Олонхийн суудал авсан Ардчилсан нам ИЗНН, “Шударга ёс” эвсэл, бие даагчидтай хамтран ажиллах саналын дагуу Засгийн газрын бүрэлдэхүүнд багтааж чадсан. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг бие даагчдад ч мөн байнгын хорооны даргын суудал өгсөн. Энэ бүхний эцэст бүлэг ч үгүй, байнгын хорооны гишүүн ч үгүй хоцорсон нь МАН.
УИХ-ын анхдугаар чуулган эхэлснээс хойш бүлэггүй болсон тэд хуулийн төсөл санаачилна гэсэн залуу гишүүнийхээ бодлогогүй алхамд бантсандаа “бид бүлэгтэй” гэж гүрийсээр байгаа. Учир нь МАН-ын залуу гишүүн С.Бямбацогт “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу, УИХ дахь намууд бүлэг байгуулснаа УИХ-ын дарга сонгогдсоноос 24 цагийн дотор мэдэгдэх ёстой” гэсэн заалтыг өөрчлөхөөр хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барихаар болсон. Үүнийг нь намынх нь ах нар “Залуу хүн болоод ч тэр үү УИХ-ын тухай хуулиа уншаагүй, УИХ-д наймаас дээш хүний суудал авсан бол бүлэг автоматаар байгуулагдана гэсэн заалтыг уншаагүй байна” гэж баахан банга хүртээсэн. Үнэн хэрэгтээ хууль баталдаг УИХ-ын гишүүд болох МАН-ын гишүүд бүлэг байгуулах хүсэлтээ 24 цагийн дотор байгуулдаг гэдгийг бүгдээрээ мэдээгүй гэхэд ядаж нэг гишүүн нь мэдэх л ёстой байсан. Тэдний олонхи нь УИХ-д хамгийн багадаа нэг удаа суусан хүмүүс шүү дээ.
Ийнхүү МАН-ыг гомдоллож байхыг өрөвдсөн үү, үнэхээр цаашид цөөнхийн бүлэггүй байх нь хэмээн бодсоных уу УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар МАН-д туслахаар шийдсэн бололтой. Тэд өчигдөр УИХ-ын даргад УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагаанд үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулснаа ийнхүү өргөн мэдүүлэв. Уг төсөлд Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлд, нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэрийг УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр хязгаарлалт хийснийг хасах тухай тусгажээ.
УИХ-д наймаас дээш суудал авч, иргэдээ төлөөлөн ажиллах үүрэг хүлээсэн нам хуулиар зөвшөөрөгдсөн зохион байгуулалтын хэлбэрт орж, үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдэхгүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ” гэсэн Үндсэн хуулийн зарчим зөрчигдөж, улмаар УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хуулийн дагуу хэвийн явагдах нөхцөл алдагдаж байна хэмээн үзэж байгаагаа гишүүд илэрхийлж байсан юм.
Хуулийн төсөл батлагдсанаар төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангана. Үүгээр зогсохгүй УИХ-д суудалтай нам, эвсэл нь бүлгийн зохион байгуулалтанд орсноор сонгогч иргэдийнхээ эрх, ашиг сонирхлыг төлөөлж хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг хуулийн төсөл санаачлагчид УИХ-ын даргад онцолсон. МАН өмөөрөх хүнтэй болж байх шиг байна. Өөрсдийгөө өнчин цагаан ишиг шиг харагдуулж, хуулиа биелүүлээгүй байж хууль батлах гээд сууж байгаа МАН-ын гишүүдэд “тусламж хүргэсэн” хоёр гишүүнд тэд лав талархаж байгаа биз.
УИХ-ын даргад өргөн барьсан энэ хууль хэзээ хэлэлцэгдэж, шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байна. Хэрэв энэ хууль батлагдвал МАН албан ёсоор УИХ-д бүлэгтэй болох юм. Тэд хэзээ бүлэгтэй болох эсэхийг танхимын нөхөд нь л шийдэх үлдлээ.