Хөлсний сууцны үнэ хаданд гарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Хөлсний сууцны үнэ хаданд гарч эхэллээ

Намар хаяанд ирж оюутан сурагчид сургуульдаа, албан хаагчид амралтаа
дуусган ажил руугаа яарах цаг тун дөхлөө. Хөдөө орон нутгаас оюутнууд
орон байр хайж, зар барин гүйдэг цаг ч мөн эхэлж байна. Дотуур байрны
хүрэлцээ муу байдаг болохоор намрын цагт байр түрээслэх оюутны тоо эрс
нэмэгдэж энэ байдалд амтшаад сурчихсан түрээслэгчид үнээ огцом
хөөрөгдөж, ус тогны мөнгө нэмэгдсэн хэмээн байр түрээслэгчдийг шулж
суудаг болж. Мэдээж тэднийг хянах тогтолцоо манайд байхгүй. Саяхан
хөдөөнөөс орж ирсэн дүү маань бүтэн cap байр хайгаад олоогүй. Аргаа
барсан дүүдээ хань болж яваад хөлийнхөө улыг бараг эргүүлэхээ шахлаа.
Мэдээж том жижгээрээ өрөө бүр өөр үнэ ханштай. Зуны цагт хамгийн өндөр
нь л 200 мянган төгрөг байдаг бол намрын улиралд огцом үнээ нэмдэг аж.
Хажуу өрөөгөө түрээслүүлдэг байрны эзэд түрээсийн мөнгөө арван сараар
эсвэл бүтэн жилээр авч байлгана гэдэг. Энэ нь оюутнуудад нэлээд том
дарамт болдог.

Одоо нэг өрөө байрны түрээс 400 мянган төгрөгөөс эхэлж байна. Гурав
дөрвөөрөө нийлээд хамтарч хөлсөлвөл нэг хүнд сарын 130 мянган төгрөг
хавьцаа оногдож байгаа юм. Магадгүй хажуу өрөө гэхээсээ илүү хамтарч нэг
өрөө байр түрээсэлвэл арай хямд тусах нь мэдээж. Хэрвээ жилээс жилд
байрны үнийг дагаж түрээсний үнэ нэмэгдээд байвал тун удахгүй нэг өрөө
байрны үнээр хажуу өрөө түрээсэлдэг болох нь дээ.

Хичээлийн шинэ жил эхэлж, хөдөө орон нутгаас ирж буй оюутан залуус
болоод эцэг эхчүүдэд зориулан сүүлийн өдрүүдэд байрны түрээсийн үнэ ханш
ямар байгаа талаар мэдээлэл хүргэе.

ХАЖУУ ӨРӨӨ

-Хотын төвд байрлалтай орон сууцны гал тогоо 180.000-200.000
-Төвөөс зайдуу орон сууцны гал тогоо 120.000-180.000
-Том гал тогоо 180.000-аас дээш
-Жижиг гал тогоо 120.000-180.000
-Хотын төвд байрлалтай орон сууцны жижиг өрөө 180.000-250.000
-Төвөөс зайдуу орон сууцны жижиг өрөө 150.000-250.000
-Хотын төвд байрлалтай орон сууцны том өрөө 250.000-аас дээш
-Төвөөс зайдуу орон сууцны том өрөө 230.000 аас дээш
-Мөн хотын төвд байрлах орон сууцны подвалын өрөө 100.000-180.000
-“00” тоот 200.000-300.000

НИЙТИЙН БАЙР

-Хотын төвд байрлалтай нийтийн байрны өрөө 100.000-аас дээш
-Төвөөс зайдуу нийтийн байрны үнэ 80.000 аас дээш
Нийтийн байрны өрөөнүүд халаалт болон өрөөний хэмжээнээс шалтгаалан үнээ нэмдэг.

НЭГ ӨРӨӨ БАЙР

-Төвд байрлалтай орон сууц 450.000-600.000
-Төвөөс зайдуу орон сууц 380.000 аас дээш

ХОЁР ӨРӨӨ БАЙР

Байрлалаас хамааран одоогоор 500.000-800.000 төгрөгийн ханштай байна.

Б.БАТГЭРЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж