Соёлын өвөө хаяхгүй, хамгаална

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Соёлын өвөө хаяхгүй, хамгаална

Манай улс түүх, соёлын өв, дурсгалаа хадгалж, хамгаалах тал дээр хэнэггүй, хайхрамжгүй ханддагаас цөөнгүй дурсгалаа хил давуулахыг нь давуулж, хэмхэлж хаяхыг нь хаясан. Харин Тираннозавр Батаар гэгч олдвор алсын Америкт зарагдах гэж байна гэсэн сургаар дээр дооргүй анхаарлаа энэ зүгт хандуулах болсон билээ. Ер нь манай улсад сүүлийн жилүүдэд газар доорх баялгаа ил гаргах ажилд ханцуй шамлан орж, гадаад, дотоодыг нь ч ялгалгүй газар шороогоо ухуулж байгаа. Гэтэл энэ нь соёлын өв алдагдах нэгэн том шалтгаан болоод байгаа талаар эрдэмтэн, мэргэжилтнүүд, хууль хяналтын байгууллагынхан хэлж буй. Зөвхөн “Оюу толгой” төсөл хэрэгжиж эхэлснээс хойш нийтэд мэдээлснээр 80 гаруй палеонтологийн ховор сонин олдворууд олдсон гэж байгаа. Үүнээс үзэхэд манай улс ямар их соёлын дурсгалаа алдаж байгаа нь ойлгомжтой билээ. Тэгвэл энэхүү асуудалд анхаарал хандуулсан нэгэн хэлэлцүүлэг өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар "Иргэний танхим”-д болсон юм. Энэ хэлэлцүүлгээр Соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, ялангуяа палеонтологийн олдворыг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар санал бодлоо хэлж, цаашид юу хийхээ ярилцсан. Үүнд Салбарын яам, Соёл урлагийн хороо, Палеонтологийн төв, Байгалийн түүхийн музей, шүүх, прокурор, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгчид, гадаадын эрдэмтэн судлаачид оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Соёлын өвийн хяналтын байцаагч Ц.Цэндсүрэнтэй ярилцлаа.

-Соёлын өвийг хамгаалах хамгийн оновчтой арга юу юм бол?

Соёлын өвийг хадгалж байгаа байгууллага заавал бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай байх шаардлагатай. Манай улсад МУИС-ийн археологийн музей өөрийн гэсэн бүртгэлтэй. Одоогоор мэргэжлийн үндсэн дээр нэгдсэн нэг санд төвлөрүүлдэг нарийвчилсан сан палеонтологийн төвөөс өөр газар байхгүй л дээ.

-Мэргэжлийн хүний хувьд Тираннозавр Батаарыг яг ямар замаар гарсан гэж үздэг байгаа вэ?

-Энэ бол ойлгомжтой хууль бусаар гарсан.

-Мэргэжлийн хүн хийсэн болов уу?

Тэр талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж ямар нэгэн хэмжээгээр тодорхой мэдлэгтэй, гадагшаа гаргах нүх сүвтэй, санхүүгийн хувьд чадамжтай хүн л хийсэн байх.

-Хэлэлцүүлэг дээр гадаадын эрдэмтэн цавуугаар палеонтологийн олдворыг нааснаас болж сөрөг үр дагавар гардаг гэж байсан. Энэ талаар тодруулаач?

-Хууль бус малтлага хийж байгаа хүмүүс цавуу гэх мэтчилэн зүйлсийг хэрэглэх нь элбэг байдаг. Энэ нь их хор хохирол учруулдаг. Хэдэн жилийн өмнө тираннозаврын толгойг хууль бусаар олсныг Тагнуулын ерөнхий газрынхан илрүүлж байсан. Гэтэл тэдгээр хүмүүсийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар 50 мянган төгрөгөөр торгоод явуулсан. Харин толгойг нь палеонтологийн төвд акт бичүүлж шилжүүлсэн ч цавуугаар наасан толгой нь салж, ямар ч хэрэггүй болсон жишээ бий. Энэ мэтчилэн дурсгалуудыг устгасан тохиолдол олон. Нөгөөтэйгүүр энэ нь шинжлэх ухааны үнэ цэнийг үгүйсгэж байгаа хэрэг юм.

-Хууль бус малтлага хийдэг этгээдүүдийг илрүүлэх ажил ямар түвшинд байгаа вэ?

-Уг нь ард иргэдээс цагдаа, хууль хяналтын байгууллагад мэдээлэл өгдөг. Хэрэг үүсч ял авсан хүн ч байдаг.

Ч.Бат

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж