Сургууль, цэцэрлэгийг хойшлуулъя

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Сургууль, цэцэрлэгийг хойшлуулъя

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхээн хоног үлджээ. Гэсэн хэдий ч нийслэлд эхэлсэн зам засварын ажлаас нэг нь ч бүрэн дуусч ашиглалтад ороогүй, засвартай хэвээр байна. Өнгөрсөн зуны туршид нийслэлийн гол, гол гэгдэх замуудыг хааж есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн хэдий ч энэ янзаараа бол ирэх сард байтугай дараагийн сард засвартай замуудын ажил дуусах эсэх нь эргэлзээтэй байна. Зам засаагүй, хааж боогоогүй үед хичээл сургууль орохоор хэр их түгжрэлтэй байдаг билээ дээ. Зуун айлын гүүр, Сансарын зүүн тунелын зам, Долоон буудлын зам гээд засвартай байгаа замуудыг жагсаавал нэлээд урт жагсаалт гарах болов уу.

Дашрамд сануулахад засварын ажил энэ жил бүхэлдээ оройтож эхэлсэн. Сонгуулиар дарга нарыг дагаж сэвээд, дараа нь баяр наадам үргэлжлээд ажлаа ганд нь хаясан хотынхон, зам засварын компаниуд шинэ хичээлийн жилийн сургаар ааг амьсгаагүй зүтгээд ч цагтаа амжихааргүй болоод байгаа. Ядаж байхад наадмаас хойш хур бороотой ихтэй байсныг хэлэх үү, засварын ажил цагтаа дуусахгүй нь ойлгомжтой боллоо. Дээр нь энэ жил өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад зам засварын ажил энд тэндгүй зэрэг зэрэг эхэлснийг хэлэх үү. Тэр хэрээр ч нийслэлийн авто замууд түгжрэлээр дүүрэн байна.

Замын түгжрэл, бөөгнөрөл үүсгээд байгаа энд тэндгүй ухаад, төнхөөд хаясан, хааж боосон замтай энэ үед ажил хийж байгаа цөөхөн хүмүүс нь ажилдаа явж чадахгүй байхад сургууль, цэцэрлэгийг ажиллуулаад эхэлбэл жинхэнэ гамшиг болох  нь гарцаагүй. Бага ангийн хүүхдүүд, цэцэрлэгийн хүүхдүүдээ зөөсөн эцэг эхчүүд, автобусанд мөнгө төлсөн, төлөөгүй шахцалдсан оюутнууд, арван жилийнхэн, багш сурагчид гээд хотын хөдөлгөөн даруй хоёр дахин нэмэгдэх нь тодорхой. Тиймээс нийслэлийн замыг засч дуустал хичээл сургууль орох хугацааг хойшлуулахаас өөр шийдэх гарц алга. Нэг нь замаа зассан болоод, нөгөө ашиглалтад авсан болоод өнгөрлөө гэхэд хальт хултхан, дутуу дулимаг зассан замууд нь энэ өвлийг ч өнгөрөөхгүй. Хий дэмий мөнгө үрсэн асуудал болоод өнгөрөх нь тодорхой.

Тэгэхээр ядахдаа их, дээд сургуулиудын хичээлийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлж, энэ хугацаанд замаа чанартай бөгөөд хурдан засахыг хотынхонд санал болгомоор байна. Тогтоосон хугацаанд замаа амжиж засаад, зассан компаниуддаа чанар стандартыг нь хатуу шаардаад, хариуцлага нэхээд явбал дараа дараагийн ажилд сургамж болох биз. Тэгэхгүйгээр есдүгээр сарын 1-нээс өмнө амжиж ийм олон замын засч дуусгана гэвэл ёстой нүглийн нүдийг гурилаар хуурсантай ижил хэрэг болох нь. Дараа жил  дахиад л бөөн хөрөнгө мөнгө урсгаж, дахиад л замаа засах, дахиад замаа хааж боох хэрэг гарна.

Яг үнэндээ есдүгээр сард их дээд сургуулийн хичээл эхэллээ л гэнэ. Ихэнх оюутнууд нь хичээлдээ суудаг бил үү. Шинэ хичээлийн жилийн нээлтээ тэмдэглээд амралт зугаалга, шоу цэнгээн эргүүлээд алга болдог нь худлаа биш шүү дээ. Тэгээд ч нэг сар их дээд сургуулиудыг орох хугацааг хойшлуулаа гээд нэг их сүртэй хохирлыг оюутнууд болоод сургуулиуд амсахгүй нь тодорхой. Их л сайндаа багш нар нь нэг сарын цалингаа авахгүй л байна биз. Зам засч дуустал хөдөлгөөнд оролцож байгаа машинуудыг номероор нь ангилах бодолтой байгаагаа хотын захиргааны нэгэн эрхэм зурагтаар ярьж байна лээ. Хөдөлгөөнд оролцох машиныг ангилан ялгахаас илүү их дээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ганцхан сараар л хойшлуулчихад буруудах юмгүй мэт.

Уг нь хотын захиргаанаас их дээд сургуулиудын захирлуудтай уулзаж, хичээл эхлүүлэх хугацааг хойшлуулах хүсэлт тавьсан гэнэ. Харамсалтай нь их дээд сургуулиудын захирлууд хүлээн зөвшөөрөөгүй юм байх. Бодвол нэг сарын өмнө ч болтугай сургалтынхаа төлбөрийг хурааж, багш нарынхаа цалинг тавихаа л бодсон биз. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яам энэ асуудалд нь оролцоод, эвээр асуудлыг шийдэж эдийн засагт болоод олон түмэн, нийслэлчүүдэд хэрэгтэй шийдвэрийг нэг удаа гаргаж яагаад болохгүй байх вэ. Тэгээд ч саяхан боловсролын байгууллагуудын барилгын засварын ажлын гүйцэтгэлд шалгалт хийхэд амралтын гурван сар өнгөрчихөөд байхад засварын ажил дөнгөж 75 хувьтай гарсан байна лаа. Ирэх арваннэгдүгээр сард засвар, шинэчлэлийн ажлаа дуусгана гэсэн сургуулиуд ч мэр сэр байгаа бололтой.

Энэ бүхнээс харахад боловсролын байгууллага, цэцэрлэг сургуулиудын ажил ч, хотын зам засварын ажил ч хичээлийн шинэ жилд бэлэн бус байгаа нь тодорхой болж байна. Хичээлийн шинэ жил эхлээгүй байхад хотын төв замууд хаалттай, засвартай замуудаас болж өглөөнөөс үдэш хүртэл түгжирсээр байгаа. Үүн дээр 160 мянган оюутан, сургуулийн насны хагас сая хүүхдийн тоог нэмбэл хотын хөдөлгөөн юу болох вэ. Нийслэлчүүдийн хувьд ажлын хамгийн том садаа замын түгжрэл болчихоод байгаа. Нэг өдөрт бүтээчих ажлыг л замын түгжрэл, бөөгнөрлөөс болоод гурван өдөр явж байх бүтээх тохиолдол энүүхэнд.

Сургуулиудын захирлууд яах вэ, өөрсдийнхөө эрх ашиг биш юм гэхэд оюутнуудынхаа эрх ашгийг бодсон байж болно. Гэхдээ хэсэг бүлгийн эрх ашгаас илүү нийслэлчүүдийн нийтийн эрх ашиг чухал гэдгийг тэд мартах ёсгүй л байх. Хоёрын хооронд бушуу туулайн үлгэрээр замаа зассан болоод хойтон жил дахиад л энэ зовлонтойгоо нүүр тулах уу, эсвэл хэн хүнгүй энэ засварын ажилд дэм болоод хэдэн жил амар тайван ажиллаж амьдрах уу гэдэг иргэд бидний тэсвэр тэвчээр, үг хэл, үйл хөдлөлөөс бас хамаарах учиртай сануулах юун.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж