Мөрөөдлөөс илүүд хөтөлсөн Discover Mongolia

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Мөрөөдлөөс илүүд хөтөлсөн Discover Mongolia

Одоогоос 10 жилийн өмнө Монголын эрдэс баялгийн салбарыг дэлхийд таниулах  зорилготойгоор “Дисковер Монгол” чуулга уулзалтыг эхлүүлсэн түүхтэй. Өдгөө хөрөнгө оруулагчдын дунд энэ нэр брэнд болж, олон улсын хэмжээний чуулган болтлоо өргөжжээ. Зохион байгуулах хорооны гишүүн, MIH группын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

Таныг Ашигт малтмалын газрын даргын албыг хашиж байх үед “Дисковер Монгол” анхны чуулга уулзалт зохион байгуулагдаж байжээ. Тэр үед Монголын уул уурхайн салбарын хөгжил ямар түвшинд байсан бол?

Тэр үеийн хөрөнгө оруулагчдын жагсаалтыг өнөөгийн Монголд байгаа компаниудын нэрстэй харьцуулахад 5-6 дахин бага,  чанартай нь цөөхөн байж. Хайгуулын ажил руу голлон сонирхлоо хандуулсан Канад, Австралийн “жуниор” компаниудаас тэрхүү жагсаалт бүрдсэн санагдана. Оюутолгой орд дөнгөж нээгдсэн үе байлаа. Тиймээс хөрөнгө оруулалтыг гаднаас татахаас өөр аргагүй байв.

Тухайн үеийн төрийн зүтгэлтнүүдийн олон жилийн нөр хөдөлмөрийн үр дүнд цаашид эдийн засгийг авч явах салбар маань яах аргагүй уул уурхай гэдэг дээр санал нэгдэж,  гадаадын хөрөнгө оруулалтыг татах алхмууд хийгдсэн. 1997 онд М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа Дэлхийн банкныхантай ярилцаж, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ хэмээн тусгай Зөвлөх уриад, Монголд Ажлын хэсэг байгуулан Ашигт малтмалын тухай өнөөх “алдарт” хуулийг гаргаж анх батлуулсан юм.

Монголдоо хөрөнгө оруулалтыг татах нь хуулийн гол зорилго гэж бид ярьдаг байлаа. “Хоёр дахь Эрдэнэтийг Монголд нээчихвэл энэ хуулийн маань гол зорилго биелчихнэ дээ”, “Дэлхийн хэмжээнд хайгуулын ажилд 5-6 тэрбум ам.доллар зарцуулагддаг. Үүний ганц хувийг л Монголдоо татчих юмсан” гэж мөрөөдөж явлаа шүү дээ.

Уул уурхайн салбарт өдгөө зохион байгуулагдаж буй олон хурлын талаар Та юу хэлэх вэ? “Дисковер Монгол” чуулга юугаараа ялгардаг вэ? 

Зах зээл хөгжсөн орнуудад олон нийтийг хамарсан арга хэмжээ, чуулга уулзалт бизнесийн нэг хэлбэр болдог. Бидний хувьд “Дисковер Монгол” чуулганыг олон улсын жишигт нийцсэн өндөр түвшинд анхнаас нь зохион байгуулахсан гэсэн эрмэлзэл тээж ирсэн. Чуулга уулзалтаас орж ирэх аливаа хөрөнгийг дотооддоо үлдээнэ гэж эхнээсээ зорьсон зэрэг бидний эрмэлзэл их тодорхой явж ирсэн. Харин өнөөдөр бол олон нийтийг хамарсан ийм төрлийн арга хэмжээгээр хялбархан мөнгө олох гэсэн оролдлогууд их гардаг болсон байна.  “Дисковер Монгол” чуулга уулзалт нь өөрийн гэсэн тогтсон ёс жаягтай, түүндээ захирагдаж явдаг. Бүс нутаг, олон улсын хэмжээнд нэр хүндтэй, хэлсэн үг нь тухайн салбарын хэмжээнд жин дарах тийм л хүмүүсийг урьж, илтгэлийг нь сонсгох юмсан гэж зорьдог. Энэ удаагийн Discover Mongolia 2012 чуулган дээр БНСУ, Японы томоохон Судалгааны хүрээлэнгийн Захирлууд ирж илтгэл тавина. Мөн Хятад, ОХУ-аас ч ийм хэмжээний хүмүүс хүрэлцэн ирнэ.

Манай уул уурхайн асуудал зөвхөн Монголын хэмжээнд яригдахаа больсон гэж ойлгож болох  уу?

Тэгэлгүй яахав. Монгол улс дэлхийн эдийн засгийн нэг хэсэг нь бөгөөд тодруулбал, Зүүн хойд Азийн нөлөө бүхий тоглогчийн нэг болсон. Зөвхөн алт, нүүрсээ зарснаараа бүс нутагтаа томоохон тоглогч болно гэвэл түүн шиг эндүүрэл үгүй. Монголын алт, зэсгүйгээр дэлхий цаашид ч хөгжинө. Гэхдээ өнөөдрийг хүртэл Монгол улсын явуулж ирсэн бодлогын дүнд гадаадын хөрөнгө оруулалт идэвхжсэн. Яг л энэ бодлогын үр дүнд томоохон орд газруудыг эзэмших үйл ажиллагаа өрнөж байна. Энэ нь Монгол улсын түүхэнд тохиож буй сайхан боломжийн нэг юм. Энэ жилийн “Дисковер Монгол” чуулга уулзалтын үеэр бүс нутгийн асуудал ихээхэн яригдана. Монголын давуу талыг хэрхэн бүс нутгийн хэмжээнд давуу тал болгох вэ, өөрсдийн эдийн засгийг бүс нутгийн эдийн засгийн хэрэгцээ нийлүүлэлттэй хэрхэн уялдуулан хамаатуулах вэ? Тээвэр, холбооноос авахуулаад мэдээлэл харилцаа, санхүүгийн үйлчилгээ гээд бүх зүйл хүссэн хүсээгүй дэлхийн эдийн засагтайгаа уялдаж эхэлж байна. Тиймээс ирээдүйд хамгийн зөв байршил юу байхав гэдгийг тогтож яриа цаг болсон. ”Дисковер Монгол” чуулга уулзалтаас энэ чиглэлийн нэлээд чанартай, хэрэгтэй мэдээллүүдийг олж авах боломжтой.

2012 оны Парламентын сонгуулийн дүнд бүрдсэн Эвслийн шинэ Засгийн газрын бодлого ямар байх бол? Ялангуяа уул уурхайн салбарт баримтлах бодлого хэрхэн өөрчлөгдөх бол гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдад байна?

Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүний үнэ өндөр болохоор “Миний газар шороо, миний эх орон. Бид нар хамгаална, өмгөөлнө“ гээд л хаа сайгүй “ардын баатар”-ууд их гарч ирдэг юм байна. Үүний тод  жишээ өнгөрсөн зургадугаар сард болсон сонгуулийн үеэр их тод харагдлаа шүү дээ.  Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудаа “хөлжиж баяжиж, Монголыг мөлжиж байна” гэх зэрэг элдвээр хэлэв. Популизмд нэвт автсан эмгэнэлтэй үйл явдал.

Ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүний үнэ үргэлж ийм өндөр байдаггүй. Сүүлийн хэдэн жилд Хятадын эдийн засгийн өсөлтийг дагаад үнэ өндөр болсон юм.  Өнөөдөр дэлхийн судалгаа шинжилгээний байгууллага, банкуудын үнэлгээнээс харахад бүгд л Хятадын эдийн засаг саарч буйг анхааруулдаг. Гэтэл бид дотроо хөрөнгө оруулагчдаа “ад үзэж” зохиомол дайсан болгочихоод дайрч давшилцгааж байна.  Гэхдээ найдаж буй зүйл нь нийгэм маань бас ч гэж эрүүл байна. Хэн нь хоосон популизм хийдгийг, хэн нь хөлс хүч гарган хөдөлмөрлөдгийг хүмүүс ялгадаг болсон гэдэгт итгэж байна аа. 

Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гарсны дараа Монголын орд газруудын хувьцааны үнэлгээ огцом унаж эхэлсэн. Цаашдын үр дагаврыг Та хэрхэн харж байна вэ?

Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг нэлээд судалж үзсэн. Эсэргүүцэх нь гол зүйл биш юм. Монгол хүн бүр болж буй, болохгүй байгаа зүйлээ ярилцах хэрэгтэй. Хуульд “Хүн амын үндсэн хэрэгцээг хангахуйц…. стратегийн салбарыг …..стратегийн салбар гэнэ” гэж тодорхойлсон. Энэ нь “Улаан өнгийг улаан өнгө гэнэ” гэдэгтэй яг ижил юм.

Хүн амын үндсэн хэрэгцээ гэж юуг хэлж байгаа юм? Хоол хүнс, бараа материал, агаар  ус уу? Тэгвэл хүн амын үндсэн хэрэгцээ гэдэгт бүх л зүйл орно. Ингээд үзэхээр стратегийн ангилалд орохгүй салбар гэж алга. Төрийн өмчийн оролцоотой,  гадаадын нөлөө бүхий компаниудын сөрөг үйлдлээс улс орныхоо амин чухал, онцгой эрх ашиг сонирхлыг хамгаалах нь зүй ёсны хэрэг. Тэгвэл шинэ хууль үүнд нийцэж байна уу гэвэл ҮГҮЙ гэж хэлнэ. Эрх зүйн актын хувьд ямар ч асуудлыг зохицуулах чадваргүй,  харин ч төрийн түшмэд авлига авах үүд хаалгыг нь нээж өгсөн хууль гарсан. Гадаадын төрийн өмчийн оролцоотой компаниуд Монголд орж ирснээр үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, хаах эрх зүйн акт болж чадаагүй. 

Шинэ Парламентын гишүүд чуулга уулзалтад маань ирээд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын үгийг сонсож үзмээр байгаа юм. Аль аль талаасаа өөр өөрийн сонирхолтой. Төрийн бодлого тодорхойлогчид эдгээр сонирхлыг зөв хослуулсан шийдлүүдийг гаргах боломжийг ирж сонсоно гэж найдаж байна.    
   
Discover Mongolia чуулга уулзалт анх нээгдсэн 10 жилийн тэртээ уул уурхайн салбарын мэргэжилтнүүд маань ирээдүйгээ хэрхэн харж байсан нь сонин?

“Монгол улсын эдийн засаг урьд өмнө үзэгдээгүй хөгжлийн түвшинд хүрэх гэж буй тул үүнд дэд бүтцээ бэлдэх хэрэгтэй” гэсэн дүгнэлтэд 2004 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хүрсэн юм. Үүнийгээ тайлан болгоод Засгийн газар, Яам руу хүргүүлж байлаа. Харамсалтай нь тэр үеэс уул уурхайг тойрсон хийрхлүүд эхэлсэн. Дэлхийн зах зээл дэх байгалийн түүхий эдийн үнэ өсч байв. Тэр үед бид Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлтийг даруу, дунд, мөрөөдлийн гэсэн гурван хувилбараар тодорхойлж гаргасан. Өнгөрсөн жилийн “Дисковер Монгол” чуулга уулзалтын үеэр би илтгэл тавихдаа  тэдгээр тоо баримтуудаа эргээд харахад гайхалтай санагдаж билээ. Учир нь, өнөөдрийн Монгол улсын хүрсэн түвшин бидний 2004 онд тооцоолсон “мөрөөдлийн хувилбар”-аас давчихсан байна. Ийм өргөн боломж биднийг угтаж буйг тэр их хэл ам дагуулсан он жилүүдэд урьдчилан харж байсан нь сайхан санагдаж билээ.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж