Хуурах тактик уу, хуульчийн шалгалт уу?

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Хуурах тактик уу, хуульчийн шалгалт уу?

Эмч, хуульч хоёрыг хүний амьдралын хувь заяаг шийдэх чухал ач холбогдолтой албат гэдэг. Иймд энэ хариуцлагатай албыг хашихын тулд нарийн шүүлтүүр, шалгуурыг давах ёстой гэж аль ч улс оронд үздэг. Монголд өнөөдөр эрх зүйч гэх мэргэжилтнүүдийг цөөнгүй сургууль бэлтгэн гаргаж байгаа бөгөөд тэр олон эрх зүйчдийг жинхэнэ хуульч хэмээн хүлээн зөвшөөрөхийн тулд “Хуульчийн сонгон шалгаруулалт” гэх бие даасан шалгалт, зөвшөөрлийн систем бий болжээ. Гэвч энэ систем жил бүр алдсаар байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон Хуульчийн сонгон шалгаруулалт ч мөн адил өмнө гаргаж байсан алдаагаа давтлаа. Энэ шалгалтаар хуульчийн мэргэжлээр мэргэшсэн, чадвартай хүнийг үнэхээр сонгож чадав уу. эсвэл хуурах тактик, худлаа цээжилсэн нөхдийг тэнцүүлэв үү.

ТЕСТИЙН АЛДААТАЙ НОМ

Эхний гомдол шалгалтад зориулан гаргасан номноос эхлэв. Хуульчийн сонгон шалгаруулалтын энэхүү ном яагаад тестийн алдаа ихтэй, давхцалтай гарсан юм бол гэх бодол олон хуульчдад төрсөн гэнэ. Уг нь жил бүр хуулийн суурь агуулга, үзэл баримтлал өөрчлөгддөггүй болохоор өмнөх жил гаргаж байснаа шинэчлэн хэвлэхэд юунд нь алдаад байдаг нь даанч тодорхойгүй. Тодорхой хугацаанд шалгалт авна гэдгийг мэдсээр байж алдаатай ном гаргаж байгаа нь анхнаасаа хариуцлагагүй хандаж гэдгийг нь харуулна. Алдаатай хариутай ном гаргаад түүний дагуу дүнг үнэлнэ гэж буй тул шалгалт өгөгчид ойлгож бэлтгэхээс илүү цээжлэхийг илүүд үзнэ. 
 
Шалгалтын тестийн харьцаа мөн л “хуваарилалт шог байна” гэмээр байв. Дотоодод ажиллах эрх авах гэж буй хуульчдын хувьд олон улсын гэрээ, конвенци талаар давын түрүүнд шаардлагатай сорил нь мөн үү. Гэвч ирсэн асуултын багагүй хувийг ийм сорил эзэлж байв.  

БОДЛОГО БОДОХ ХУГАЦАА ДАВЧУУ

Иргэн, эрүү, нийтийн эрх зүйн тус тусын бодлогыг бодох хугацаа гуравхан цаг. Гэтэл их сургуулийн төгсөх шалгалтад ийм гурван бодлогыг бодох нийт хугацаа нь барагцаагаар зургаан цаг. Хуулийн нэг кейс, бодлого дээр ганц цаг ажиллаж, бодож бичнэ гэдэг нь даанч бага хугацаа гэдгийг ямар ч хуульч хэлнэ. Хуулийн бодлого бодох гэдэг нь зүгээр нэг хуулийн заалт тавьчихдаг зүйл биш гэдгийг эрхбиш шалгалтын комисс мэдэх биз. Ядаж байхад урд өдөр нь өнөөх шалгалтын бодлого нь задрав. Хуульч болохын тулд хууль бус зүйл хийж бодлого худалдаж авсан, задласан нь харамсмаар. Нууц зүйл нь хэт олон хүнд нууц биш болж задарсан тул шалгалтын өмнө бодлого сольсон тухай мэдэгдэж гал унтраах арга хэмжээ авав. Гэвч сольж оруулсан кейс нь тийм ч сайн байсангүй.      

“ШПИ” ҮРГЭЛЖИЛСЭЭР

Аргалуулж, арын хаалгадах хэдийгээр муухай зарим тохиолдолд аргагүйдэж  хүлцэх тохиолдол бий. Жишээлбэл, үүхдээ цэцэрлэгт оруулах гээд танил сураглаж яваа бол нэг хэрэг, харин хүүхдээ хуульчийн шалгалтад нь тэнцүүлэх арга саам хайж явааг хүлээн зөвшөөрөх боломгүй. Хувь заяатай холбоотой шийдэл гаргаж ажиллах хуульчийн шалгалтыг ар өврийн хаалгаар аргалуулах гэж байгаа нь харамсалтай. Ганц бодлого, хэдэн сорилын ард гарч чадахгүй хуульч хэрхэн хүний эрх чөлөө, эд мөнгөний хувь заяаг шийдэх билээ. Шалгалтын үеэр шалгалт авч буй багш нарт хуулагчдын үйлдлийг сануулан тэмдэглэгээ хийх эрх бий. Гэвч ийм эрхтэй багш нь өөрсдөө зарим нэгэнд шууд тусалж байх тохиолдол энэ удаагийн шалгалтад гарч. Өөрийнх нь хийсэн ажлыг үнэлж чадах хүнийг хэн илчлэх билээ. Ингээд л “шпи” үргэлжилнэ.  

ҮНЭ ЦЭНЭГҮЙ ГЭРЧИЛГЭЭ

Шалгалтыг өөрийг нь шалгууранд оруулахгүйгээр сайн хуульчдийг лицензжүүлж, хүлээн зөвшөөрнө гэх ойлголт байхгүй. Хуульчийн сонгон шалгаруулалтад оролцох хуульчдын хэн нь ч шалгалт хатуу байсан гээд гомдоллохгүй. Харин шударга бусаар шүүж, хуулж хуулбарласан нэгэн өөрөөс нь өндөр оноо авч тэнцвэл гомдоллоно. Задарсан тест, заалгаж бичүүлсэн хуулан бичигчид гэрчилгээ авах нь өөрөө нийгэмд гомдолтой. Нийгмийн эмч нар гэгддэг хуульчдаа ийм хуурах тактикаар сонгосоор байх уу, эсвэл Хуульчийн сонгон шалгалтаар шүүх үү?

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж