
Мал, амьтнаас хүнд халдварладаг зооноз өвчин нь дан ганц манай оронд бус дэлхийн нийтийн анхаарлыг татсаар байгаа аж. Ялангуяа мал, хачиг, хувалз зэрэг шимэгч амьтдаас хүнд халдвар дамжуулах эрсдэл улам нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэллээ. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байгаа юм байна. Байгаль экологи, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор халдвар дамжуулагч амьтад мөн хувьсан өөрчлөгдөж, амьдрах чадвараа өөрчилдөг байна. Үүний цаана нянгийн өөрчлөлт бий болж, мал, амьтнаас хүнд, дараа нь хүнээс хүнд дамждаг болсон байна.
Халдвар тархалтын эрсдэл нэмэгддэг энэ үеэр хэрхэн ажиллаж байгаагаа Зоонозын өвчин судлалын төвийнхэн сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Тус төв үйл ажиллагаагаа өргөжүүлж, өргөжүүлж хөдөө орон нутаг, аймаг сумдад салбар төвүүдийг байгуулж буй юм байна. Халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр улсын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байгааг тус төвийн эмч, мэргэжилтнүүд хэлээд цаашид эрдэм шинжилгээ, судалгаа, практик, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах шаардлага тулгарч байгааг онцолсон юм.