Х.Оюунчимэг: Би АТГ-т байцаалт өгсөн

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Х.Оюунчимэг: Би АТГ-т байцаалт өгсөн

Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн билээ. Тэднийг байгууллагад 23 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан зүйл ангиар буруутгаж, эрүү үүсгээд байгаа юм.

Энэ талаар Гэрлэх ёслолын ордны дарга өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, өөрийгөө гэм буруугүй хэмээсэн юм. Энэ үеэр Х.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Таныг албаны мөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр АТГ-аас мөрдөн байцаалт явуулж байгаа гэсэн. Яг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?

-Намайг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. 2008 оны тавдугаар сараас эхлэн Гэрлэх ёслолын ордон “Кодак дурсамж” нэртэй хувийн гэрэл зургийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Тэр байгууллагын захирал буюу зурагчин н.Сүх-Очир гэж залуутай хамтран ажилладаг байсан юм. Гэтэл тэр хүн ажлын байрны дүрэм журмыг удаа дараа зөрчин, ажлын байранд архидан согтуурах нь ихэссэн тул өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд хамтран ажиллах гэрээг цуцалсан юм. н.Сүх-Очир гэж залуу гэрээ цуцлагдсан өдөр намайг АТГ-д шалгуулахаар өгсөн юм билээ.

-Гэрлэх ёслолын ордон бол улсын байгууллага. Хувийн байгууллагатай хамтран ажиллаж болдог уу?

-Үндэсний аудитын газраас хувийн байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцалж, өөрсдийн нөөц бололцоогоор гэрэл зураг авах үйл ажиллаагааг үргэлжлүүлэхийг анхааруулсан.

-Таныг 23 сая төгрөг хувьдаа завшсан гэх үндэслэлээр шалгасан гэсэн. Энэ ямар учиртай мөнгө вэ?

-2008 оноос хойш н.Сүх-Очир гэрлэж байгаа хосуудын 30×40 хэмжээтэй жаазтай зургийг авдаг байсан юм. Энэ зургийн зах зээлийн үнэ нь 60-70 мянган төгрөг байдаг. Гэтэл манай байгууллага хосууддаа 30 мянгаар үнэлэн үйлчилдэг байсан юм. Үүний жилийн орлого нь найм орчим сая төгрөг байдаг юм. Тэгээд дөрвөн жилийн мөнгө гээд хорь гаруй сая төгрөг болчихож байгаа юм.

-Тэр мөнгийг яг юунд зарцуулсныг та хэлж болох уу?

-Манай байгууллага өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Манай нэг ажилтны цалин 280 мянган төгрөг. Тэгээд хүмүүс л юм хойно гэр бүлд нь гачигдал, өвчин зовлон, үхэл хагацал тохиолдоно. Дээрхи мөнгийг энэ мэт ажилчдынхаа нийгмийн ажилд  зарцуулсан. Бүх зүйл баримттай байгаа.

-Та АТГ-т байцаалт өгсөн үү?

-Намайг зургаадугаар сарын сүүлээр АТГ-д өгсөн билээ. Харин АТГ намайг наадмын үеэр дуудаж, байцаалт авсан. Гэм буруугүй болохоор би огт айхгүй байна. Улсын байгууллагын удирдлага болон санхүүгийн үйл ажиллагаанд жилд гурваас дөрвөн удаа шалгалт ирдэг. Бид хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж, зөрчил дутагдал гаргаж байсан удаагүй болохоор энэ хэрэг үндэслэлгүй гэдэг нь нотлогдох байх.

-Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулахад хэдэн төгрөг байдаг вэ?

-Манайд гэрлэлтээ батлуулахад 630-670 мянган төгрөг байдаг. Амралтын өдрөөр гэрлэлтээ батлуулбал 30 мянган төгрөг нэмэгдээд 670 мянга болдог. Өчигдөр л гэхэд бид 24 цагийн турш тасралтгүй ажиллаж, 85 хосыг гэр бүл болгосон.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж