Сангийн яам өрсөлдөөн суларч, экспорт буурна гэж хүлээж байна. Ажил хэрэгч хүмүүсийн санаа сэтгэл тавгүйтэж байна. Ирэх жилд Германы улсын төсвийн зарлага буурах ёстой.
Германы эдийн засаг евро бүсийн хямралын үр дагаврыг мэдэрч эхэллээ. ХБНГУ-ын Сангийн яамнаас өнгөрсөн даваа гаригт гаргасан илтгэлд үүний гол шалтгаан нь евро бүсэд герман барааны эрэлт буурсан явдал гэсэн байв. Хоёрдугаар улирлын бага зэрэг өсөлтийн дараа шинжээчид экспортын салбаруудын өсөлтийг саарна гэж дүгнэж байна.
Хөдөлмөрийн зах зээлийн байдлыг одоохондоо нааштай гэж болох авч удалгүй зогсонги шинж тэмдэг илэрнэ гэж тэд хэлжээ. Олон нийтийн санал асуулгаар ажил хэрэгч хүмүүсийн сэтгэл санаа түгшүүртэй болж эхэлсэн гэнэ. Тэр нь ажлын шинэ байр бүтээхийг сааруулж магадгүй. Гэтэл ажлын хүчний эрэлт одоогоор хангалттай өндөр хэмжээнд байна. Мөн худалдан авах чадвар өндөр байгааг шинжээчид тэмдэглэжээ.
Харин Bild сонины мэдээгээр Германы төсвийн зарлага 2013 онд мэдэгдэхүйц буурах гэнэ. Ирэх жилийн төсвийн зарцуулалт 302,2 тэрбум евро байгаа нь энэ жилийнхээс 10,5 тэрбумаар бага байна. Өмнөхийн адил нийгмийн салбарт болон ажлын байр бий болгох хөтөлбөрийн санхүүжилтэд хамгийн их хэмжээний зарцуулалт 118 тэрбум гаруй евро төлөвлөгджээ. Сангийн яам 2013 онд улсын өрийн хэмжээг 18,8 тэрбум евро байхаар төлөвлөсөн байна.