Анхдугаар чуулганыг өндөрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Анхдугаар чуулганыг өндөрлүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 53.5 хувийн ирцтэйгээр 16.40 цагийн орчимд эхэллээ. Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох ёстой 71 гишүүнээс 38 нь хүрэлцэн ирсэн юм. Тиймээс чуулганаар дэд хороодод багтах гишүүдийг батлах танилцуулгад орж, улмаар баталлаа.  Тухайлбал, Тусгай хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, М.Батчимэг, О.Баасанхүү нарыг харьяалуулахаар болж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн тухай танилцуулгыг тус байнгын хорооны дарга Ц.Цолмон сонордууллаа.

Харин Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд нийт найман гишүүнийг багтаахаар шийдвэрлэсэн тухай УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ танилцууллаа. Үүнд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, С.Одонтуяа, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарын гишүүд багтжээ.

УИХ-ын Ёс зүйн дэд хороонд УИХ-ын гишүүн М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ш.Түвдэндорж, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Д.Тэрбишдагва, Б.Наранхүү, Р.Бурмаа нарыг бүрэлдэхүүнд нь багтаахаар санал нэгтэй дэмжсэн тухай УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга танилцууллаа.

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, С.Оюун, Ч.Улаан, С.Дэмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг дээрх байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн байна.

Нутгийн удирдлагын дэд хороонд УИХ-ын гишүүн А.Бакей, Ж.Батзандан, М.Батчимэг, Р.Гончигдорж, Ш.Түвдэндорж, Н.Батцэрэг нарыг харьяалуулахаар,  Сонгогчийн нэрсийн жагсаалт бүртгэлийн дэд хороонд УИХ-ын гишүүн  Ж.Батзандан, Б.Наранхүү, М. Сономпил, Л.Цог, Р.Бурмаа нарын  бүрэлдэхүүнтэй байгуулахаар дэмжсэн.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Хүний эрхийн дэд хороонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Х.Баттулга, Л.Болд, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар дэмжжээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороонд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Ганбат, С.Дэмбэрэл, Д.Тэрбишдагва, Г.Уянга, С.Одонтуяа, Д.Тэрбишдагва  нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн байна. 

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороонд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Болд, Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү, Д.Тэрбишдагва, Ц.Оюунгэрэл нарын  бүрэлдэхүүнтэй байгуулахаар УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаас  шийдвэрлэсэн тухай тус байнгын хорооны дарга танилцууллаа.

Ингээд дэд хороо тус бүрийн бүрэлдэхүүнийг баталж, УИХ-ын анхдугаар чуулганы төгсгөлд УИХ-ын дарга үг хэлж, анхдугаар хуралдааныг өндөрлүүлэв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж