Хэлэлцүүлгийн үеэр Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Соёлын өвийн хяналтын байцаагч Ц.Цэндсүрэнтэй ярилцлаа.
-Соёлын өвийг хамгаалах хамгийн оновчтой арга юу юм бол?
Соёлын өвийг хадгалж байгаа байгууллага заавал бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай байх шаардлагатай. Манай улсад МУИС-ийн археологийн музей өөрийн гэсэн бүртгэлтэй. Одоогоор мэргэжлийн үндсэн дээр нэгдсэн нэг санд төвлөрүүлдэг нарийвчилсан сан палеонтологийн төвөөс өөр газар байхгүй л дээ.
-Мэргэжлийн хүний хувьд Тираннозавр Батаарыг яг ямар замаар гарсан гэж үздэг байгаа вэ?
-Энэ бол ойлгомжтой хууль бусаар гарсан.
-Мэргэжлийн хүн хийсэн болов уу?
Тэр талаар нарийн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж ямар нэгэн хэмжээгээр тодорхой мэдлэгтэй, гадагшаа гаргах нүх сүвтэй, санхүүгийн хувьд чадамжтай хүн л хийсэн байх.
-Хэлэлцүүлэг дээр гадаадын эрдэмтэн цавуугаар палеонтологийн олдворыг нааснаас болж сөрөг үр дагавар гардаг гэж байсан. Энэ талаар тодруулаач?
-Хууль бус малтлага хийж байгаа хүмүүс цавуу гэх мэтчилэн зүйлсийг хэрэглэх нь элбэг байдаг. Энэ нь их хор хохирол учруулдаг. Хэдэн жилийн өмнө тираннозаврын толгойг хууль бусаар олсныг Тагнуулын ерөнхий газрынхан илрүүлж байсан. Гэтэл тэдгээр хүмүүсийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар 50 мянган төгрөгөөр торгоод явуулсан. Харин толгойг нь палеонтологийн төвд акт бичүүлж шилжүүлсэн ч цавуугаар наасан толгой нь салж, ямар ч хэрэггүй болсон жишээ бий. Энэ мэтчилэн дурсгалуудыг устгасан тохиолдол олон. Нөгөөтэйгүүр энэ нь шинжлэх ухааны үнэ цэнийг үгүйсгэж байгаа хэрэг юм.
-Хууль бус малтлага хийдэг этгээдүүдийг илрүүлэх ажил ямар түвшинд байгаа вэ?
-Уг нь ард иргэдээс цагдаа, хууль хяналтын байгууллагад мэдээлэл өгдөг. Хэрэг үүсч ял авсан хүн ч байдаг.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин