Нэр дэвшигчдийн асуудлаар гомдол гаргана

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдийн асуудлаар гомдол гаргана

УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас Өвөрхангайн 10 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг сурталчилгааны явцад хууль зөрчсөн байна гэх шийдвэрийг өнгөрсөн долдугаар сарын 03-нд Хан-Уул дүүргийн шүүхээс гаргасан. Уг асуудлыг Хан-Уул дүүргийн шүүх онцгой ажиллагааны журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Энэхүү шийдвэрийг Н.Төмөрхүү, С.Чинзориг нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Тэдний гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхэд шүүн хэлэлцээд Хан-Уул дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон байна. Тодруулбал, маргааныг Хан-Уул дүүргийн шүүхээр бус Өвөрхангай аймгийн шүүхээр шийдвэрлэх ёстой байсан гэж үзжээ.

Өмнө гарсан Хан-Уул дүргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын түр гишүүнийг үнэмлэхийг хурааж авахыг 10 дугаар тойргийн хороонд даалгаад байсан юм.

Маргаан дагуулаад байгаа асуудлаар өчигдөр Ардчилсан намын сонгуулийн менежер Ц.Доржпалам, өмгөөлөгч Г.Мөнхболд нарын хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ц.Доржпалам:

-УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойргийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, холбогдох хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа юм. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрийн дагуу  УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тангараг өргөх гэж байна гэдэг худлаа. Учир нь хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байгаа учраас хяналтын журмаар гомдол гаргана. Хан-Уул дүүргийн шүүх хэргийг шийдвэрлэсэн нь харьяаллын бус хэрэг биш. Харин энэ хэргийг шүүхээс өмнө цагдаагийн байгууллага шалгаж тогтоох ёстой, түүний дараа шүүх шийдвэрлэх байжээ гэж үзсэн. Тодруулбал, С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцээгүй, харин архи, бусад эд зүйлс, мөнгө тараасан, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж тогтоосны дараа шүүх шийдвэр гаргах ёстой, энэ журмаар асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж шийдвэр гаргасан. Тиймээс энэ журмаар цаашид Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэс болон холбогдох бусад хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн хурлын үеэр Н.Төмөрхүүг МУИС-ийг төгсөөгүй атал хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх баримтыг дэлгэсэн юм. Тэрээр 1994-2001 онд МУИС-ийг төгссөн гэж анкетаа бөглөсөн боловч тус сургуулийн Бакалаврын сургалтын албаны тодорхойлолтоор сургуулиа төгсөөгүй нь нотлогдсон байна. Энэхүү тодорхойлолтыг сэтгүүлчдэд үзүүлсэн бөгөөд хуурамч бичиг баримт үйлдсэн, сонгогчдыг хууран мэхэлсэн үйлдлийг нь хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж