Холын нэгэн гийчин нь Б.Төмөрбаатар гуайд Булган хотын тарьмал модод, ногоон
байгууламжийн талаар ингэж ярьжээ. Нээрэн тийм шүү гэх бодол төрөв. Зарим зүйлд
дасал болчихоор муухайг нь ч тоодоггүй, сайхныг нь ч олж харж анзаардаггүй
бололтой юм уу даа.
Уулын модыг “нүүлгэж” урсгал голыг
“салаалсан” ахмадууд
Аливаа зүйл үүх түүхтэй байдаг жамаар Булган хот ийнхүү сайхан ногоон
байгууламжтай болсон “түүх” бий. Тэр бол энд ажиллаж амьдарч байсан ахмадуудын
маань хойч үедээ үлдээсэн үлгэр дууриал хэмээн дунд насныхан бахархдаг нь яах
аргагүй үнэн. Аймаг байгуулагдсаны дараахнаас л Булган хотдоо мод тарих ажлыг
эхэлсэн хэмээн настангууд хуучилж байна. Ахмадуудын тэрхүү яриаг түүхэн зарим
номонд энэ талаар товч дурдсан баримт батална. Ганцхан баримт хэлэхэд 1954 онд
Булган хотыг цэцэрлэгжүүлэх хөдөлгөөн өрнүүлж нэг өдрийн бүх нийтийн ажил, тэр
үеийн хэллэгээр бол өргөн “субботник” хийж 3000 гаруй мод тарьжээ. Ингэж
өнөөгийн хоёр төв цэцэрлэгийн эхлэл бий болсон байна. Жил жилд л цэцэрлэгжүүлэх
ажил өрнүүлсээр ирсэн. Уулнаас авчирч суулгасан зулзаган моднуудаа ургуулж
тордохын тулд их хөдөлмөрлөсөн гэдэг. Аймгийн төвийн баруун хэсэг дэх Хужир
толгойн орчмоос Ачуут голын усыг шуудаагаар татан төв цэцэрлэгүүд дундуур
урсгадаг болсон. Одоотой адил машин техникийн хүчээр биш, хүрз жоотуу барьсан
нийтийн оролцоогоор хийсэн гэдэг. Ойролцоогоор хоёр км гаруй урт шуудуугаар
горхи адил жиргэнэн урсах тэр ус цэцэрлэгүүдийн хөрсийг голын зүлэг адил
чийгшүүлнэ. Иргэд, байгууллагууд шинээр суулгасан мод бутаа тэр шуудууны уснаас
хувин саваар авч усалж арчилна. Олны энэ хөдөлмөррийн үрээр бараг тарьсан,
суулгасан бүхэн урган төлжжээ. Мөн он удаан жилийг элээсэн “ахмад” моднудыг
хатаж муудах, хортон шавьжинд идүүлэхээс сэргийлэн зарим том хот суурины
жишгээр доод хэсгийг нь шохойдон хамгаалах арга хэмжээ авдаг боллоо.
Уулын модыг “нүүлгэж”, урсгал голыг “салаалж” нийтийн хүчээр бий болгосон тэр
сайхан цэцэрлэг дунд нутгийн уугуул уран барималч Г.Мижир, Д.Гомбо нар нэг
хэсэгт нь эрийн гурван наадмыг билэгдэн бөхийн барилдаан, сурын харваа, хурдан
морины уралдааны баримал, нөгөө хэсэгт монгол ахуйн уламжлалт зан үйл
илэрхийлсэн хонины ноос хяргаж, ямааны ноолуур самнаж байгаа үйл ажиллагаа,
омголон бухны мөргөлдөөн, орсон буурны ноцолдоон, ороо эмнэг уургалалт
харуулсан баримлуудыг 1958 онд урлан бүтээсэн нь одоо ч бий. Эдгээр баримлыг
өргөтгөн аймгаасаа төрсөн улсын баатруудын өндөрлөг, сансрын нислэлгийн
дурсгалын багана босгож, үндэсний бөхийн аваргуудын хөшөөний цогцолбор бүхий
талбай байгуулсан нь зочин гийчний эрхэмлэн үзэх зүйл болохын зэрэгцээ
алдартнуудаа дээдлэх бахархал төрүүлж байна. Мөн улс төрийн хэрэгт хилсээр
хэлмэгдэгсдийн хүндэтгэлийн өндөрлөгийг энэ жил байрлуулан тохижуулаад
байна.
Дэлийг нь зассан морьд адил
Булган хот
дахь автомашины төв болон урьд тойргийн зам дагуу өндөр өндөр ногоон модод
сүглийнэ. Ялангуяа “Магсаржав” буюу төв гудамжинд ногоон модгүй газар бараг
байхгүй гэж болно. Зарим байгууллагыг хүн асуухаар зааж өгөх гэхэд мод нь
халхалчихаад байшин нь харагдахгүй шахам. Ихэнх хэсэгтээ шинэс болон навчит
модны, мөн шар хуас зэрэг чимэглэлийн модны давхар эгнээтэй. Тодруулан хэлбэл,
гудамж дагуулан тарьсан хар мод улиас дэргэдэх байшингуудаас өндөр сүглийн
байхад автомашин явган, хүний замын хоорон дахь жижиг хашаатай чимэглэлийн мод
атаархмаар сайхан ургадаг. Зундаа тохижилт үйлчилгээний ангийн нийтийн
эзэмшлийн зам талбайн үйлчлэгчид буюу “цэцэрлэгчид” танаж тайрахаар
дэлийг нь засчигчих хүлэг морьд шиг дэгжин харагдахыг яана.
Мөн зарим
байгууллагыг модон дунд байдаг гэсэн ч болно. Нэгдсэн эмнэлгийн урд, баруун,
зүүн тал нь өндөр сайхан ногоон модтой. Эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын газар,
хүүхдийн төлөө хэлтэс, номын сан, музей зэрэг байгууллагын ойр орчим мөн л
тийм. Сүүлийн жилд онцгой байдлын газар, цагдаа, татварын хэлтэс зэрэг
байгууллага шинэ залуу моднууд тарьж хавь ойрдоо ногоон орчин бий болгоод
байна. Зарим нь тарьсан модон дундаа сүүдрэвч сандал суудал, мөн зарим
барималтай ч болсон нь сайхан санагддаг. Ялангуяа боловсрл, соёлын газар ногоон
байгуулмж бүрдүүлснээрээ бусдад үлгэр болж байна. Тэд хашааныхаа захаар
чимэглэлийн мод тарьж сайтар усалж тордон сайхан ургуулж, тэдгээрийгээ Энэтхэг
зэрэг халуун орных шиг бөмбийлгөн засдаг болсон нь үнэхээр сайхан. Жимсний тарьсан
мод ч бий. Мөн хашаан дотроо бараг сул зай үлдээлгүй шахам өнгө өнгийн цэцэгс
алаглуулан ургуулдаг болоод байна.
“Завтай болоод морьтой болоосой”
Их зохиолч
Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэгт ийм нэгэн өгүүлбэр байдаг даа.
Булган хот төв хоёр цэцэрлэгтэй. Ажлын далим буюу зам дагуу тэдгээийн аль
нэгийн дундуур явахад завтайсан бол модон дотор ногоон дунд түр зуур ч гэсэн
өнхрөөд өгмөөр санагдах нь алийг тэр гэхэв. Улам олшруулж өтгөрүүлэхийн тулд
жилийн жилд зулзаган шинэс тарьдаг. Харин тэр бүр арчлан тордоогүйгээс бүрэн
гүйцэт ургаж чаддагүй, заримыг “хотын мал” амтархан идчихдэг тул хавар намрын
хөдөлмөр талаар өнгөрөхөд хүрдэг. Иймд сүүлийн жилд цэцэрлэгийн эргэн тойрны
хашааг өндөрсгөн хаалга үүдийг нь бэхлэхэд нэлээд анхаарсан нь үр дүнгээ өгч
байна.
Төв
цэцэрлэгүүдийн тарьсан модны арчилгаа сүүлийн жилд эрс сайжирсан гэж болно. Энэ
талаар зарим жишээ татъя. Тохижилт үйлчилгээний ангиас хариуцан хавар намар
суулгасан зулзаган шинэсээ явган хашилтаар хамгаалдаг. Нийтийн эзэмшлийн зам талбайн
үйлчлэгч нарт хариуцуулдаг. Цэцэрлэг дотор хоёр газар гар худаг гаргасан. Мөн
шинээр байгуулах гэж байгаа “Хүүхдийн инээмсэглэл” цэцэрлэгт хүрээлэнд гадаадын
төслийн туслалцаатайгаар гүн өрмийн худаг гаргуулан түүнээс зөөврийн машинаар
ус авч шинээр тарьсан моднуудыг сайтар усалдаг болсон. Төв цэцэрлэгүүдийн зарим
хэсгийг явган хүний засмал замтай болгосон. Тэдгээр замыг иргэд байнга явж жим
зөрөг гаргасан хэсгүүдийг сонгон тавьсан байна. Ингэснээр цэцэрлэгүүдэд хүмүүс
хаа хамаагүй явж зүлэг ногоо, мод гэмтээх явдал багаслаа.
Сүүлийн жилд
төв цэцэрлэгүүдийн захаар хашааг нь дагуулан чимэглэлийн модны суулгацыг
эгнээгээр цувуулан суулгасан. Түрүүч нь сайхан ургаж эхэллээ. Удалгүй өндөрсч
сагсайн ургаад ирэхээр төв цэцэрлэгүүд сайхан ногоон тойруулгатай болно. Ийнхүү
жилээс жилд сайхан болж байна.
Энэ мэт
сайхан жишээ олоныг хэлж болно. Булган хотын төв цэцэрлэгүүдийн ногоон төгөл
сэтгэл хорогдом мөн ч сайхан шүү. Ажил багахан, завтайхан бол . .
Ж.Мөнх-Очир /Булган/