Батсүмбэр дэх насанд хүрсэн хүүхдийн цэцэрлэг

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Батсүмбэр дэх насанд хүрсэн хүүхдийн цэцэрлэг

Буурлын буян дундаршгүй гэдэг. Тэд өдөр шөнийн заагт амсхийх чөлөөгүй хөдөлмөрлөж, өнөөгийн бүтээн байгуулалтыг босголцож явсан нэгэн үеийн баатарлаг гавьяатай хүмүүс. Будант хорвоод үс нь цайж, зүс нь үрчийх цаг хүн бүрт ирэх нь амьдралын жам ёс тул ахмадаа энэрч, хүндлэх нь хүний ёс. Манайд улсын чанартай ахмадын асрамжийн газар хоёр байдаг. Түүний нэг нь 1924 онд байгуулагдсан Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газар юм. Жилдээ 130-аад хүн хүлээн авч үйлчилдэг буян хурсан сайхан уур амьсгалтай байгууллага. Тус газрыг өдгөө Д.Цэндсүрэн гэх нэгэн эмэгтэй удирдан авч яваа. Хүмүүс асрамжийн газар гэхээр л хүнд хэцүүхэн хүмүүс дүүрсэн газар гэж ойлгодог. Гэтэл яг үнэндээ энэ нь өрөөсгөл аж. Асрамж гэдэг чинь төрийн дэмжлэгтэй хууль ёсны байгууллага. Түүнд очиж үйлчилгээ авах нь зөв гэдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Тус төвийн үйл ажиллагаатай танилцахаар Төв аймгийн Батсүмбэр дэх асрамжийн газар руу хүлгийн жолоо залсан юм. Улаанбаатар хотоос 90 гаруй км зайтай тул очихын тулд 2-3 цаг зарцуулна. Ингээд бид хэд хэдэн хадаг яндар болсон толгод давж уруудсаар зорьсон газартаа хүрлээ.

Асрах төвийн үүдээр ороход хүүхдийн цэцэрлэг мэт орчин угтаж авлаа. Эргэн тойрон нэлдээ цаасаар хийсэн цэцэг навчаар дүүрчээ. Хаалга бүрийг нямбайлан чимэглэсэн нь яг л хүүхэд ахуй насыг санагдуулам. Энэ төвийг насанд хүрсэн хүүхдийн цэцэрлэг гэвэл гайхах зүйлгүй мэт. Энэ газар их зүйлийг өгүүлж буй мэт санагдлаа. Хана нь хүртэл хөгшдөө тойглосон аястай байх. Өтгөсийн царай баяр баясгалантай харагдавч хөнгөн гуниг зүрхэнд нь буйг тэдний хүнхэр нүд илтгэж байлаа. Амар мэндийг нь эрэн асуугаад холын бараа ширтэн суух тэднийг хараад эгээ л нулимс дуслуулчихсангүй. Ижий, ааваа гэж дуудах үр хүүхэдгүйн зовлон дэндүү хэцүүг энд байгаа хүмүүсээс өөр хэн мэдрэх билээ дээ. Тус байгууллага улсын төсвөөр санхүүждэг. Нийт 43 албан хаагч ажиллаж, үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн асрах төвд ирж буй хүмүүсийн дийлэнх нь сэтгэцийн өөрчлөлттэй, хөгжлийн бэрхшээлтэй байдаг аж. Сүүлийн үед хоёроос гурван төрлийн суурь өвчтэй хүн ирэх нь олширсон аж. Мөн элэг, улаан хоолойн хавдартай, түрүү булчирхайн үрэвсэлтэй иргэд ч нэмэгдэх болжээ.

“ЧИН СЭТГЭЛ” САЙН ҮЙЛСИЙН АЯНТАЙ ТААРЛАА

Хөгшид бүхэн энэрэлтэй тул энэрч хайрлахад цаг гарга, хүрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга гэх мэргэдийн үг үнэтэй. Ахмадуудаа хүндэл­сэн сайн үйлсийн аян өрнүүлдэг хүн олон бий. Түүний нэгэн төлөөлөлтэй бид таарсан юм. Цоомоо гэх нэгэн охины санаачилсан “Чин сэтгэл” сайн үйлсийн аян хоёр дахь удаагаа асрах төвийг зорин ирж буй нь энэ аж. Тус хүмүүнлэгийн үйлсийг залуучуудын нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй гэнэ. Тэдгээр залуус нэг өдрийн турш өндөр настнуудыг асарч, сувилах ажлыг хийнэ. Мөн байгууллагын доторх их цэвэрлэгээ, “Хөгжлийн танхим”-ын өрөөг сэргээн засварлах гээд олон ажил төлөвлөсөн аж. Аянд нэгдсэн байгууллага болон хүмүүсийн чин сэтгэлийн бэлгийг ахмадуудад өгөх ажил ч өрнөв. Өдөр гэдэг богино хугацаа ч гэлээ, олон мартагдашгүй, өөдрөг сэтгэгдэл үлдээсэн сайхан ажил хийснийг онцолмоор. Өтгөсөө хүндэлдэг монголчуудын уламжлал одоог хүртэл хадгалагдаж буй нь энэ ажлаас харагдаж байна.

АХМАДУУД ЧӨЛӨӨТ ЦАГААРАА

Эндхийн ажил календарчилсан төлөвлөгөөтэй явагддаг. Долоо хоног бүрээр ажлаа бичиж ханын самбартаа өлгөдөг аж. Ахмадууд чөлөөт цагаараа караокед орж дуулна, өөрсдийн сэтгэснээр төрөл бүрийн зураг зурна. Мөн баримлын шавраар баримал хийх, тэмцээн уралдаан зохиох гээд тун чиг хөгжилтэй өнгөрөөдөг аж. Нээрээ л тэд урлан бүтээх авьяастай улс юм билээ. Эсгийгээр төрөл бүрийн зүйл урласнаа коридортоо өлгөжээ. Хүнсний ногоогоо өөрсдөө тарина. Мөн гаднах зэрлэгээ зулгаах гээд зүгээр суух тун дургүй. Хуучин цагийн улс болоод ч тэр үү, зүгээр сууна гэдэг байж боломгүй мэт санагддаг аж. Насан өндөр болсон ч ясны сурсан зангаараа үргэлж хөдөлмөрлөдөг настан­гуудын чөлөөт цаг үр бүтээлтэй өнгөрч буйг хараад тэднээс суралцах зүйл их байгааг дахин дахин ойлгож байлаа.

Мөн ахмадууд сонирхлоороо бүлэг болж хуваагддаг. Тэднийх нэг том заалтай бөгөөд түүндээ хоолоо иднэ, мөн урлаг соёлын бусад арга хэмжээгээ зохион байгуулдаг аж. Зааланд зургаан том ширээ байх. Тус бүрт нэрс харагдав. Сонирхон харвал Мазаалай, Янзага, Хүчит хар, Хайрхан, Хулан, Болжмор гэсэн байлаа. Хүүхдийн зуслан л нэг иймэрхүү нэртэй бүлэгт хуваадаг даа. Тэдний хүүхдээс ялгарах зүйл нь нас л гэмээр. Сонирхлоороо нэгдсэн бүлгүүд маань багийн ахлагчтай. Ахлагч нь багаа удирдан чиглүүлж, тэрүүхэн тэндээ хөөрхөн даргалчихдаг юм билээ. Түүнчлэн цэцэрлэгийн хүүхэд шиг зураг наасан сандал дээр суух нь бас л сонин. Хүүхэд, хөгшин хүн хоёр адилхан гэдэг үгийн үнэн болохыг бодитоор харсан минь энэ байлаа.

БАЙШИН ДҮҮРЭН ДАРГА, БАС ХООЛНЫ ЦЭС БАТАЛДАГ ЗӨВЛӨЛТЭЙ

Монголд 100 гаруй даргатай байгууллага үүнээс өөр байхгүй биз ээ. Бүх зүйлд дарга томилогдсон. Тэд үүрэг даалгавраа хангалттай сайн хийж, магтуулах дуртай. Гэрэл цахилгаан шатсан эсэхэд санаа тавьдаг, асаалттай орхисон чийдэнг унтраадаг гээд шат дамжлага бүрт үүрэг хүлээсэн хүмүүс томилогджээ.

Эндхийн бүх зүйл нэг л сонирхол татахуйц юм. Тэд дотроо хоолны цэс баталдаг зөвлөлтэй нь илүү сонирхол татаж байлаа. Зөвлөлийн гишүүд хүмүүсийнхээ саналыг харгалзан үзэж, ирэх сарынхаа хоолны “Цэс”-ийг баталж өгдөг байна. Яг л шат дараатай төрийн ажил мэт. Хэрвээ батлагдвал дараа сарынхаа хоолны цэсийг гал тогооны салбарын ахлагчид мэдүүлдэг. Тэдний баталсан цэсийг харвал өглөөдөө жимсний чанамалтай зөөлөн талх, цай байх. Харин өдрийн цайны цагаараа нэг, хоёрдугаар хоол оруулжээ. Оройн хоолонд мөн л нэг, хоёрдугаар хоол багтсан байв. Зуны цагт сүү, тараг элбэг байдаг бөгөөд үдээс хойш хөнгөн зууш идэж, цай уудаг аж.

АЛАГ ХОРВООД АМЬДРАЛЫН ЗАМЫГ ТУУЛЖ Л ЯВНА

Энэ төвд хамгийн бага нь 17 настай охин суудаг. Харин хамгийн хөгшин нь 99 шүргэж яваа нэгэн буурал ажээ. 70 насыг зооглосон Ц.Данзанаа өвөөтэй уулзаж ажил амьдралынх нь талаар хоромхон хугацаанд ярилцлаа. Түүний бага нас эцэг эхийн гар дээр эрхэлж өссөн. 1950 онд бага сургуульд орсноор номын ертөнцөд хөл тавьсан аж. Сургуулиа төгсөөд 1965 онд цэргийн албанд мордсон нь эх орондоо оруулж буй хувь нэмрийн эхлэл байлаа. Цахилгаан тоног төхөөрөмжийн мэргэжилтэй тэрээр улсад 38 жил зүтгэсэн гэдгээ хэлсэн. Харин 2000 оноос чөлөөндөө гарсан бөгөөд энэ төвд ирээд гурван сар болж байна гэв. Газар шороо, уул хад нь угаасаа л миний монгол юм чинь, хаана ч байсан яахав гэх энэ өвгөнд асрах төвийн сувилгаа таалагдаж буй бололтой. Хүн хүндээ хайртай байдаг болохоор дутуугаа нөхөөд амьдарч байна даа. Өвчтэй зовлонтой хүн олон байдаг ч бид нэг нэгэндээ дэм болоод сайхан л аж төрж сууна гэх яриаг нь сонсоход хатуу амьдралын хүндэд нухлагдсан ч, мохож цуцаагүй нь ажиглагдсан юм. Алаг хорвоод зовлон, жаргал ээлжилсэн амьдралын замыг туулж л яваа нь энэ биз ээ.

Бидний дараагийн уулзсан буурайг Г.Үдэрчулуун гэх бөгөөд өнөө жил 75 настай. Асрах төвийнхөө хамгийн дэгжин тэрээр сувдан зүүлт, хар нүдний шилээр гангарчээ. Мөн л улсад насаараа ажилласан гэсэн. Монголын бас нэгэн том гэр бүл болох “Хүүхдийн асрах төвд насаараа ажиллаж байгаад одоо ахмадын асрах төвд ирээд байж байгаа минь энэ” хэмээн хуучлав. Ижий минь их сайхан хүн дээ. Энэ том өрх айлыг авч яваа гэв. Гэтэл асрамжийн газрын тэргүүн Д.Цэндсүрэнг хэлсэн нь энэ байж. Хөгшин залуугүй бүгд л тэр хүнийг ижий гэж хүндэлдэг гэдгийг энэ буурай өгүүлсэн юм.

ТӨВЛӨРСӨН БИШ ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ГАЗАРТАЙ БОЛМООР

Тус төвд төрөл төрлийн өвчтэй хүмүүс ирж сувилуулдаг аж. Гэтэл нэг л төвлөрсөн газарт бүх зүйлийг хийж амжуулна гэдэг хэцүү. Тиймээс төвлөрсөн биш төрөлжсөн асрамжийн газар бий болох шаардлагатай мэт санагдлаа. Гэхдээ хотын бөглүү орчинд биш цэвэр агаарт байршуулбал оновчтой байх болов уу. Одоогийн байдлаар ахмадууд нэг байранд бүгдээрээ амьдардаг. Харин төрөлжсөн болж өргөжүүлбэл сэтгэцийн өвчтэй, хэвтэрт байдаг гэх мэтээр тус тусдаа байранд байр­лах нь хэн хэндээ амар байх юм.

Нийслэлдээ шавааралдсан олон хотхон бариад л байдаг. Нийгэмд хэрэгтэй байгаа халамжийн хотхон бий болговол яасан юм бэ. Улс эх орныхоо төлөө сэтгэл зүрх, биеэрээ хүчин зүтгэж явсан ахмад буурлуудаа бодсон ч тэр. Монголын төр энэ асуудлыг бодох хэрэгтэй биз ээ. Энэ газарт хоёр дайнд оролцсон ахмад дайчин Д.Даш, шатрын мастер Ц.Данзан, төрийн албанд олон жил зүтгэсэн референт Г.Цэрэндорж тэргүүтэй олон ахмад сувилуулж байсан. Мөн үе үеийн шилдэг эмч, инженер, эрдэм шинжилгээний ажилтан гээд нийгмийн төлөө зүтгэж явсан олон хүн бий. Тэд нэгэн үеийн түүхийг бичилцсэн, хийсэн бүтээснээрээ төрийн ивээл хүртэх эрхтэй хүмүүс. Гэтэл амьдрал тэдэнд дэндүү харгис хандаж зулайг нь үнэрлэх үр, мөрийг нь түших хань, түшээд явах ах дүү нараас нь салгажээ. Хэдий тийм ч хөгшчүүд амьдралын өмнө сөгдөлгүй, сөрөн алхсаар байна.

О.МӨРӨН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж