Хятадын Коммунист намын лидерүүдийн нэг гэгдэж байгаад бүх тушаалаасаа авахуулсан намын зүтгэлтэн асны эхнэр Британийн бизнесменийг санаатайгаар хорлосон хэрэгт буруутан боллоо. Өөрийн бизнесийн түншээ хордуулсан хэргээр Гу Кайлай алах ялаар шийтгүүлсэн ба ялыг гүйцэтгэхийг хоёр жилээр хойшлуулсан байна.
Хятадын шүүх Чунцин хотын тэргүүн асан ХКН-ын Улс төрийн товчооны экс-гишүүн Бо Силайн эхнэр Гу Кайлайн ялыг энэ даваа гаригт сонсгов. Тэр эмэгтэйг британи бизнесмен Нил Хейвудын амийг хөнөөсөн хэрэгт буруутай гэж шүүх үзэн хуулийн дээд хэмжээний ял оноожээ. Намын зүтгэлтэн асны эхнэр өөрийн хүүгийн амь насны төлөө зовсондоо бизнесменийг 2011 оны арваннэгдүгээр сард цианитаар хордуулсан байна.
Цаазын ялыг хоёр жилийн дараа гүйцэтгэх учиртай. Практикаар бол Гу Кайлай хоёр жилийн дотор ямар нэгэн хууль журмын зөрчил гаргахгүй бол ялыг бүх насаар нь хорих ялаар солих болно гэж Reuters мэдээлэв.
Хэргийг хамтран үйлдэгч бөгөөд тэдний гэрийн ажилтан Чан Сяозюн есөн жилийн ял авсан байна.
Британийн бизнесмен Нил Хейвудын хөнөөгдсөн хэрэг Хятадаас гадна гадаадад нэлээдгүй дуулиан босгожээ. Хэд хэдэн консалтингийн компанитай тэрээр хятад улстөрчийн гэр бүлд бизнесийн зөвлөгөө өгдөг байсан ба тэр 2011 оны арваннэгдүгээр сарын 15-ний өдөр Чунциний нэгэн зочид буудалд нас барсан байв. Мөрдөн байцаалт эхлээд түүнийг архинд хордсон гэж үзсэн ба хожим хэрэгт нь шинэ баримтууд гарсан учраас Хятадын цагдаагийн алба тусгай комисс байгуулан мөрдөн байцаалт явуулжээ.
Аллагын гол шалтгаан нь Хейвуд ба Гу Кайлайгийн хүүгийн хооронд “эдийн засгийн сонирхлоос үүдсэн зөрөлдөөн” гэж мөрдөн байцаалтаар үзэв. Эмэгтэй Хейвудын зүгээс гарсан заналаас айн түүнд хор өгөхөөр шийдсэн гэнэ. Энэ хэргийг тодорхой сурвалжилж байсан Синьхуа агентлаг “шүүхэд гаргасан баримтыг үгүйсгэх аргагүй” гэж онцолсон байв.
Хотын захиргааны орлогч дарга Ван Лизюнийн толгойлсон Чунциний Цагдаагийн алба нэлээдгүй идэвхтэйгээр британи бизнесмений үхлийн хэргийг мөрдөн шинэ жил гэхэд хэргийн ерөнхий зураглалыг гаргасан байв. Нэгдүгээр сарын 18-нд Ван Ботой уулзан бизнесмений үхэлд түүний эхнэр Гу Кайлай холбогдсоныг дуулгажээ. Бо түүнийг өрөөнөөсөө хөөн гаргасан ба дараа нь мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн ч хэргийг хаалгахаар оролдсон гэдэг.
Бо Силай нь намын ахмад зүтгэлтэн Бо Ибогийн хүү. Эцэг нь янз бүрийн жилүүдэд Далянь хотын, Ляонин мужийн захирагч, БНХАУ-ын Худалдааны сайд хийж иржээ. Бо Силай 2007 онд ХКН-ын Улс төрийн товчооны бүрэлдэхүүнд багтсан ба том дуулианд холбогдох хүсэлгүй байв. Гэтэл тэр бас ч үгүй том дуулианы эзэн болсон юм. Барууны хэвлэлийн мэдээлснээр өнгөрсөн онд тэрээр Чунцин хотод авлигын асуудалтай тэмцэл хийж байсан нэгэн албан тушаалтанг Ху даргатай ярилцсан утасны яриаг сонссон гэдгийг Хятадын тусгай албаныхан илэрүүлсэн байна. Утас чагнасан хэргийн хариуцлагыг хотын цагдаагийн албаны дарга Ван Лизюньд тохсон ба тэрээр Ботой уулзсан мөн Америкийн консулын газраас орогнол хүссэн зэргийнхээ дараа бүх тушаалаасаа буун баривчлагдсан байв.
Үүнээс сарын дараа өөрийн зүүний популизмаар олны дунд нэртэй болсон Бо Силайг огцруулсан юм. Олон хүмүүс түүнийг Хятадын удирдлагын “шинэ үеийн” төлөөлөгч гэж үзэж байлаа. Хятадын намын удирдлага нь 10 жилд улс төрийн дээд хүрээг шинэчилдэг бичигдээгүй хуультай.
Мао Зедуны маягаар сүртэй санаачлага гаргадаг амбицтай улстөрч хотын намын даргын ажлаас чөлөөлөгдсөн ба дараа нь ХКН-ын Улс төрийн товчооны гишүүнээс зайлуулагдав. Бо Силайг намын дүрэм зөрчсөн гэж буруутгасан байснаа дараа нь эрүүгийн хэрэг үүсгэлээ. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн чуулганы долоо хоногийн хуралдаанд сууж байсан түүнийг ХКН-ын Сахилга бат, хяналтын төв комисс гуравдугаар сарын 20-нд барин саатуулаад Бээжингээс өөр хотод аваачин байцаалт авчээ.
Бо Силайг барьсан өдөр ерөнхий сайд Вэнь Зябао өнөөгийн Хятадад нэг их гараад байдаггүй авлигын дуулианы тайлбарыг олонд хийсэн байв. “Чунцины удирдагчид ихээхэн амжилт олсон гэхдээ тэдэнд өөрсдийн байдалдаа бодох юм байна. Хотын цагдаагийн дарга асан Ван Лизюнийн хэргээс сургамж авах хэрэгтэй “ гэж Вэнь дарга Хятадын парламентын чуулганы төгсгөлд хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байв.
Хятадын улс төрийн тавцан дахь хамгийн тод од болсон хүний огцролт хэвлэл, мэдээлийн асар их сонирхлыг татсан юм. Sina Weibo (Хятадад хориотой Twitter сервизийн дуураймал) энэ хэрэг явдлын дараа Бо Силайг Борис Ельцинтэй адилтгасан тайлбар, тоймоор дүүрсэн байв. Сервисийн нэгэн хэрэглэгч “Би Борис Ельциныг шууд саналаа. Түүнийг бас буланд шахсан байсан ч тэр яаж ийгээд дийлээд л гарч ирсэн юм” хэмээн тэр огцролтыг тайлбарласан байв.
Бо Силайгийн эхнэрт өгсөн дээд хэмжээний ял Хятадыг хагалав. Нэг хэсэг хүмүүс шүүх ажиллагааг Их Британид тусгайлан зориулсан жүжиг гэв. Зарим хэсэг нь шүүгдэгчийн нөхөр болох намын өндөр тушаалтныг шийтгэсэн улс төрийн аллага гэж үзжээ.
Өмгөөлөгчийн мэргэжилтэй Гу Кайлай өөрөө дээд хэмжээний, хоёр жилийн харгалзах ял тодорхой хугацаагаар солигдоно гэдгийг сайн мэдэж байгаа. Тийм шийтгэлийг ч Лондон албан ёсоор хүссэнийг ч мэднэ.
Гу Кайлай: “Би ялыг шударга боллоо гэж үзэж байгаа. Шүүх хуулийг яг яс барьж, бүх баримт, амьдралын учир байдлыг тооцон үзлээ” гэжээ.
Бо Силай эхнэрийнхээ гэмт хэргийг мэдэж, дарагдуулж байсан гэж зарим хятад хүмүүс үзэж байна. Нөгөө нэг хэсэг нь хуучинсаг үзэлтнүүдийн хуйвалдааны хэлмэгдэгч гэж түүнийг нэрлэжээ.
Ценг Минг /багш асан, одоо тэтгэвэрт гарсан/: “Өдрөөс өдөрт авлигад идэгдсэн том тушаалтнуудын тоо өсч байна. Тэдний бохир хэрэгт гэр бүлийнхэн нь хутгалддаг. Тэднийг хатуу шийтгэх хэрэгтэй”.
Цай /оюутан/: “Үүнийг би улс төрийн тэмцэл гэж үзэж байна. Энгийн ард түмэнд ямар ч хамаагүй. Намын их хурал ойртож байгаа учраас энэ бүгд нь холбоотой. Энэ түүх надад огт сонирхолгүй”.
Бо Силай өөрөө шүүх ажиллагаанд хамрагдаагүй байгаа нь нам нь буулгасан гишүүдээ хайцаалсан хэрэг эсвэл нам нь өөрөө цохилт бэлтгэж байна уу гэсэн асуудлыг үүсгэлээ. Хятад хариуг хүлээж байна.
"Ардын эрх" сонин