НҮБ-ын цэргийн ажиглагчид Сирийг орхин гарч байна

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

НҮБ-ын цэргийн ажиглагчид Сирийг орхин гарч байна

Сирид НҮБ-ын цэргийн ажиглагчдын ажиллагаа албан ёсоор зогсов. Тусламж үзүүлэх Германы байгууллагууд тусламж үзүүлэх ажиллагааг бүтэлгүй болсон гээд Засгийн газраасаа Сирийн дүрвэгсдэд туслах мөнгө шаардлаа.  

Наймдугаар сарын 20-ны шөнө НҮБ-ын цэргийн ажиглагчдын ажиллагаа албан ёсоор зогсч байна. Сирийн цэргийн ажиллагааг зогсоох Кофи Аннаны төлөвлөгөөний биелэлтийн хэрэг­жүү­­­лэлтийг хянах 300 шинжээчдийн мандатын хуга­­цаа шөнө дунд дууслаа гэж AFP агентлаг дамжуулав.

Сири дэх НҮБ-ын ажиглагчдын хэсгийн дарга генерал Бабакар Гайе өмнө мэдэгдэхдээ Засгийн газрын арми ч, босогчдын цэрэг ч энгийн иргэдийг хамгаалдаггүй гэсэн байв. “Хоёр тал Олон улсын хүмүүнлэгийн эрхийн хүрээнд энгийн иргэдийг хамгаалах үүрэгтэй” Харин тэд энэ үүргээ биелүүлдэггүй” гэж генерал мэдэгдсэн юм. НҮБ-ын ажиглагчид 2012 оны дөрөвдүгээр сард ажилдаа орсон ч цус урсгалтыг зогсоож чадаагүй. Сирид 2011 оны гуравдугаар сараас эхлэн янз бүрийн эх сурвал­жийн мэдээгээр 17-23 мянган хүн алагдсан байна.

Сирийн сөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөө нь нурсаны дараа Кофи Аннан тус орны олон улсын зуучлагчийнхаа тушаалыг орхисон юм. Тэр тушаалыг нь есдүгээр сарын 1-нд Алжирийн Гадаад хэргийн сайд асан Лахдар Брахими эзлэх ёстой. Дамаск дахь НҮБ-ын товчоонд 20-30 хүн үлдэнэ.

Герман туслах ёстой

Тусламж үзүүлэх герман байгууллагууд НҮБ-ын үйл ажиллагааг шүүмжлэн үүссэн нөхцөлд дүрвэгсдэд Герман туслах ёстой гэж үзэж байна. “НҮБ нь өөрийн хуучирсан бүтцийнхээ улмаас Сирийн байдлыг сайжруулж, сөргөлдөөнийг ший­дэх чадваргүй” гэж хэлсэн “Герман туслана” гэдэг нэгдлийн төлөөлөгч Кристоф Штрессер (Christoph Strдsser) мэдэгдсэнээс DAPD агентлаг иш татжээ.

“Герман туслана” гэдэг нэгдэлд Германы олонд нэртэй хүмүүнлэгийн 10 байгууллага орж байгаа бөгөөд тэд Засгийн газраасаа Сирийн дүрвэгсдэд туслах зарлагаа нэмэгдүүлэхийг шаардсан байна. Нэгдлийн хэвлэлийн төлөөлөгч Томас Шварцийн (Thomas Schwarz) хэлснээр, өмнө нь төлөгдсөн 11,5 сая евро нь Сирийн хүмүүнлэгийн хямралтай тэмцэхэд хүрэлцээгүй гэнэ.

Германы хүний эрхийн байгууллагуудын мэдээгээр дүрвэгсдийн тоо өнөөгийн байдлаар 170 мянгаас давжээ. Нийтдээ тэдний тоо бүтэн хагас сая хүн болох магадлалтай гэнэ. Тийм учраас бүс нутагт урт хугацааны хүмүүнлэгийн хямралд бэлтгэх хэрэгтэйг “Герман туслана” гэдэг нэгдлийнхэн хэлж байна.

Анкара Сирийн нутагт дүрвэгсдийн лагерь байгуулахын төлөө

Энэ цагаар Сирийн нутаг дэвсгэрт дүрвэгсдийн лагерь байгуулах бэлтгэл хийж эхлэхийг НҮБ-аас Турк шаардав. Турк дэх лагериуд 100 мянгаас илүү хүн хүлээн авч чадахгүй одоо гэхэд л Туркт 70 мянган дүрвэгч байгаа гэж тус орны Гадаад хэргийн сайд Ахмет Давутоглу мэдэгдэв. Сүүлийн долоо хоногуудад сөргөлдөөний бүсээс дүрвэгсдийн тоо эрс нэмэгдэж байна.

Японы сэтгүүлч эмэгтэй Алеппо хотод амь үрэгдэв

Японы Гадаад хэргийн яам япон сэтгүүлч эмэгтэйг Алеппо хотод амь үрэгдсэнийг батлан мэдэгдэв. Agence France-Presse мэдээлснээр, сэтгүүлчийг Мика Ямамото гэдэг ба 45 настай байжээ.  Албаны хүмүүс сэтгүүлч эмэгтэйг үхлийн шарх аваад нас барсан гэлээ. Ямар хэвлэл төлөөлж байсныг нь хэлээгүй байна.

Өмнө нь япон сэтгүүлч амь үрэгдсэнийг Syrian Observatory for Human Rights гэх хүний эрхийн байгууллага мэдээлсэн юм. Алагдсан эмэгтэй цогцосыг үзүүлсэн видео бичлэгт үндэслэн тэд хэлэхдээ бичлэгийн яриагаар нь түүнийг  Засгийн газрын талын цэрэгжсэн отрядын дайчид хөнөөсөн гэв. Өөр гурван сэтгүүлч Алеппо хотод сураггүй болсон мэдээ байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж