Сири АНУ-д анхааруулга өгөв

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Сири АНУ-д анхааруулга өгөв

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Цагаан ордон”-д хийсэн мэдэгдэлдээ “Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд АНУ Сирийн иргэний дайнд оролцохгүй гэсэн бодлоо өөрчлөх болно. Сири улсын байдал “улаан шугаман”-д байгаа. Мөн хэрвээ бид Сирид химийн зэвсгийн нөөц  байгаа гэсэн шинж тэмдэг ажиглах  юмуу ашиглаж байгааг мэдвэл би өөрийн бодлого, төлөвлөгөөгөө өөрчлөх болно” гэж мэдэгдсэн билээ.

Харин үүний дараа Сирийн Засгийн газрын албаныхан АНУ-д хандан Сирийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан байна.

Сирийн Ерөнхий сайдын төлөөлөгч Кадри Жамал Обамагийн дээрх мэдэгдлийг түүний Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хэмээжээ. Мөн тэрбээр “Обамагийн мэдэгдэл нь Барууныхан манай улсад цэргээ оруулах шалтаг хайж буйг баталсан үйлдэл боллоо” гэж мэдэгдсэн байна. Кадри Жамал цааш нь “Хэрвээ гадны орнууд Сирийн асуудалд хөндлөнгөөс оролцвол Сирийн иргэний дайн улам газар авч, бусад улсуудад тархах болно” гэжээ.

Түүний энэ үг нь үнэний ортой бөгөөд сүүлийн үед Сирийн хөрш Ливан улсад шашны бүлгүүдийн хоорондох зөрчил мөргөлдөөн ихээр гарах болсон билээ. Үүнд Сирийн иргэний дайны нөлөө ч байгаа юм. Өнгөрөгч даваа гаригийн шөнө л гэхэд Ливаны нийслэл Триполи хотын хоёр хэсэгт мөргөлдөөн гарч, зургаан хүн нас барж, 70 гаруй хүн гэмтэж, шархаджээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж