Хиагтыг чөлөөлсөн Ардын журамт цэргийнхэн үүгээр дайран Нийслэл хүрээг зорьсны учир хотын зүүн өмнөх хадат өндөрлөгийг Жанжин Сүхбаатарын хөшөөний чулуун суурийн загвар болгон дүрсэлсэн гэж нутгийхан ярилцана. Хараа голын эрэг дэх нэгэн хайрхныг өмнөөс нь харвал зүүн урагш харан хөлөө жийгээд хэвтэх арслан адил төсөөлөгдөнө. Зүүн хараагийхан гэж ажилч, хичээнгүйгээрээ үлгэр жишээ ард түмэн. Тариа ногоо, хадлан бордоо, сааль сүү, арилжаа худалдаа… гээд тэнд хийхгүй ажил алга. Өндөрхөн газраас орчныг харвал хүний гар хүрээгүй алга дарам газар байна уу энд гэмээр. Зүүн Хараагийн жирийн л нэг гэр бүлийн амьдралаар жишээлэхэд эндхийн эгэл амьдралын дүр төрх тодрох биз. Биднийг урьсан найз Батсуурийнх гэхэд хашаандаа хөл гишгих зайгүй нарийн ногоо тариалчихсан. Томоос том хашаатай ч машинаа дөнгөж хашааны хаалга алхуулаад л тавихаас аргагүй. Тахиа шувуу нь үүр цүүрээр хашгичаад л… Гоёлын хун цагаан тагтаанууд дэр дэр нисэлдээд … Өндөгнөөсөө дөнгөж гарсан ангаахайнууд эхийгээ даган сөөвөг сөөвөг алхацгаан цацсан будаан дээр цуглаад л… Талбайнхаа зэрлэгийг зулгаах, тахиа шувуугаа хооллож ундлах гээд ажил мундахгүй. Эднийх малын тэжээлийн ургамлын том талбайтай. Биднийг очихын өмнөхөн дөрвөн машин халгай цавчиж даршлаад авчихаж. Одоо хадландаа гараад явчихсан дуулдана. Залгуулаад тэжээлийн ургамалаа хураах гээд талбай руугаа орох биз. Батсуурь, эхнэр Хорлоо хоёулаа далаад оны эхээр Төмөр замын техникум төгсөөд л энд суурьшиж. Батсуурь Төмөр замын Мод боловсруулах үйлдвэрт механикчаар дөч гаруй жил ажилласан бол Хорлоо Төмөр замын өртөөнд холбоочин, кассчинаар мөн төдий жил ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн тэр л газраасаа алхам ч хөндийрөлгүй гавьяаны амралтдаа гарцгаасан гэх. Хоёулаа “Хүндэт төмөр замчин” цолтой, өдий төдий гавьяа шагналтай. Хорлоо хаа байгаа Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул ч хувь заяаны эрхээр Зүүн Хараагийн унаган иргэн шиг ижил дасал болжээ. Бяцхан түүх сөхөхөд “Хүний танхил үр дэгэж дэрвэж өсөхдөө…” гээд нутгийн найрагч Долгорын Нямаагийн шүлгийг уран яруу уншдаг, салаа гэзэгтэй охин Хөсрийг долдугаар ангид нь шинээр ирсэн багш “Яасан муухай нэртэй юм” гээд Хорлоо болгочихсон нь албан ёсных болоод нэршчихсэн. Нэгэн нууц дэлгэвэл эл тэмдэглэлийг бичигч, эхнэр бид П.Хорлоотой Мандалговийн арван жилийн нэг ангийнхан билээ. Эдний нэг хүү нь ойролцоохон мал аж ахуйгаа эрхлэдэг бол нэг охин нь хүний их эмч, нөгөө нь дээд сургууль төгсч мэргэжил эзэмшсэн ч гэр бүлийнхээ бизнесийг эрхлэн авто сэлбэгийн худалаа, засварын газар ажиллуулж, бас нэг хүү нь улс төрийн ажилд мэдлэг чадвараа сорьдог… гэхчилэн өөр өөрийн ажил төрөл, амьдрал ахуйг хөтөлж явна. П.Хорлоогийн зургийн цомог гэхэд хачин төрөлжчихсөн. Нэгэн том цомог гэхэд л Төмөр замын өртөөний үүх түүх тэр чигээрээ. Өөрийн нь ажилласан дөчин жил төдийгүй, өмнөх үед ажиллагсад, дарга нарынхаа зургийг олоод нямбайлан эмхлээд авчихаж. Эдний өртөө түүхэн зургаа эрээд байхааргүй, энд л байгаа аж. Зүүн Хараагийн хүн бүрийн мах цусанд шингэсэн зүйл нь газрын үнэ цэн гэлтэй. Хэдэн үг солих хооронд газар л ярина. Газар амьдралын дундрашгүй эх булаг гэдгийг бүрнээ мэдэрсэн улс юм, тэд.
Бидний аялал цаашаа Булган аймгийн Хангал сумыг зорьсон юм.
Хангал сумын иргэн Олзвой сумандаа насаараа мехахикжуулагч, эхнэр Д.Нарантуяа нь хүний эмчээр ажиллажээ. Хангай нутгийн сумын төвийн жирийн л нэг өрх. Булган хангайн Хантай гэж эх орны хойт хил дээрх хөвч тайгын гэхээр сумын охин гэнэ. Тэр сум нь одоо Хутаг-Өндөр сумын нэг баг болсон дуулдана. Хөвч тайгын охин Дорнын говийн халуун наранд шарагдаж шороон шуурганд нүдүүлж дөрвөн жил суралцан хүний эмч-эх баригчийн мэргэжил эзэмшсэн нь сонин ч хувь тохиол шиг. Тухайн үед тэр сургууль нь хатуу дэг журамтай, хөдөлмөрөөр хүмүүжүүлдэг байж. Таваарын вогоноос нүүрс, мод буулгах, хашаа хороо, барилга байшин барих… гээд цаг наргүй ажил арван хэдтэй охидод амар биш байсан ч тэд шантарсангүй. Найм төгссөн охид, хөвгүүд, ажиллаж байгаад ирсэн гуч шахсан томцуултай хамт суралцдаг ч эмэгтэйчүүд нь адилхан үсээ хоёр салаа сүлжин лент зангидаж эр, эмгүй сурагчийн дүрэмт хүрэн хувцсаар жигдэрдэг журам маш хатуу гэнэ. Нарантуяаг төгсөхөд нь “Дундговьд” гэсэн дээд газрын хуваарь гарсан ч зөрчин нутгаа зорин ирээд энэ л Хангал сумандаа дөч дэх намартайгаа золгож байна. Анагаахын сургуулийн дөчин жил уулзаагүй найз, Г.Нэргүйтэй энд учран золголоо. Манай эхнэр тэр хоёр хамт суралцсан дөрвөн жилийн үүх түүх, сонин содон дурсамжаа хэдэн өдөр хөвүүллээ. Нарантуяа авто осолд орж гэмтсэн ч багын цовоо, бэрхшээлийн өмнө өвдөг сөгддөггүй зангаар ажилласаар гавьяаны амралтдаа гарч хувийн аж ахуйгаа эрхэлж чөлөө завгүй явна. Эднийх хашаандаа бас л төрөл бүрийн ногоо тариалчихаж. Жимсний мод ч хэд хэдээрээ. Байшингийн нь өмнөх сүглэгэр монос том охинтой нь чацуу буюу дөчөөд настай. Том охин Ганцэцэгээ мэндлэхэд мойлны хэдэн атга яс булчихсан чинь монос ургаатахаж. Охинтой нь хамт өсч одоо байшингаас нь хамаагүй өндөр ургасан моносыг ач зээ нар нь цоройлон хорхой хүрэм хүрэнтэн болц гүйцсэн мойл түүн амтархаж байна. Харин энэ моностой нас чацуу том охин Ганцэцэг нь сумынхаа Тамгын газарт санхүүгийн ажил эрхэлнэ. Удаах охин Ганчулуун нь Эрдэнэт хотод ХААН банкны салбарт ажилладаг гэсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг хүү Гантөмөр нь Уралын Их сургуульд мэргэжил дээшлүүлээд ирэхдээ алим, лийрний суулгац авчирсныг хашаандаа бас тарьчихаж. Уур амьсгал, арчилгаа нь тохироод ургачихвал 4-6 жилийн дараа жимсээ өгч 200-300 жил наслах гэнэ шүү. Үхрийн нүд, улаалзгана гээд хэд хэдэн жимсний модноос ч булцгар жимс гарсан л харагдана. Хангайнхан модот өндөр уулсынхаа дунд аж төрөх ч модондоо сүрхий харам юм. Хялганатын модны хүчирхэг үйлдвэр эднийхээс 25-хан км-т байгуулагдсан нь хавийн уулыг нуцгэлэх шахсанд хачин харамсах юм. Харин эндхийн айл болгон тохилог сайхан дүнзэн байшинтай. Байшин нь том, саруулхан, тэгээд бас тохилог, байгалийн бүтээгдэхүүн тэр чигээрээ болохоор хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гээд олон давуу талтайгаас гадна харьцангуй хямд төсөр юм. Эндхийн жишиг нэг байшингийн дүнз гэхэд гоожинтойгоо нэг сая төгрөгт багтана гэнэ шүү. Харин байшингийн торхыг дөрвөн хүн нэг сая төгрөгөөр /Нэг нь 250 мянга/ өрчихнө гэнэ. Цаана нь дээвэрлэх, шаллах энэ тэр ажилд үсрээд бас л нэг сая төгрөг биз. Хямдхаан сайхан хаустай болчихмоор ч юм шиг. Гэхдээ мод бэлдэх эрх тэр бүр амархан олддоггүй бололтой.
Эднийх саалийн нэлээд хэдэн үнээтэй. Сааль сааж сүүгээ тогоо тогоогоор хөөрүүлээд цагаан идээгээ бэлтгээд л… Чөлөө завгүй ажилтай. Сумын төвийн ойролцоо бас төмсний талбайтай. Хадландаа гарч ирээд төмс хураалтын ажил руу шуудрах бололтой. Уулын ам бүрд хадланчид гараад яралзчихна гэнэ. Трактортой нь трактортой, морьтой нь морьтой, бас зарим нь гар хадуураа аваад гардаг аж. Хэдэн нуруу өвс авахгүй айл гэж хөдөө байтугай сумын төвд ч байхгүй аж. Харин говийнхон хадлангаа яаж аргалдаг тухай асууж шалгаан гайхна. Олзвойнх гэж найз нөхөд нь орон гаран шуугисан, энд тэндээс ир барь гэж дуудсан их хөлийн айл юм. Олзвойн найз Самдан гэхэд Хангалын голын хөвөөнд гэр барьчихсан зусч байна. Яриа хөөрөөтэй, инээд наргиантай энэ эр Эрдэнэтийн уулын үйлдвэрт “БеЛАЗ” машин гучин жил бариад “Гавьяандаа” гарчихсан гэхэд овор живэргүй гялалзаж байх юм. Өөр нэг найз Болд, Мөнхтуяа нар нь мөн л тэр голын адгаад өргөө цагаан гэр барьчихсан, үр хүүхдүүд нь аав ээжийнхээ мөнгөн хуримыг хийж байгаадаа Олзвойнхныг урьсан байх жишээний. Бас л нөхөр нь Эрдэнэтэд жолооч, эхнэр нь Төмөр замд кассачин хийсэн ажил хөдөлмөрийн улс юм.
Олзвойнхон ажил төрлөө амжуулчихаад анд нөхдөө аваад Хангалын голоо уруудаад давхичихна. Өргөн Сэлэнгийн хөвөөнд очоод нэг сайхан амарчихна. Агуйтын рашаан гэж сайхан рашаан тэнд байна. Хол ойрынхон ирж очоод, дайрч өнгөрөөд л байх бололтой. Сэлэнгэ мөрөн үерлээд ёстой нэг оволзож байна. Их мөрний урсгал харан алжаал тайлахуйд “Ус мөрөн олон чиг Сэлэнгийг минь яаж гүйцэхэв” гэсэн дууны үг аргагүй л санаанд орно.
Эргээд холбоо барихад Олзвойнх хадландаа найз нөхөдтэйгээ нийлээд гарчихсан дуулдана. Эхнэр Нарантуяа, нөгөө найз Самдан нар нь тогооч хийгээд гялалзуулж байгаа гэнэ. Хангай нутгийн намар аа гэж…
/Дундговь/
Зүүнхараад Батсуурийнхантай /5871/
Арслан шиг харагдана уу /5877/