Озоны давхаргын цооролт өдөр ирэх тусам ихэсч байна. Энэ нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Озон болон озоны цооролтын талаар мөн үүнээс хэрхэн сэргийлэх болон ямар арга хэмжээг авч буй талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албаны захирал доктор профессор Ц.Адьяасүрэнгээс тодрууллаа.
-Озоны давхаргын цооролт одоогоор ямар хэмжээтэй байна вэ?
-Озоны давхарга нь нарнаас ирж буй хэт ягаан туяанаас амьд организмыг хамгаалах үүрэгтэй. Энэ нь 400 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Озоны цооролтыг 1970-аад оноос эрдэмтэд судлан, 1985 онд Антарктид тивд буйг олж тогтоосон. 2000 оны байдлаар хиймэл дагуулаас авсан зурагнаас харахад БНХАУ-ын газар нутгийг гурав дахин нугалсантай тэнцэхээр том цооролттой байсан. Энэ нь 28 сая ам км хэмжээтэй байна.
-Хэр хор хөнөөлтэй вэ?
-Озон цоорсноор бидний биед нарны хэт ягаан туяа ихэсч эрүүл мэндэд аюултай болно. Арьс, нүдийг гэмтээж дархлааг бууруулдаг гээд олон өвчний үүсвэр болдог.
-Озоны цооролт ихсэхэд юу нөлөөлдөг вэ?
-Хлорофторт нүүрстөрөгч, галон, метилбром зэрэг химийн бодис озоны давхаргыг цоороход нөлөөлдөг. Эдгээр бодисууд нь хөргөгч, шүршигч, галын хор автомашин зэрэг бидний хэрэглэдэг зүйлст оршдог. Тэгэхээр энэ бодисыг хэр их хэрэглэнэ озоны давхаргын цооролт төдий чинээ их байна гэсэн үг.
-Танай байгууллага үүний эсрэг арга хэмжээ авдаг уу?
-1985 онд озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц хэмээх олон улсын гэрээ байгуулсан. Үүний дагуу 1987 онд дэлхийн орнуудад озоны давхаргад нөлөөлж буй хорт бодисуудыг бууруулах монреалын протокол гаргасан. Мөн озоны давхаргын үндэсний албыг бий болгож олон улсын хамтын ажиллагааны хүчинд амжилттай биелүүлж байна. Манай оронд анх 1999 онд НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрөөс озоны давхаргын үндэсний албыг байгуулсан. Манай алба хорт бодис агуулсан бүтээгдэхүүний импортыг багасгаж 2030 он гэхэд хортой бодисын ашиглалтыг зогсоох зорилт тавьж ажиллаж байна. Хэрэв энэ зорилт биелвэл 2065-2080 он гэхэд озоны давхарга бүрэн нөхөгдөх боломжтой.
-Озон өөрөө нөхөгдөнө гэсэн үг үү?
-Хэрэв бидний хэрэглэж буй хорт бодис байхгүй болвол эрүүл агаараар төлжиж бүрэн нөхөгдөх боломжтой. Харин хорт бодисоо цаашид хэрэглэсээр байвал озон нөхөгдөхгүй цооролт улам даамжирна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин