Оюутны шар виза, хүчин төгөлдөр наалт, оюутны үнэмлэхийн хамт нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрх нээгдэнэ. Харин энэхүү наалт болон шар визагаа энэ сарын 25-наас эхлэн тухайн сургуулийнхаа оюутны холбоон дээр захиалах хэрэгтэй гэнэ. Монголын оюутны холбооны байранд виза карт болон наалтны захиалга авахгүй юм байна.
Гэвч хүссэн оюутан бүхэн нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчихгүй гэнэ. Учир нь нийслэлийн 140 мянган оюутнаас 10 гаруй мянга нь сургуулийн дотуур байранд амьдардаг. Тиймээс сургуулийн хажууд байрлах дотуур байранд амьдардаг бол виза карт олгохгүй гэнэ. Мөн карт, наалт захиалахдаа тус сургуулийн оюутан мөн болохыг батлах тодорхойлолт, хоёр хувь зураг, төлбөрийн хамт сургууль тус бүрийн оюутны холбоондоо хандах хэрэгтэй аж. Оюутны шар картыг 2100 төгрөгөөр захиалах бөгөөд энэ карт нь хоёр жилийн турш хүчинтэй байх юм. Мөн өнгөрсөн жил 4200 төгрөгөөр захиалж байсан наалтын үнэд энэ хичээлийн жилд нэг их өөрчлөлт орохгүй бололтой. Энэхүү картыг жилд нэг удаа захиалан, виза карт дээр нааж жилийн турш ажлын өдрүүдэд цаг, чиглэл харгалзахгүй зорчих эрхтэй болох аж.