, будлиан байхгүй. Тамирчид нь шүүгчдээ хүндэлдэг. Шүүгч нар нь маш өндөр төвшинд үлээдэг. Энд үлээж байгаа зарим шүүгчид маань шууд Лондон-2012 олимпиос ирсэн. Шүүгчид бол Азийн сагсан бөмбөгийн холбооны сертификатыг авсан “А” зэрэглэлийнх. Сагстай холбоотой бүх хүмүүс энэ тэмцээнийг үзээсэй, сураасай, жишгийг нь хараасай. Ядаж нэг авах зүйлүүдээ тогтоож, аваад өөр дээрээ хэрэгжүүлэн монголын сагсан бөмбөгт өөр уур амьсгал ороосой л гэж зохион байгуулагчдын зүгээс хүсч байгаа. Тоглолтын тасалбар 1000 төгрөг байгаа учраас энэ боломжийг ашиглах хэрэгтэй дээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж