Та аль намыг дэмждэг вэ? Ийм асуултыг хэнээс ч асууж болно. Мөн юу ч гэж хариулж болно. Тэгвэл “УИХ-д Монгол Ардын нам бүлэгтэй юу” гэх асуултыг хэн нэгэн улстөрч, улс төрийн хүчин хариулснаар тэр нь үнэн гэсэн үг биш. Ийм тодорхой асуултад өнөөдрийг хүртэл олон янзын хариулт өгсөөр ирснээс болж жинхэнэ үнэн хаа байгаа гэдгийг эргэлзээнд орууллаа.
Уг нь үүнд хариулт өгөх зүйл нь ердөө хууль. Хуулинд юу гэж заасан байна, тэр дагуу ойлгоно гэсэн үг. УИХ-ын тухай хуулинд “Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” гэх заалт бий. Харин МАН-ын гишүүд энэ хугацаанд ирүүлээгүй нь үнэн. Энэ хоёр нөхцлөөс ямар ч эрүүл ухаантай хүн “МАН-ын бүлэг байгуулагдаагүй юм байна” гэх гаргалгааг хийчихэж чадна.
Харин тэд үүнийгээ “УИХ-ын даргын томилгоо, тодруулбал хууль бус зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэнээс ийнхүү бүлэг байгуулах шийдвэрээ өгөөгүй” гэж тайлбарлаж байгаа. Гэвч “хууль бус гэж үзэж буй үйлдэлтэйгээ хуулийн дагуу тэмцдэг болохоос биш хууль зөрчиж тэмцдэггүй” гэх зарчмыг МАН-ынхан тоомсорлоогүйдээ өөрсдөө буруудаж буй нь энэ. “Хууль бус гэж үзэж, хардаж, гомдох, заргалдах” эрх МАН-д бий. Харин “барьцаалах, хууль зөрчих” эрх үгүй. Гэвч хуульд энэ асуултын хариуг заагаад өгчихсөн атал хууль тогтоох байгууллагад орж ажиллах эрх авсан нөхөд юунд өөр утгаар тайлбарлаж байгаа нь хачирхалтай. Хууль зөрчих гээд санаа нийлсэн хүмүүсийн нэгдлийг Эрүүгийн хуулийн нэршлээр тайлбарлаж болно. Хэрэв тэгвэл МАН-ынхныг “үгсэн тохиролцсон бүлэглэл” гэж нэрлэх биз.
ЗӨРҮҮДЛЭХ НЬ ҮР ДҮНД ХҮРЭХ ҮҮ?
“Сөрөг хүчин гэж ташуур шиг байх ёстой болохоос чөдөр шиг байж болохгүй” гэх үг бий. Гэвч МАН нь ташуур байхын оронд өөрсдийгөө “УИХ-д бүлэгтэй хэмээн хүлээн зөвшөөр, эс бөгөөс анхдугаар чуулганыг хаалгахыг зөвшөөрөхгүй” хэмээв. Өмнө нь хамгийн ахмад гишүүн заавал хурал даргална гэж анхдугаар чуулганы эхэнд чөдөр болж байсан бол чуулганы төгсгөлд мөн ийн зөрүүдлэхээр шийдэв. Энэ талаар тус намын бүлгийн дарга Н.Энхболд “Эрх зүйн зохицуулалт дутуу, дутагдалтай байсныг улстөрийн зорилгоор ашиглаж, Монгол Ардын нам бүлэггүй хэмээн мушгиж байна. Анхдугаар чуулган хаахын өмнө манай намын бүлэг байгуулсныг мэдээлэх ажил дутуу байна” хэмээн өөрсдийгөө зөвтгөв.
Уг нь хэдхэн хоногийн өмнө тус намынхан бүлэг байгуулагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн С.Бямбацогт тэргүүтэй гишүүд нь УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан намын бүлэг байгуулах зарчмыг өөрчлөх хуулийн төсөл санаачилж өргөн барихаар болсон тухайгаа мэдэгдэж байсан юм. Гэвч анхдугаар чуулганыг өндөрлүүлээд, ээлжит бус чуулганы эхэнд уг асуудлаа УИХ-д оруулаад шийдчих боломж байсан ч “байгуулагдчихсан гэсэн үг” хэмээн зүтгэхээр шийдэж, өмнө ярьснаа үгүйсгэж эхлэв.
МАН БҮЛЭГ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Уг нь өөрөөр тайлбарлах гэж оролдоод буй хуулийн энэ заалтыг МАН үнэмлэхүй олонх байхдаа УИХ-ын дарга Ц.Нямдорж хурлыг даргалан баталж байсан аж. Гэвч хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-д МАН-ыг бүлэгтэй болгох боломжийг өрсөлдөгч намынхан нь өгчихье гэж байгаа ч МАН-ын зарим хашир гишүүд “өөрсөд шиг нь амнаасаа буцаж магадгүй” гэж хаширласнаас Анхдугаар чуулганы эхэнд болон төгсгөлд оролцохоос татгалзав.
УИХ-д суудалтай бусад намууд нь нэгдэж нягтраад МАН-ыг бүлэггүй байлгах гээд үхэн хатан зүтгээд буй бол өөр хэрэг. Уг нь бол МАН-ынхныг “хуулийн төслөө санаачлаад оруулаад ир. Тэгэхээр нь дэмжие. Хуулиар бүлэг байгуулагдаагүй байхад бид бүлэг хэмээн хүлээн зөвшөөрөх боломж алга” гэж Ардчилсан намын гишүүд уг нь мэдэгдэж. Үнэхээр МАН-ын сул гишүүдийг УИХ-д бүлэгтэй болгох боломж нь хуульд өөрчлөлт оруулах л байгаа тул тэд ийнхүү “буулт” хийж буй аж. Хэрэв МАН-ын хэлсэн зоргоор бүлэг хэмээн хүлээн зөвшөөрчихвөл тухайн шийдвэр нь жинхэнэ утгаар Үндсэн хуулийн цэц дээр очиж унах нигууртай.
Угтаа бол ирэх дөрвөн жилд хамгийн гол сөрөг хүчин нь УИХ-д бүлэггүй явна гэдэг нь МАН-ын төлөө саналаа өгсөн багагүй сонгогчдын эрх ашигт сөрөг нөлөөтэй. Магадгүй олонхиор түрий барьж шийдэж болох ирээдүйн аливаа нэгэн сөрөг шийдвэрийг гаргуулахгүй байх нь МАН-ынхны үүрэг. Тэр тусмаа 25 гаран гишүүн нь парламентад сонгогдоод буй үед. Ийм нөхцөлд УИХ-д МАН нь бүлэггүй байгаа нь зөрүүдэлж хуулиа дагаагүй, хуулийн хугацаанд багтаагаад албан бичгээ хүргүүлэхээс татгалзсан тус намын удирдлагад л буруу бий. УИХ-д бүлэгтэй болох эсэхэд хэн ч саад хийгээгүй байхад бүлгээ баталгаажуулж чадаагүй атлаа бүлэг байгуулагдсан хэмээн тулгах “бүлэглэл” болчихсон энэ намыг яах вэ?