Хачигт хазуулаад удвал үхлийн аюулд ч хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Хачигт хазуулаад удвал үхлийн аюулд ч хүргэнэ

Хүмүүс дулааны улиралд хөдөө нутгаар амарч, зугаалж чөлөөт цагаа
өнгөрүүлэхээс гадна ойт хээр газраар явж жимс ногоо болон төрөл бүрийн
ашигт ургамал түүх нь элбэг байдаг. Харин энэ үед ойн болон бэлчээрийн
хачигны идэвхжил давхацдаг. Хачиг 11 дүгээр сард ичиж, гуравдугаар
сараас хөдөлгөөнд ордог. Иймээс хачигны халдварын талаар ХӨСҮТ-ийн мал
амьтнаар дамжин халдварлах тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор,
клиникийн профессор Ж.Батаатай ярилцлаа.

-Манай оронд хэр олон төрлийн хачиг байдаг вэ. Ихэвчлэн хаагуур тархдаг вэ?

-Дэлхий дээр нийт 3000 орчим зүйлийн хачиг байдаг. Одоогоор эрдэмтэд энэ
төрөл 30 төрлийн өвчин эмгэг үүсгэх боломжтойг тогтоогоод байгаа.
Тэдгээрээс манай оронд 45 зүйл буюу ойн болон бэлчээрмалын-ийн хачиг
хамгийн элбэг. Ойн хачиг нь хус болон хар мод ихээр ургасан Сэлэнгэ,
Орхон, Хэнтий, Булган зэрэг ой ихтэй нутгаар элбэг байдаг. Гэхдээ зөвхөн
тэнд л байдаг гэсэн үг биш. Ерөнхийдөө ой мод ихтэй газар ойн хачиг
бий. Харин бэлчээрийн буюу малын ха­чиг нь тал хээр газар харьцангуй
тархалт багатай бай­даг. Өнөөдрийн байдлаар манай улсад хачигнаас
үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдоод байгаа.

-Ямар өвчнүүд юм бол?

-Эхнийх нь хачигт энцефалит. Энэ өвчин нь хүн, амьтанд цусан дахь
вирусээр дамждаг. Хүний мэдрэлийн эд эсийг сонгож гэмтээдэг. Хачигт
хазуулсны дараа ихэвчлэн 3-21нууц үе хоногт бие суларч, толгой хүчтэй
өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг
эрхтэн мэдээгүй болж саажих, удаан хугацаагаар унтах зэрэг шинж тэмдгүүд
илэрдэг. Зарим тохиолдолд ухаан алдаж ч унадаг. Хачигт энцефалитын
эсрэг вакциныг хавар, намрын улиралд тариулж, уг өвчнөөс урьдчилан
сэргийлэх боломжтой. Хэрэв вакцинжуулалтад хамрагдаагүй бол голомтод
орох бас хазуулсан нөхцөлд энэ өвчний эсрэг өвөрмөц иммуноглобулин
тариулдаг. Түүнчлэн иодантипирин, реамбирин эсрэг вирусийн эмүүдийг
хэрэглэж болно.

Дараагийн өвчин нь хачигт боррелиоз. Үүсгэгч нь боррели гэдэг нян. Хүний
мэдрэлийн тогтолцоо, арьс, зүрх судас, үе мөч, тулгуур зэрэг эрхтэн
системийг сонгомлоор гэмтээдэг хор хөнөөл ихтэй. Хачигт ха­зуулсны дараа
бие сулрах, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, зүрх, үе мөчөөр өвдөх,
арьсаар цагирган хэлбэрийн том, цөөн тууралт гарах, хэл цайвар өнгөртэй
болж нүүр, гар, хөл саажих зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Оношлогдоод
байгаа бас нэг өвчин нь бэлчээрийн хачгаар дамжигдан өвчлөл үүсгэдэг
хачигт риккетсиоз юм. Хачигт боррелиоз, ха­чигт риккетсиозоос сэргийлэх
дархлаажуулалт байдаггүй. Харин хачигт ха­зуулсан эхний гурав хоногт
багтаж цифрофлощсацин, доксициклин зэрэг эмийг ууж сэргийлж болдог.
Түүнчлэн энэ хоёр өвчнөөс амокциллин, амнициллин, пенциллин зэргийг
эмчийн заавраар ууж сэргийлэх боломжтой.

-Хачгийн халдвар хүнд хэрхэн дамждаг юм бэ?

-Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь
ойн хачиг. Хачиг хүнийг хазах үед вирус, нян зэрэг үүсгэгч хүний цусанд
орсны улмаас халдвар үүснэ. Нэг хачиг дунджаар дээрх 30 төрлөөс долоон
өвчнийг үүсгэх боломжтой гэсэн судалгаа бий. Хэрэв өвчин үүсгэгч
агуулсан мал, амьтан хазсан хачиг нь хүнийг хазахад цусаар дамжин тэрхүү
өвч­ний халдвар биед орно гэсэн үг. Хэдий бүх хачиг халдваргүй ч таван
хачигны нэг нь өвчин үүсгэгч вирус, нян тээж байдаг. Түүнчлэн хачиг
салхины нөлөөгөөр агаарт нисч явдаг. Хэрэв тэр замд нь хүн, амь­тан
таарвал шигдэж, шимэгчилдэг. Салхинд хийсч яваад хүн, амьтан дээр
уна­даг учир хүмүүс хачгийг тэнгэрээс унадаг хэмээдэг.

-Хачигнаас гадна өөр ямар нэгэн зүйлд дээрх өвчнийг үүсгэгч байдаг уу?

-Хүмүүс зөвхөн хачигт хазуулснаар өвчин тусдаг гэж ойлгодог. Байгаль
дээр хачигт халдварын үүсгэгчийг ямаа, хонь, үхэр, чоно, нохой, буга,
бор гөрөөс, туулай, чандага, ойн хулгана зэрэг мал, амьтнаас гадна олон
төрлийн шувуу агуулж байдаг. Манай орны хувьд ямаа, хонь, үхэр зэрэг мал
халд­вар авах хамгийн өндөр магадлалтай. Малын түүхий сүү дутуу
боловсруулсан сүүн бүтээгдэхүүнээр халдварлах боломжтой.

-Сүүн бүтээгдэхүүнээс өөрөөр яаж халдварладаг вэ?

-Манайхан зэрлэг амьтны халуун цус уувал сайн гэж ярьдаг. Гэхдээ үүгээр
дээрх өвчнүүд халдварлах магадлалтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сүүнээс
гадна цусаар ч халдварлах боломжтой юм.

-Хачигт хазуулахаас хэрхэн сэргийлэх вэ?

-Халдварын голомттой ойд онцын шаардлагагүй бол аялж, зугаалахгүй байх
нь чухал. Мөн түүхий сүү, шүүрхий мах, зэрлэг амьтдын сүү, цус, цөс,
тархи, махыг хэрэглэхгүй байх. Ялангуяа ямаа, үхэр, хонь, ямаа.
Урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх болон эм уух зэрэг арга хэмжээг авч
болно. Түүнчлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Манай
улс хачигт энцефалитаас сэр­гийлэх вакциныг ОХУ-аас оруулж ирдэг. Нэг
удаа вакцин хийлгэхэд таван жилдээ хачигт халдвараар өвчлөхгүй. Энэ
вакциныг хачигны голомтод байгаа хүмүүст үнэгүй хийдэг.

-Нэгэнт хачигт хазуулчихсан тохиолдолд яах ёстой вэ?

-Хачиг хүн, амьтны биед шигддэг болохоор тусгай аргаар авахаас нааш
төдийлөн унадаггүй. Ма­найхан хачгийг шууд гараараа аваад хаячихдаг. Энэ
нь буруу. Хэрвээ халдвартай хачигны ямар нэгэн хэсэг биед үлдэх юм бол
өвчин үүсэх боломжтой. Хачиг байгаа хэсгийг олж мэдвэл 76 хувийн цэнхэр
спиртийг цэвэр хөвөн болон даавуунд шингээж 2-3 удаа арчилт хийж, 1-2
минут хүлээхэд хачиг саажиж, мэдээ алдана. Үүний дараа хачгийг
хавчаараар налуу байдалтайгаар зөөлөн татаж авна. Авсны дараа тухайн
хэсгээ спиртээр ариутган, цэвэр боолт хийнэ. Мөн хачигны хошуу биед
шигдэж үлдсэн бол мэс заслын аргаар авахуулах хэрэгтэй. Харин дээр
дурдсан шинж тэмдгүүд илэрвэл яаралтай харьяа эмнэлэгт үзүүлж, эмчилгээ
хийлгэх шаардлагатай.

-Хэрэв өмнө нь хачигт хазуулсан хэрнээ тодорхой эмчилгээ хийлгээгүй, шинж тэмдэг илрээгүй өнгөрсөн бол яах вэ?

-Тийм тохиолдолд шинжилгээ өгөх хэрэгтэй. ХӨСҮТ дээр цусны шинжилгээ
хийдэг. Гэхдээ хэд хэдэн хүний шинжилгээг бүрдүүлэн цааш лабораторид
судлан шинжилдэг. Ойролцоогоор 1-2 сарын дотор хариу нь гарна. Хэрэв
ямар нэгэн нян, вирус илэрвэл зохих эмчилгээг хийх боломжтой. Манайд
одоогоор хачигт хазуулаад эмнэлгийн байгууллагад бүртгэгдсэн хү­ний тоо
500 орчим байна. Үүнээс зарим нь нас барсан тохиолдол ч бий. Ха­зуулсан
даруйдаа зөв арга хэмжээг авч чадвал ямар нэгэн эрсдэлгүй байх
бо­ломжтой. Хэрэв хачигт хазуулаад зохих эмчилгээг хийлгээгүй улмаас
шинж тэмдэг даамжирч, өвчний хэлбэрт шилжиж хүндэрсэн тохиолдолд хүн,
амьтан үхэх аюултай.

-Ярилцсанд баярлалаа.


Б.ЭЛБЭГЖАРГАЛ
ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж