Хөвсгөл аймгийн Жаргалант суманд идэр бүсийн “Их жаргалант хурд” наадам болж Завхан, Архангай, Хөвсгөл гэсэн 3 аймгийн 12 сумын 300 гаруй хурдан морь уралдан улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 128 бөх барилджээ. Тус наадамд МУ-ын Б.Баянмөнх тэргүүтэй хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдсанаас Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул аймгийн арслан Ганхуяг түрүүлж наадамчин олныг баясгалаа. Харин их насны морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Л.Төмөрбаатарын цоохор, дааганы уралдаанд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Ч.Намжидцэрэнгийн хул, хязаалангийн уралдаанд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяачийн уясан Л.Энх-Амгалангийн хүрэн тус тус түрүүлж наадамчин олныг баясгалаа. Тус наадмыг Жаргалант сумын хүн эмнэлгийн анхны эрхлэгч Ц.Түмэн-Аюуш агсны үр хүүхдүүд ивээн тэтгэн хурдан морьдын түрүү бүрийг мотоциклоор байлжээ. Хойморь нутгийн нар хур тэгширсэн намрын өдрүүдийн энэ жилийн баяр наадам идэр бүсийн “Их жаргалант хурд” наадмаар ийнхүү өндөрлөж байна.
Б.Гантуяа /Хөвсгөл/