“Орон нутгийн удирдлагыг тойргоос сонгох ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

“Орон нутгийн удирдлагыг тойргоос сонгох ёстой”

Өнөөдөр хуралдсан УИХ дахь МАН-ын гишүүдийн хуралдааны талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Су.Батболд, Я.Содбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намын гишүүд хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэний дотор УИХ-ын анхдугаар чуулганыг хаахтай холбоотой асуудал болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг тус бүр ярилцсан байна. Тодруулбал, УИХ-ын анхдугаар чуулганыг хаахын өмнө УИХ бүтцийн байгууллагаа бүрэн байгуулах ёстой. Үүний тулд хамгийн тэргүүнд МАН-ын бүлгийн асуудлыг шийдвэрлэх ёстой, дараа нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зөв гэж үзжээ. Мөн ээлжит бус чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотойгоор зарчмын байр сууриудаа нэгтгэсэн байна. Ингэхдээ тус намын гишүүд орон нутгийн ИТХ-ын байгууллага нь улс төрөөс ангид байна, үүний тулд улс төрийн намуудын оролцоог аль болох бага байлгах ёстой хэмээн үзэж, уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Су.Батболдыг орж ажиллуулахаар томилсон байна.

УИХ-ын анхдугаар чуулганаар байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоог 10-19 хүртэл байхаар зохицуулж, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэвч дээрх хуулийн зохицуулалтаар байнгын хороодод нэг намын бүлгээс олон гишүүн харьяалагдаж байхад, МАН-ын хувьд гурваас дээш гишүүнийг харьяалуулах боломжгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна хэмээн үзэж, үүнийг өөрчлөх хуулийн төслийг тус намын гишүүд санаачлахаар болжээ. Эл хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн Я.Содбаатар тэргүүтэй гишүүд ажиллах юм байна.

Мөн хуульд зааснаар УИХ-ын дэд хорооноос Төсвийн зарлагын дэд хороог цөөнхийн бүлэг удирдах ёстой. Тиймээс тус дэд хорооны даргад МАН-ын гишүүд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлжээ. Төсвийн зарлагын дэд хорооны хувьд хийх хамгийн нэн тэргүүний ажил нь 2012 оны төсөвт тодотгол хийхтэй холбоотой асуудал багтах аж.

Сэтгүүлчид тэднээс дараах асуултад хариулт авлаа.

-МАН УИХ-д бүлэгтэй, бүлэггүй гэдэг маргаан сүүлийн сар гаруйн турш үргэлжиллээ. Маргааныг таслах эцсийн цэг нь хаанах вэ. Хоёрдугаарт, Ардчилсан намын бүлгийн хувьд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор буюу можаритор, пропорцианаль элемент агуулсан хэлбэрээр зохион байгуулах нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Эл сонгуулиар автомат машин ашиглаж, санал хураалтын дүнг гаргана гэсэн, УИХ-ын сонгуулийн нэгэн адил. Энэ асуудалд танай намын гишүүд ямар байр суурьтай байна вэ?

-Н.Энхболд: -Эрх зүйн зохицуулалт дутуу, дутагдалтай байсныг улстөрийн зорилгоор ашиглаж, МАН бүлэггүй хэмээн мушгиж байна.

Су.Батболд: -Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг шинэчлэн батлахтай холбоотойгоор  манай нам хэд, хэдэн зарчмын байр суурь баримталж байна. Нэгдүгээрт, УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ гэдэг бол хоёр өөр байгууллага. Улс төрийн намууд ч энэ хоёр байгууллагыг ижил байгууллага гэж ойлгоод байна. Тэгээд улстөржсөн байдлаар энэ байгууллагыг байгуулах гэсэн оролдлогуудыг гаргах боллоо. Харин МАН-ын хувьд,  Үндсэн хуулийн зарчимдаа нийцүүлээд орон нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагыг байгуулж ажиллах ёстой гэсэн зарчмын байр суурь баримталж байна. Иргэдийн төлөөллийн байгууллага гэдэг утгаар нь ажиллуулахын тулд аль болох улстөрийн намуудын оролцоог бага байлгах ёстой,  судлаачдын ийм дүгнэлт ч байдаг. Энэ талд МАН-ын гишүүд бид зогсож байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын их хурлыг байгуулах гэж байгаатай адил энэхүү орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг улстөржүүлж, улс төрийн намуудын оролцоог нэмэгдүүлэх оролдлого хийж байгаа нь буруу. Гол нь ИТХ-ыг байгуулахдаа аль болох иргэдийн төлөөллийг хангах байдлаар оролцоог нь хангах нь чухал байгаа. Тиймээс хуучин тогтолцоогоор буюу тойргоос орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ёстой гэж үзсэн. Гуравдугаарт, автомат машинаар тоолсон саналын дүн одоо ч маргаантай, зөв үү, буруу юу гэдэг эргэлзээг тайлж чадаагүй байна. УИХ-ын сонгуулийн санал хураалтын автомат машинаар тоолсон зарим дүнг дахин гар аргаар тоолж баталгаажуулах ёстой. Гэтэл ийм баталгаажуулсан тооллого хийгээгүй, иргэд итгэлгүй байгаа үед орон нутгийн хэдэн зуун сонгогчдын дунд дахиад ашиглах нь буруу гэж манай бүлгийн гишүүд үзсэн. Дараа нь Засаг дарга нарыг сонгох асуудал. Энэ бол Үндсэн хуулийн тухай асуудал. Хэн нэгний толгойд зурсхийсэн бодлоор Үндсэн хуульд гар хүрээд байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Аймаг, нийслэл, сумын  Засаг дарга нарыг хэрхэн сонгох тухай асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийдье гэвэл бүх ард түмнээс асууж байж шийдэх ёстой гэсэн зарчмын байр суурь баримталсан. 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж