Төрсөн өдрийн мэнд хүргэе, “A-Sound”

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрийн мэнд хүргэе, “A-Sound”

Өнөөдөр “A-Sound” хамтлаг зургаан нас хүрч байна. "A sound" хамтлаг нь 2006 оны наймдугаар сарын энэ л өдөр анхны бэлтгэлээ хамтдаа хийснээр хамтлагийн түүх бичигдэж эхэлсэн гэдэг.
Монголын Radiohead, Keane хэмээн сонсогчид нь өргөмжилсөн Альтернатив рок, Piano rock урсгалаар тоглодог хамтлагийн  "A sound" гэдэг нэр нь “жинхэнэ сайн аялгуу" гэсэн утгатай.
"Hi-Fi Label"-с “Лемонс”-ын дараа төрөн гарсан хоёр дахь хамтлаг.  Жинхэнэ мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн тус хамтлаг нь дуучин Тэмүүлэн, соло гитарчин Алтангэрэл, төгөлдөр хуурч Пүрэвсүх, басс гитарчин Мөнхболд, бөмбөрчин Батпүрэв гэсэн бүрэлдэхүүнтэй.

Тиймээс “A-Sound” хамтлагийнханд зориулан тус хамтлагийн фен клубынхэн  “A-Sound” төрсөн өдрийн үдэшлэг хийхээр зэхжээ. Фейсбүүк хуудсаар нэгдэн байгуулагдаад удаагүй байгаа  тус хамтлагийн фен клубынхэн энэ удаад олон сонирхолтой бэлэг бэлджээ. Гэхдээ эдгээр бэлгийг зөвхөн төрсөн өдрийн үдэш буюу өнөөдөр “Fers Function House”-д задлах гэнэ. Мэдээж энэ үдшийн гол зочид бол “A-Sound” хамтлагийнхан бөгөөд тэд амьд хөгжмийн хэмнэл дор нэгэн үдшийг фенүүдийнхээ хамт доргио өнгөрүүлэхээ фенүүддээ амлажээ.  “Fers Function House”-д болох тэдний төрсөн өдөрт 20 мянган төгрөгийн тасалбараар нэвтрэх юм байна. 

Ингээд, “A-Sound” хамтлагийн түүхийг сөхье. Хамтлагийн гишүүдийн тухайд төгөлдөр хуурч Пүрэвсүх долоон настайгаасаа эхэлж хаан хуурыг тоглож эхэлсэн. Хөгжим бүжгийн коллеж, ОХУ-ын Консерватурыг мэргэжлийн төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Сонгодог болон жааз хөгжимд дуртай. Сонгодогуудаас импрессионизм, симболизмыг түлхүү сонсдог. Тэрбээр Игорь Стравинский хөгжимд дурладаг. Найзууд нь түүнийг Пүүжээ гэж дууддаг. Харин хамтлагийн дуучин Тэмүүлэн эмч мэргэжилтэй. 2007 онд ЭМШУИС-г төгссөн. Англи, орос, герман хэлтэй. Тэрбээр өмнө нь “1060” хамтлагт дуулдаг байсан. Соло гитарчин Алтангэрэл хилийн цэргийн дээд сургуулийн хөгжмийн ангийг төгссөн. Өмнө "Чингис хаан" хамтлагт тоглодог байсан. Бас л их олон жил гитар тоглож байгаа. Урлагийнхан түүнийг Атка гэж дууддаг. Басс гитарчин Мөнхболдын хувьд Тэмүүлэнтэй хамт “1060” хамтлагт тоглож байсан. Нөгөө алдартай анхны “супер мега хит” болох "Шал дэмий"-г энэ залуу зохиосон гэсэн. Дээр нь Пүүжээгийн төгөлдөр хуур орж ирснээр жинхэнэ “Brilliant”  дуу болсон доо. Бөмбөрчин Батпүрэв Хөгжим бүжгийн коллежийг мэргэжлийн бөмбөрчнөөр төгссөн. Олон жил бөмбөр тоглож байгаа. Өмнө нь “1060”, “black&white” хамтлагт тоглож байсан. Тэд анхны цомог “Release”-аа 2008 оны долдугаар сарын 1-нээс "Hi-Fi” -д худалдаалж эхэлсэн. Уг цомгийн баяраа 3-нд нь хийхээр товлосон ч  нөгөө аймшигт “7 сарын 1” болж, хойшлогдон долдугаар сарын 9-нд анхны цомгийн нээлтээ хийсэн. "Release" цомог арван дуутай. Cryin", Шал дэмий, Уянга, Hey there, Бvжигчин, Гучин жил хамт байхсан, Forever, Shine on, Хувь хvн, Шал дэмий дууны дагшаа хувилбар багтсан. Эдгээр дуунууд одоо ч хит хэвээрээ эгшиглэсээр байгаа юм. Тэд өнгөрсөн нэгдүгээр сард удтал хүлээлгэсэн “Зуун наст” нэртэй хоёр дахь цомгоо гарган фенүүдээ баярлуулсан. Тэдний шинэ цомог худалдаанд гарсан цагаасаа борлуултаараа тэргүүлсээр байгаа бол хамгийн сүүлд клипжүүлсэн “Your cast your spell” дуу нь маш олон сонсогчтой болж радио, телевизийн чартын шилдэг дуугаар долоо хоног бүр тодорч байгаа юм.

Харин “A-Sound” хамтлагийнхан хоёр дахь бие даасан “Зуун наст” тоглолтоо энэ сарын 25-нд хийхээр товлоод байсан ч тодорхой шалтгааны улмаас тоглолтын товоо хойшлуулаад байгаа юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж