Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд маргааш Монголын хүүхэлдэйн зураачдын холбооны тэргүүн, зураач Д.Доржхоролын анхны бие даасан үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Монгол үндэсний хувцастай жинхэнэ монгол хүүхэлдэйг хүн бүр мэднэ. Гэхдээ эх орныхоо нэрийг дэлхийд таниулж байгаа Монголын хүүхэлдэйн зураачдын холбооны тэргүүн Д.Доржхоролыг та танихгүй байж магад. Гэхдээ та амьдралдаа ядаж нэг удаа ч гэсэн  Д.Доржхоролын урласан хүүхэлдэйнүүдээс аль нэгийг нь  харсан гэдэгтээ бүү эргэлз. Учир нь гадаадад аялахдаа, эх орондоо ирсэн гадны зочдод, өргөө гэрийнхээ хойморт залдаг тэрхүү монгол үндэсний модон хүүхэлдэйнүүд түүний алтан гар, эрдэнийн сэтгэлээр бүтсэн юм. Түүний хүүхэлдэйнүүд эдүгээ дэлхийн 10 гаруй улс орны төрийн тэргүүнүүдийн цуглуулга, дэлхий даяарх Монгол улсын  60 элчин сайдын яамдын өргөө, бас монголын мянга мянган өрх гэрийн хойморт залаастай  байгаа билээ.

Хүүхэлдэйн урлаг бол зурах, барих, сийлэх, оёх, наах гээд дүрслэх урлагийн бүхийл төрлийн ур чадвар, сэтгэлгээ, мэдрэмжийг шаарддаг төрөл бөгөөд зураач Д.Доржхорол 1980 онд мэргэжлийн хүүхэлдэй урлаач болсон цагаасаа хойш өдгөө 30 жил тасралтгүй энэ чиглэлээр уран бүтээлээ туурвиж яваа чадварлаг уран бүтээлч юм. Тэрбээр хүүхэлдэйн ертөнцөөр амьсгалсан 30 гаруй жилийн хугацаанд нийт 70 мянга хол давсан хүүхэлдэйг урласан бөгөөд түүний уран бүтээлийн санд чигчий хурууны хэмжээтэйгэс авхуулаад цамын баг, морь хүртэл бий гэнэ. Мөн 1000 ам.доллараар бүтээж байсан цорын ганц урлагйин бүтээл ч түүний урын санд багтдаг аж. Тэрбээр Монгол хүүхэлдэйн урлагийг дэлхийд нэртэй брэнд болгоход хувь нэмрээ оруулж яваа авьяаслаг уран бүтээлч юм. Түүний анхын үзэсгэлэнд тухлан саатаж, Монгол хүүхэлдэйн ертөнцөөр аялаарай.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж