П.Сумъяажавын хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

П.Сумъяажавын хэргийг прокурорт шилжүүлжээ

Эгч, дүүс болох 5-12 насны охидыг хүчирхийлж, нэгийнх нь амийг хөнөөсөн аймшигтай хэрэг үйлдсэн ч Өршөөлийн хуулиар суллагдсан П.Сумъяажавын хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тэрбээр суллагдсаныхаа дараа буюу 2012 оны нэгдүгээр сарын эхээр Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн ломбардыг  4-5 этгээдийн хамт бүлэглэн тоносон хэрэг үйлдсэн байдаг.  Уг хэрэг гарснаас хойш цагдаагийнхан тэднийг 18 хоногийн дараа  баривчилж, цагдан хорьж байсан юм. П.Сумъяажав тэргүүтэй дээрх  залуус 17-18 настай бөгөөд тэдний хоёр нь Турк руу зугтсан ч цагдаа нар нэгийг нь баривчилж чадсан юм.

Хэргийг сануулахад, П.Сумъяжав нь  2009 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр шунахай сэдэлтээр Д.Бямбадоржтой урьдчилан үгсэн тохиролцож, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн О-гийн гэрээс  эд зүйл дээрэмдэж, 11 сая 400 мянган төгрөг, “Коника” маркийн гэрэл зургийн аппарат зэргийг дээрэмдэх явцдаа таван настай Н-ийн хоолойг хэрчиж, амь насыг нь хөнөөжээ. Тэрбээр энэ гэмт хэрэгтээ Д.Бямбадоржийг өдөөн түлхэж оролцуулсан байна.  Мөн 12 настай О-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар хоолойг нь хэрчиж, амь насанд нь хүрэхийг завдаж, хүчирхийлэх гэмт хэрэг үйлджээ. Баянгол дүүргийн шүүх уг хэргийг 2010 оны аравдугаар сарын 15-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа нэг хүний амь насыг хөнөөсөн, нэг хүний амь насыг хөнөөхийг завдсан гэм буруутай нь нотлогдсон хэмээн үзэж, 15 жилийн хорих ял ногдуулсан ч Нийслэлийн шүүх уг хэргийг 2010 оны 12 дугаар сарын 14-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн  4.1.5-д “ Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн 18 насанд хүрээгүй ялтны шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу ялыг өршөөн хэлтрүүлсэн юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж