
1989 онд Монголын Энх тайван, найрамдлын байгууллагуудын холбооны Д.Билэгт тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсын Ооита мужид, 2002 оны 8 дугаар сард Ооита мужийн засаг дарга асан Хирамацү Морихико тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилснаар ийнхүү хамтын ажиллагааны эхлэл тавигджээ. Оиита-Монголын найрамдлын нийгэмлэг 1986 онд үүсгэн байгуулагдсан байна. Түүнээс хойш Монголын хараагүй, дүлий иргэдийн нийгэмлэгт ачааны машин, суудлын машин, хувцас хэрэглэл, товч хийдэг тоног төхөөрөмж бэлэглэх, Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны 250 хүүхдийн дотуур байртай дунд сургуулийн барилгын өргөтгөлд хөрөнгө оруулалт хийх, Ооита-Баянхонгорын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулах, Баянхонгор аймгаас 100 гаруй хүнийг Япон Улсад урьж ногоо тарих, цагаан идээ боловсруулах, шавар эдлэл хийх зэрэг хэд хэдэн салбарт үйлдвэрлэлийн дадлага хийлгэх зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлсээр иржээ.