Бирж нь түүхий эд нийлүүлэгчид болон худалдан авагчдыг холбож, арилжаа хийх зарчмаар ажиллана. Энэ худалдаа нь биржийн журмаар цахим орчинд явагдах бөгөөд брокер дилерийн компаниуд зуучлах үүрэг гүйцэтгэх ажээ. Хуулийн дагуу Монгол Улсад зөвхөн нэг түүхий эдийн бирж байх ба танхимаар шууд болон цахим орчинд арилжаанд оролцох боломжтой юм. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газрын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Энх-Амгалангаас тодрууллаа.
-Бирж байгуулах ТЭЗҮ бэлэн болсон гэж дуулсан. Одоогоор бирж байгуулах ажил ямар явна вэ?
-Хөдөө аж ахуйн түүхий эд худалдаалахыг төрийн бодлогоор нэг цэгцэнд оруулах биржийн хууль батлагдаад хэрэгжээд эхэлсэн. Энэ хугацаанд багагүй зүйлийг хийлээ. Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, биржийн бүхий л асуудлыг шийдвэрлэх зохицуулах зөвлөлийг байгуулсан. Энэ нь 13 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд долоо нь төрийн бус байгууллага, зургаа нь байгууллагын төлөөлөл юм. Мөн биржийн хуулийг дагалдсан 15 журмыг боловсруулж байна. Үүний тал нь бэлэн болчихсон, зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэж байгаа. Цаашид биржийн компанийг байгуулах ажил төр засгаар шийдвэрлүүлж байгуулах учир одоогоор шинэ Засгийн газрыг хүлээж байна. Түүний дараагаар бодит бүтээн байгуулалт болон арилжааны системийнхээ ажилд орох юм.
-Биржид зайлшгүй шаардлагатай түүхий эдийг агуулах савны боломж, бололцоо хэр байна?
-Өнөөдөр улсын хэмжээнд бараа, түүхий эдийн чиглэлээр ажиллаж байгаа 2000 гаруй чөлөөт худалдаачид буюу бидний хэлдгээр ченжүүд байна. Энэ худалдаачдын 320 мянган метр кв агуулах байна. Эдгээр нь энгийн агуулах бөгөөд стандартын шаардлагад нийцэж байна уу гэдгийг нарийн тооцох хэрэгтэй. Нийтдээ 320 мянган метр кв агуулах гэхээр их агуулах гэж төсөөлөгдөж байгаа ч энэ нь биржийн стандартыг хангах бололцоогүй. Тиймээс агуулахын тооцоо судалдааг хийх хэрэгтэй байгаа.
-Биржийг эзэмших эрхийг хэрхэн шийдэх вэ?
-Энэ нь одоогоор хоёр хувилбартай яригдаж байна. Биржийг 100 хувь төрийн эзэмшилд байлгах уу, 34 хувийг төр эзэмшиж, үлдсэнийг хувьд шилжүүлэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй болно.
-Түүхий эд бэлтгэгчдийг арилжаанд оролцуулахын тулд ямар шаардлага тавих вэ?
-Ер нь санхүүгийн зах зээлийн мэдлэгт, туршлагатай бол биржийн арилжаанд хэн бүхэн оролцож болно шүү дээ. Малчид, түүхий эд бэлтгэгчдийн арилжаанд оролцох хамгийн боломжит хувилбар нь хоршоо. Өөр нэг зам бол тариаланчид компанийнхаа шугамаар үр тариагаа зарж, арилжаанд оролцохын тулд брокерийн компаниар дамжуулна. Энэ жил Засгийн газраас хоршооллын жил болгон зарласантай холбоотойгоор аймаг, сумдад хоршооллын чадварыг дээшлүүлэхийн тулд жижиг дунд үйлдвэрүүдийн хөрөнгийг тийшээ нэлээн оруулсан байгаа.
-Хоршооллын өнөөгийн байдал хэр байгаа вэ?
-Одоо бол ерөнхийдөө хоршоод эзэн төвтэй, 8-9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Тиймээс цаашдаа сум дундын, өргөн хүрээг хамарсан, олон гишүүнтэй байх шаардлагыг тавьж байгаа. Тэгэхээр багадаа 100 хүнтэй хоршоо бат бөх, үр бүтээлтэй байх нь. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд ч гэсэн олон төрлийн үйл ажиллагаатай байх хэрэгтэй. Нэг суманд дунджаар 2-3 томоохон хоршоо байх нь тохиромжтой гэж харагдаж байна.
-Хоршооллыг дэмжих тал дээр төрөөс ямар бодлого баримталж байна вэ?
-Төрөөс Хоршооллыг дэмжих аяныг амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ онд хоршооны чиглэлээр Хүнс хөдөө аж ахуйн сайдын багцад хоёр тэрбум төгрөгийг суулгаад хэрэгжүүлж байна. Мөн сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хүрээнд хоршооны чиглэлд хөрөнгө оруулж байгаа л даа.
-Арилжаанд зуучлах брокерийн компаниудад ямар шаардлага тавих бол?
-Брокер дилер, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв хариуцан ажиллана. Тодруулбал, брокерийн эрх олгох, арилжааны өдөр тутмын үйл ажиллагаанд Монголын хөрөнгийн бирж хяналт тавьж, зөвлөнө.
-Бирж байгууллаа гэхэд, цаашдаа идэвхжүүлэхийн тулд ямар бодлого баримтлах вэ?
-Арилжаанд иргэдийг татан орууолахын тулд хэлсэнчлэн урамшууллын бодлогыг баримтлах нь зохистой. Жишээ нь, ноос, улаан буудайнд олгодог урамшууллыг биржийн арилжаанд оролцсон түүхий эд боловсруулагчдад олгох байдлаар идэвхжүүлж болно.