-Юуны өмнө Лондонгийн олимпийн рингнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Олимпийн хаалтын өдөр аваргын төлөө тулалдахад тань монголчууд бүгд таныг дэмжиж, тулаан эхлэх цагийг тэсэн ядан хүлээж суусан. Олимпийн рингэнд хийсэн тоглолтуудын талаар яриагаа эхэлье. Хамгийн хүнд тулаан аль нь байв?
-Баярлалаа. Олимпийн рингэнд би таван тулаан хийсэн. Тоглолт бүр хүнд, өрсөлдөгч бүр хүчтэй байсан. Тэдгээрээс онцолбол, хамгийн хүнд нь Италийн тамирчинтай хийсэн тоглолтыг хэлэх байна. Мэдээж финалын тоглолт хэцүү, хүнд тоглолт байлаа.
-Италийн боксчин Винчензо Пикардиг хамгийн хүнд өрсөлдөгч байлаа гэж байна. Тэр тоглолтын тухай уншигчидтай хуваалцахгүй юү?
-Тоглолт маш хурдан өнгөрсөн. Хэн хэнийх нь хувьд хүнд тоглолт байсан. Италийн тамирчны хувьд сүүлийн олимп, харин миний анхных байсан. Хэн хэн нь медалийн тавцанд гарах хүсэлтэй. Насны хувьд хол зөрүүтэй. Хэдийгээр олимпийн наадмаас медаль хүртэж байсан ч сүүлийн удаа медальтай буцахыг хүсэх нь аргагүй. Гэтэл би бас медаль авмаар байдаг. Эхний тоглолтоос хойш хэд хоног амраад тоглосон болохоор жин тавигдчихсан, жин хасах гэж нэлээд гүрийсэн байсан. Тоглолт үнэхээр ширүүн болсон. Хэн хэн нь байдаг бүхнээ гаргаж, дайчилж тоглосон. Эхний үе өндөрлөхөд би хоёр оноогоор дутуу байсан. Хоёрдугаар үед оноогоо тэнцүүлсэн. Сүүлийн үед нэг онооны давуугаар ялалт байгуулсан. Хамгийн ойрхон тоглолт тэр байлаа.
-ОХУ-ын боксчин Миша Алоянтай хийсэн тоглолтыг хүмүүс нэлээд онцлон ярьж байсан. Монголын төдийгүй Оросын хэвлэлүүдээр ч тэр тоглолтын талаар их мэдээлсэн. Оросын шилдэг боксчдын нэг байсан болохоор арга ч үгүй биз. Тэр тоглолтын тухайд та өөрөө юу хэлэх вэ?
-Тийм ээ. Оросын сайт, хэвлэлүүдээр тэр тоглолтын тухай мэдээ их гарсан байна лээ. Миша Алоянтай би хоёр дахь удаагаа таарч тоглосон. Миний хувьд сэтгэл санаа маш тайван байсан. Хүрэл медалийн төлөө тоглоод ялсны дараа бусад хүмүүс одоо дэлхийн аварга тамирчинтай тоглоно гээд их сүртэй хүлээж авсан. Харин би огтхон ч сандраагүй, маш тайван байсан. Өмнө нь 2009 оны Миланы дэлхийн аваргаар ялж байсан, хоёр дахь удаагаа Лондонгийн рингэнд тоглож, ялсан. Тухайн үедээ маш их баяртай байлаа. Ялсан өрсөлдөгчөөсөө илүүтэй дараагийн тоглолтоо бодож байсан.
-Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтын тухайд?
-Уг нь би өөртөө их итгэлтэй байсан. Гэхдээ санаснаар болсонгүй. Миний бие нэг л сулбагар байсан.
-Шалтгаан нь юу байв?
-Миний жинтэй л холбоотой байх даа. Олон өдрийн турш жин хасч, жингээ барих гээд их ядарсан. Сүүлийн өдөр жингээ үзүүлчихээд хоол идэж чадахгүй, дотор муу байсан. Цай, ус ууж, аргацааж байгаад л тоглосон. Өглөө жингээ үзүүлчихээд сэргэлт авч чадаагүй л дээ. Нэг талаар өрсөлдөгч тамирчиндаа боломж олгосон. Тулааны үеэр багш нар тактикийн зөвлөгөө их өгсөн. Би ч чадах чинээгээрээ тоглосон, гэхдээ ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Кубын тамирчин ч хүчтэй өрсөлдөгч байлаа. Дараа нь дахиж бид хоёр таарч тоглох байх. “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэдэг шүү дээ. Тиймээс надад одоо хэлэх үг байхгүй ээ. Тэр бол сайн тамирчин байсан. Сүүлд таарахдаа түүнд амжилт хүсээд өнгөрсөн дөө.
-Хэдэн кг жин хасч тоглосон бэ?
-Долоон кг гаруй. Бараг 20 хоног жин хасаад барьчихсан.
-Өрсөлдөгч тамирчин нь хамгаалалт сайтай тамирчин шиг харагдсан. Ер нь бол аваргын төлөөх тоглолтод цэвэр тактикийн тоглолт хийж байх шиг санагдсан…
-Кубын тамирчны хамгаалалтаас илүү миний цохилт маш сул байсан. Ерөөсөө хүч гарахгүй, хамгаалалтыг нь сэтэлж чадахгүй, сүүлдээ өөрөө цуцаад. Тэр тоглолтынх шиг тэгж их ядарч үзээгүй. Эхний үе дуусахад л маш их ядарсан. Тоглолтын өмнө ч гэсэн зүгээр алхаад явж байхад ч бие эвгүйрхээд, сульдаад, хөлөө зөөхдөө хүртэл өөрөөсөө их хүч гаргаж байсан. Тэр байдал тоглолтын үеэр ч хэвээр байсан. Гуравдугаар үед бол тархи ажиллахаа больчихсон. Нэг оноо дутуу байсан болохоор оноогоо нөхөж, ажиллах гээд чадахгүй. Багш нар рингний гаднаас зөвлөгөө өгч байсан ч багшийнхаа үгийг хүлээж авах чадваргүй болчихсон байлаа. Толгой руу цохиж, оноо авах гэж дайраад, ерөөсөө “оноо авах, оноо авах” гээд л бодоод байсан.
-Улайрчихсан?
-Тийм. Бүр улайрчихсан хэрнээ оновчтой цохиж чадахгүй. Хөдөлж ч чадахгүй. Сэтгэл байсан, их хичээсэн ч яаж ч болохгүй байлаа.
-Ялангуяа тоглолтын сүүлийн хэдэн хором зурагтаар үзэхэд ч нүд халтирам байсан. Баярласан, сандарсан, догдолсон, түгшсэн гээд…
-/Инээв/ Тоглолтын сүүлийн 20 секунд орчим үлдээд байхад бодож байлаа. “Хэрвээ энэ 20 секундэд Кубын тамирчин оноо илүү болчихсон бол…” гэсэн бодол тархинд зурсхийгээд л гарсан. Шууд харанхуйлаад, ямар ч ирээдүй байхгүй юм шиг, тийм зүйл хэрхэвч байж болохгүй гэж бодоод, тэгээд л байдаг чадлаараа дайрчихсан, оноо авах гээд.
-Шүүлтийн тал дээр асуудалтай байна, гомдолтой байна гэх хүмүүс олон байлаа. Мэдээж элэг нэгт монголчууд бүгд дэмжиж байсан болохоор тэгж харахыг үгүйсгэхгүй. Таны хувьд шүүлтийн тал дээр юу хэлэх вэ. Яг тоглож байх үед та өөрөө юу гэж бодож байв?
-Тоглолтын нэгдүгээр үед нэг оноо дутуу өгсөн. Хоёрдугаар үе дуусахад нэг оноо дутуу хэвээр байсан. Би дотроо оноогоо нөхчихсөн, нэг, хоёр оноогоор илүү ч гарсан байх гэж тооцоолж байлаа. Гуравдугаар үед миний өөрийн тооцоогоор өрсөлдөгчийнхөө хойд гарт нэгээс хоёр удаа оногдсон, урд гарыг нь ч гэсэн нэлээн хэд мөргөсөн. Тоглолт дуусаад шүүгч ялагчийг зарлах хүртэл “Яасан бол” гэж догдлоод, ямар ч байсан өөрийгөө хожигдчихлоо гэж бодоогүй. Хэн гэдгээ ч мэдэхгүй догдолж байсан. Харин шүүгч ялагчийг хөх булан гээд зарлахад ялагдсанаа мэдсэн. Түүний өмнө бол ялсан ч гэж бодоогүй, ялагдсан ч гэж бодоогүй. Шүүгч ялагчийг зарлах мөчийг л хүлээж байлаа.
-Тоглолтын явцад тамирчид өөрсдөө тоглолтын онооны харьцааны талаар баримжаа авах бололцоо хэр байдаг юм бол?
-Баримжаа авах боломж байгаа. Гэхдээ тухайн шүүгчээс их шалтгаалдаг. Зарим үед шүүгч нар оноог шүршчихдэг. Заримдаа бол оноод байхад оноо өгөхгүй ч үе бий. Ер нь улс, улсын шүүгчдийн онцлог юм уу даа, тэр нь. Тийм ч болохоор би тоглолтынхоо тактикт анхаардаг болсон. Өмнө нь шүршиж, их ажиллаж тоглодог байсан. Харин сүүлийн үед харж, анаж байгаад хойшоо гэдийтэл нь яг оновчтой цохилт хийхийг боддог болсон, яг точный. Тийм бэлтгэл хийж, тэгж тоглож байгаа. Тоглолтын явцад цохиулаад ирэхээр оноо алдаж байна, одоо дайрахгүй бол болохгүй ч гэдэг юм уу, тийм байдлаар онооны багцаа авдаг.
-Кубын тамирчин ялагчийг зарлах хүртэл өөртөө их итгэлтэй харагдаж байсан. Тэгэхээр өөрөө тоглолтын дүнг тооцоолоод, ялсан гэсэн тооцоотой байсан байх нь ээ?
-Ер нь Кубын боксчид их хөөрүү хүмүүс байдаг. Түүнээс биш илүү гарсандаа баярласан гэж бодохгүй байна.
-Хэн хэнд нь л эргэлзээ байсан гэж үү?
-Тийм. Хэн хэн нь л эргэлзэж байсан байх.
-Мөнгөн медалиа зүүж байх үед яг юу бодогдож байв?
-“Ёооё, юу болчихов оо” л гэж бодсон. Мөнгөн медалиа авчихаад зогсч байхад “Куба. Олимпийн аварга” гээд зарлахад аймаар их харамсч байлаа. “Төрийн дуулал эгшиглэнэ” гээд англиар зарлах тэр мөч үнэхээр аймаар байсан. Тээр өндөрт, дээр байсан сэтгэл зүй газарт навс гээд унах шиг л болсон. Уйлаад, харамссандаа уйлсан. Тэр оройдоо ч гэсэн их харамссан. Би яачихав аа, ийм олон жил хүлээж, хөдөлмөрлөчихөөд… хэрвээ, хэрвээ гээд л… Хэрвээ дахиад гуравдугаар үе эхлэх мөчид очоод, би ядраагүй байсан бол гэж их бодогддог юм билээ. Энд нэг зүйлийг хэлэхийг хүсч байна…
-Тэгэлгүй яахав?
-Финалын тоглолтод дасгалжуулагч муу ажилласан, тактикийн чанартай зөвлөгөө өгөөгүй гэсэн шүүмж олны дунд их байна лээ. Тэр тал дээр хүмүүс зөв ойлгоосой гэж хүсч байна. Хоёр багш маань байж болох бүхнийг хэлж, надад зөвлөсөн. Би бол миний өөрийн, хувийн алдаа гэж дүгнэж байгаа. Багш нар маань бүгд надад тусалж, дэмжиж, аварга болгохын төлөө сэтгэл зүйн хувьд ч сайн ажилласан.
-Дасгалжуулагч хичнээн хэлж зөвлөсөн ч хүлээж авах чадваргүй болсон байсан гэж үү?
-Тийм. Түүнээс гадна мөнгөн медалийн төлөө тоглосон шиг тийм эрч хүч байсан бол алтан медаль маш ойрхон байлаа.
-Үнэхээр аваргын алтан медалийн оосроос атгаад алдлаа?
-Атгаад л алдсан даа. Дараа Кубын тамирчинтай дахиж таарах байлгүй. Тэр үед л харъя даа гэж бодож байна. Нүдээд өгнө өө /инээв/. Үнэхээр тэр мөчийг бодохоор сэтгэл хүнд байна. Дараа заавал, заавал ялна гэж бодож байгаа. Өөрийнхөө алдаанаас, хариуцлагагүй байдлаас болж хожигдсон. Надад түүнийг хожих бүрэн бололцоо, нөөц байсан. Гэтэл яагаад тэр өдөр миний бие тэгж сонин эвгүйрхсэн юм, бүү мэд. Цаанаасаа л болоогүй байх.
-Ер нь олимпийн шүүлтийн тухайд юу хэлэх вэ. Зурагтаар үзэж байсан хүмүүс боксын шүүлтэд их сэтгэл дундуур байсан. Монголын төдийгүй гадны хэвлэл, телевизүүдээр ч энэ талаар их ярьсан л даа. Олимпийн уур амьсгал дунд байсан хүний хувьд юу хэлэх вэ?
-Олимп гэдэг утгаараа олон нийтийн өмнө ил байсан учраас харьцангуй гайгүй байсан гэж бодож байна. Шүүлтэд бол нээх ач холбогдол өгөхгүй л байна.
-Аваргын төлөөх тоглолтын өмнө сэтгэл зүй хэр байв. Тулаанд бэлэн байсан уу?
-Би бол тулаанд бэлэн байсан. Зарим хүмүүс намайг залуу хүүхэд, сэтгэл зүйн бэлтгэл дутуу гэж байна. Залуу байхаараа заавал догдолж, сандарна гэсэн зүйл байхгүй ээ. Ер нь би амьдралаас их зүйл суралцсан. Их ч хатуужсан. Тиймдээ ч сэтгэл хөдлөлөө барьж, дарж чаддаг юм болов уу гэж боддог. Сэтгэл санааны хувьд бол тайван байсан. ОХУ-ын боксчинтой тоглохын өмнө ч гэсэн тэндхийн сайтуудаар зөндөө мэдээ гарсан. Намайг нервтүүлэхээр зүйл их бичсэн байсан. Гэхдээ тэдгээр үг надад нөлөөлөөгүй. Учир нь би олимпод амжилттай оролцохын тулд зөндөө их хичээсэн, их бэлтгэсэн, их хөдөлмөрлөсөн. Догдолж, сандраагүй, харин ч эсрэгээ нягтарч, зорилгынхоо төлөө, алтан медалийн төлөө хичээсэн.
-Сэтгэл зүйтэй холбоотой бас нэг зүйл байна л даа. Олимпийн сүүлийн өдөр, ганцхан Н.Төгсцогт үлдчихсэн байдаг. Өмнөх олимп болох Бээжингээс хоёр алтан медаль, тэр тусмаа боксын төрөлд аваргын алтан медаль авсан болохоор сэтгэл санааны хувьд дарамт ч гэх юм уу, тийм зүйл байв уу?
-Сэтгэл санаанд бол нөлөөлөөгүй. Алтын төлөө хичээсэн ч үнэхээр болоогүй. Ёстой л бурхан намайг олимпийн аварга битгий болоорой гэсэн байх. Финалд Кубын тамирчны оронд Ирландын боксчин байсан ч ялгаагүй, миний бие сулбагар байсан. Өрсөлдөгчөөс биш надаас бүх юм шалтгаалсан.
-Олимпийн боксын тэмцээн болж байсан Лондон дахь “ExCel” ордонд монголчууд маш их цугласан харагдсан. Бүгд монгол тамирчнаа, монгол хүүгээ, Н.Төгсцогтыг дэмжээд. Мэдээж энэ бүхэн танд их урам өгсөн байх?
-Тэгэлгүй яахав. Маш гоё байсан. Зарим үед бүр шал доргиод. Англичууд хүртэл монголчуудтай нийлчихсэн “Mongolia” гэж орилоод л… Үнэхээр бахархмаар, огшмоор. Тэмцээний дараа бид нар Англид амьдардаг монголчуудтай уулзалт зохион байгуулсан л даа. Тэд нар үнэхээр баяртай байсан, “Mongolia, Mongolia” гээд олуулаа орилоход ямар гоё санагдсан гээч. Ер нь монголчууд маань сайхан ард түмэн.
-Олимпийн хугацаанд таны Facebook хуудас их идэвхтэй байсан. Цэнхэр дэлгэцээр, цахим хуудсаар мэдээлэл авахаас гадна Facebook хуудсаар тань дамжуулж, монголчууд тантай ойр байсан. Та ч тулаан бүрийнхээ дараа сэтгэл санааны байдал болоод тоглолтын тухайгаа бичиж байсан шүү дээ. Ингэхэд танай Facebook дэх фен хуудас хэдэн Like-тай болоод байна. Магадгүй хамгийн олон Like цуглуулсан Монголын тамирчин байх?
-Тоглолт бүрийнхээ дараа Facebook-тээ юм бичиж үлдээж байсан. Тэр болгонд хүмүүс, Facebook хэрэглэгчид сэтгэгдэл бичиж, Like өгч, урмын үгс харамгүй бичиж байсан. Одоо ч гэсэн тэдгээр хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Жингээ хасаад их ядарч байсан ч тэдгээр үгс намайг хөл дээрээ бат зогсох урам хайрлаж байсан.
-Хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчинтай тоглож, ялчихаад та Facebook хуудсандаа бичсэн байсан шүү дээ. “Дөрвөн жилийн өмнө Бээжингийн олимпийг харж, ах нарынхаа тоглолтыг шимтэн үзэж байснаа тод санаж байна. Тэр үед олимп гэдэг миний хувьд тээр алсад гэрэлтэд од шиг л төсөөлөгдөж байсан. Гэсэн ч би зөвхөн үүнд л зорьсон. Ямартай ч зорилгынхоо үзүүрээс атгаад авлаа” гэж…
-Мэдээж олимпийн медаль миний мөрөөдөл байсан. Эхлээд медаль авчих юм сан гэж хүсч, зорьж байлаа. Нэгэнт медалийн оосроос атгаад авчихсан, цаашлаад мөнгөн медаль, гэтэл финалд ялагдаад… /хэсэг бодолхийлэв/. Хэдийгээр мөнгөн медаль хүртэж, мөрөөдөлдөө хүрсэн ч эцсийн мөчид харамсах сэтгэл төрж байлаа. Хүн гэдэг угаас их шуналтай байдаг байх. Ямар нэг зүйлийг хүсч мөрөөднө, түүндээ хүрэхээр улам даварна, өөр юм хүснэ.
-“Сэтгэл санаагаар нэлээд уналаа. Өнөөдрөөс сэтгэл сэргэж байна” гэсэн утгатай зүйлийг бас Facebook-тээ бичсэн байсан. Эх орондоо, Монголдоо ирэхэд хүмүүс хэрхэн угтаж авсан бэ?
-Үнэхээр сайхан угтаж авсан. Онгоцноос буугаад нисэх буудлын хаалгаар гарахад хүмүүс мөрөн дээрээ өргөөд, хөл дээр гишгүүлэхгүй машинд суулгачихсан. Хүн болгон үнсээд, гэр бүлийнхэн, аав ээжтэйгээ уулзаад, нисэх дээр цугласан хүн бүр баяр хүргэж, алга ташаад… Үнэхээр сайхан, дэндүү гоё байлаа. Сайны хажуугаар саар гэж ярьдаг даа. Замд хүмүүс хэдий мөнгөн медаль авсан ч алтан медаль байсан бол гэж ярихад нь дотор зураад л явчихсан. Нээрээ юу болчихов оо гэж бодогдож байлаа.
-20 настай залуу гавьяат олимпиос мөнгөн медальтай эх орондоо ирлээ. Хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна уу?
-Хүмүүсийн хандлагыг одоохондоо сайн хэлж мэдэхгүй байна. Хүн болгон баярлаж, инээж, угтаж байна. Мэдээж хэрэг маш олон хүн намайг таньдаг болсон байна. Бүгд л надтай сайн сайхан харьцаж байна.
-"Одоо ингээд бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд, амжилтаа ахиулаарай. “Оддын өвчин” тусчихав" гэх хүмүүс ч бас байна?
-Би хүссэн амжилтдаа хүрээгүй байна. Тэгэхээр би ямар нэр, нүүрээрээ тэгэх вэ дээ. Одоо удахгүй бэлтгэл, сургуулилтаа хийж эхэлнэ. Дараа, дараагийн тэмцээн, уралдаандаа бэлтгэнэ. Ер нь би чөлөөтэй, тайван байхыг хүсдэг. Тэмцээний рингэн дээр ч тайван байхыг хичээдэг. Хүссэнээрээ л амьдрах сайхан шүү дээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Засгийн газрын тогтоолоор олимп, дэлхийн аваргын медальтай тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгож байхаар шийдвэрлэлээ. Мэдээж тамирчид үүнийг баяртай хүлээж авсан. Таны хувьд?
-Тэгэлгүй яахав. Мөнгөн урамшуулал тамирчдад их хэрэгтэй. Ялангуяа өсвөрийн, залуу тамирчдад их урам өгөх байх. Ийм амжилт гаргавал тийм гавьяа, шагнал хүртэнэ гэдгээс илүү амжилтаа үнэлүүлж, амьдралын баталгаатай болох учир өсвөрийн тамирчид, дүү нарын маань хичээл зүтгэлд их нэмэр болох байх гэж бодож байгаа. Миний хувьд Ерөнхийлөгчийн энэ зарлигийг маш баяртай хүлээн авсан. Би залуу тамирчин, цаашид бокс тоглохоо больсон ч спортын төлөө зүтгэхэд энэ мөнгөн урамшуулал амьдралын минь баталгаа болох байх.
-Та сая хэллээ. Боксын спортоо орхисон ч гээд. Ер нь цаашдын зорилго, төлөвлөгөө юу байна вэ?
-Зорилго гэвэл их зүйл бий. Хамгийн ойрын зорилго гэвэл ирэх жилийн дэлхийн аварга. Он гараад Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тивийн аваргаас алтан медаль авч үзээгүй. Тийм болохоор эхлээд Азийн аварга, дараа нь дэлхийн аваргад бэлтгэж, хичээнэ дээ.
-Тамирчны хувьд зорилго тань тийм байж. Н.Төгсцогт гэж хүний хувьд ямар зорилго тээж явна вэ?
-Сурах. Мэдлэг боловсролтой болно гэж бодож байна. Диплом худалдаж авна аа гэхгүй юү /инээв/. Тоглосон юм шүү. Боловсролдоо л анхаарна даа. Толгойгоо цэнэглэнэ.
-Тамирчин болоод ер нь хэр өөрчлөгдсөн бэ?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би маш их өөрчлөгдсөн. 2008 онд бэлтгэлээ маш их, бүр маш их тасалдаг байсан. Жаахан, өсвөрийн шигшээд тоглодог байлаа. Сав л хийвэл бэлтгэлээ тасалчихна. Сар, хоёр сараар таслаад алга болчихно. Хичээлээ ч, бэлтгэлээ ч тасална /инээв/. 2008 оны арванхоёрдугаар сарын нэгэн байсан юм. Багш маань гэрт ирээд бэлтгэлээ битгий таслаад бай гэж загнаж, загнаж явсан. Тэр өдөр намайг суран тэлээгээр нуруу руу гурван ч удаа ороолгоод, би уйлаад. “Би дахиж таслахгүй” гээд амлаж байсан юм. Он гараад насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байсан. Тэгээд би багшдаа “Одоо би бэлтгэлээ таслахгүй. Улсын аваргад орно” гэж хэлж байлаа. 16 настай хүүхдийн хувьд насанд хүрэгчдийн улсын аварга гээд бас л чанга тэмцээн. Тэгээд л хамт бэлтгэлээ хийж, тэмцээндээ бэлтгээд, улсын аваргад түрүүлж байсан.
-Тэгээд дахиж бэлтгэлээ таслаагүй биз?
-Үгүй, таслаагүй /инээв/. А.Гантулга багш миний төлөө маш их зүйлийг хийсэн. Аав маань гадаадад ажилладаг болохоор үргэлж дэргэд минь байгаагүй. Тэр үед аавын оронд аав болж, миний төлөө их зүйлээ золиосолсон, надад бүхнийг зөвлөж, хэлж, ярьдаг. Хичээлээ тасалбал сургууль дээр очоод багштай уулзчихна, бэлтгэлээ тасалбал эмээ рүү залгаад ховлочихно. Хичээл тарахаар сургууль дээр ирээд намайг дагуулаад явна. “Чи ичихгүй бол би ингээд байж байя” гээд л… Тийм их ачтай хүн бол А.Гантулга багш минь. “Миний хүү удахгүй олимп, дэлхийн аварга болно” гэж хэлдэг байсан. Тухайн үед би жаахан байсан болохоор надаар заавал бэлтгэл хийлгэх гэлээ гээд төвөгшөөнө. Одоо бодоход хүнээ зөв таньсан юм шиг санагддаг юм. Багшдаа маш их баярлаж явдаг. Тэр үеэс л бэлтгэл сургуулилтаа таслахгүй хийж, хичээж, огт өөр Төгсцогт болсон доо.
-Аав нь БНСУ-д ажиллаад удаж байна уу. Олимпийн мөнгөн медальтай хүүгээ тосохоор Улаанбаатарт ирсэн байсан. Аавтайгаа хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Нэлээд хэдэн жил болж байгаа. Монголд ирээгүй удсан ч би тэмцээн, уралдаанаар гадагшаа явахдаа уулздаг. Сүүлд өнгөрсөн жил нэг уулзсан. Намайг тосохоор Монголд ирээд, өнөөдөр өглөө /VIII.20/ буцсан.
-Н.Төгсцогтын охин дүү нь бас боксын спортоор хичээллэдэг байх аа. Ахын хувьд юу гэж зөвлөж байна вэ?
-16 настай, өсвөр насанд тоглодог. Би л жаахан юм сураг гээд оруулчихсан хэрэг.
-Таныг ажаад байхад ерөөсөө зүгээр суухгүй юм. Өрөмний өт шиг гэдэг дээ. Их сахилгагүй хүүхэд байсан байх аа. Ер нь яаж яваад боксчин болчихов. Хэдэн оноос бокс тоглож эхэлсэн бэ?
-2006 онд наймдугаар ангид байхдаа анх боксоор хичээллэж эхэлсэн. Багаасаа л бокс тоглох сонирхолтой байсан. Намайг бүр таван настай байхад өвөө маань лап цохиулдаг байсан. Долоо, найман настай байхдаа хашаандаа зоосон элсийг цохидог байлаа.
-Өвөө нь спортын хүн байсан юм уу?
-Өвөө маань цэргийн хүн байсан. Намайг багад боксын бээлий байдаг байсан юм. Эмээ, өвөөгөөрөө ээлжилж юм бариулж байгаад л цохино. Багадаа ер нь сав л хийвэл өрөлт аваад, зодоон, цохионы хөдөлгөөн хийчихнэ.
-Атаман байв уу?
-Атаман ч арай биш ээ. Гэхдээ зодоон бол хийдэг байсаан. Жижиг биетэй болохоор зарим нэг нь дээрэлхэнэ. Хүнд дээрэлхүүлэхгүй гээд л зодолдоно.
-Медалиа гардчихаад рингнээс бууж ирээд сэтгэгдлээ хуваалцахдаа гэр бүлийнхнийгээ санаж байна гээд л гомдлын нулимс дүүрэн ярьж байсан. Гэрийнхнийгээ их санав уу?
-Аваргын төлөөх тоглолтын өмнөх өдөр жингээ хасах гээд гүйлтийн зам дээр сөхөрч унах шахам гүйж байхдаа гэрийнхнийгээ бодож, сэргэж байсан. Тархиа хуураад л… “За, би одоо гэр бүлийнхэнтэйгээ хөдөө сайхан талд оччихсон байна. Зугаалж, амарч байна. Эмээ маань амттай хоол хийгээд, аргалын утаа үнэртэж байна” гэж төсөөлөөд л. Орчноосоо тасарч, өөрийгөө хүчээр тийм төсөөллийн ертөнцөд аваачиж, жингээ хасдаг. Гэр бүлийнхээ бол их санасан. Санахаас ч аргагүй ш дээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд ер нь гэртээ байсан нь ховорхон. Тэмцээн, уралдаан, бэлтгэл сургуулилт гээд л.
-Н.Төгсцогт “World Series of Boxing” буюу Дэлхийн лигт хүч сорьсон. Хагас мэргэжлийн гэгдэх лигийн тэмцээн таны хувьд олимпийн бэлтгэл байсан уу?
-WSB-т хоёр улирлын турш тоглосон. Дажгүй шүү. Гэхдээ сөрөг тал нь бэртэл авах эрсдэл ихтэй. Би л гэхэд хамраа хоёр удаа хугалсан, мөргөлдөөд, бас гараа хугалаад амжсан. Бусад талаар бол сайн сайхан зүйл их бий.
-Та Азербайжаны “Баку Файерс” багт тоглож байсан. Олимпийн рингэн дэх эхний өрсөлдөгч тань тэр багт хамт бэлтгэл хийж байсан тоглогч байсан шүү дээ?
-Тийм. Бакуд очоод олон сайхан найзтай, хамт олонтой болсон. Тэр багаас олимп, дэлхийн аваргын медальтай олон тамирчин төрлөө. Би ч бас тэдний нэг шүү дээ.
-Бэлтгэл сургуулилтын хувьд манайхаас хэр ялгаатай вэ. Хагас мэргэжлийн гэдэг утгаараа рингэн дээр тулалдах хугацаа өөр, тэр хэрээр бэлтгэлийн эрчим бас ялгаатай байх уу?
-Бэлтгэлийн эрчим нэлээд ялгаатай. Мэргэжлийн лиг олон раунд тоглодог, рингэнд олон минут тоглоно. Тиймээс тоглолтын ритм удаан, эрч хүч бага зарцуулдаг. Бэлтгэл хийхдээ ч ачаалал бага авч, бага багаар бэлтгэл базаана. Харин сонирхогчдын бокс цөөн үе, цөөн минут тоглодог болохоор тамирчнаас хурд, богино хугацаанд сайн ажиллахыг шаарддаг. Тэр хэрээр ачаалал ихтэй, эрчимжүүлсэн бэлтгэл их хийдэг. Бэлтгэл сургуулилтын хувьд бага ч болов туршлага хуримтлуулж, оросуудаас боксын мэдлэгт суралцсан. Бас нэг сөрөг зүйл нь хөдөлгөөн жаахан муутай болсон.
-Бакугаас ирээд Азийн аварга, дараа нь дэлхийн аварга гээд тааруу амжилт үзүүлсний шалтгаан тэр болжээ дээ?
-WSB-гээс ирээд хөдөлгөөнөө сэргээх гэж бэлтгэл хийсээр байтал таарсан. Азийн аварга хүртэл хугацаа бага байсан болохоор амжилт гаргаж чадаагүй нь бас WSB-тэй холбоотой гэж болно оо.
-Тамирчин хүнд ялалт, ялагдлын аль аль нь ирдэг. Одоо ингээд бодоход Лондонгийн олимп танд ямар сургамж үлдээсэн бэ?
-Олимпийн дараа жин хасахаа багасгая гэж бодлоо. Тэгэхээр жин өгсч тоглоно гэсэн үг. 56 кг-д. Хүчний бэлтгэл хийгээд, ажиллагаагаа сайжруулъя гэж бодож байна. Ойрын хурд, тэсрэлттэй аттак хийх тал дээр анхаарна аа.
-Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Мэдээж энэ амжилтад хөтөлсөн, амжилт гаргахад тусалж, дэмжсэн хүмүүст баярлаж, талархсанаа тухайн үедээ илэрхийлж байсан. “Ардын эрх” сонин, NEWS.MN сайтаар дамжуулан тэдгээр хүмүүст талархлын үгээ хүргэх үү?
-Монгол Улсын Засгийн газар, МҮОХ, БТСГ-т баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн Олимпийн боксын холбоондоо маш их баярлалаа, чин сэтгэлээсээ гэж хэлмээр байна. Өнгөрсөн жил хагасын хугацаанд МОБХ маш идэвхтэй ажилласан, их зүйлийг хийсэн. Шинэчлэгдсэн бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж, дотоодын тэмцээн, уралдааныг хүртэл өндөр төвшинд зохион байгуулах болсон. Та бүхэн санаж байгаа байх, энэ жилийн УАШТ-ийг гадаадын том тэмцээний төвшинд зохион байгуулсан. Бэлтгэлийн заал, танхимаа ч гэсэн бүрэн шинэчлээд байна. Мөн боксынхоо бүх багш нарт, А.Гантулга багшдаа, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, Э.Сайнбилэг, Н.Мөнхнасан, Д.Батсүрэн, Ц.Амаржаргал гээд боксын спортыг хөгжүүлэхээр зүтгэж яваа багш нартаа бүгдэд нь баярлалаа. Эцэст нь, боксын спорт мандан бадрах болтугай. Монгол Улсын тамирчид спортын бүх төрөлд тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж байх болтугай гэж хүсмээр байна.
Дүрстэй мэдээг ЭНД дарж үзнэ үү