Егүзэр хутагтын өргөө ашиглалтанд орлоо

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Егүзэр хутагтын өргөө ашиглалтанд орлоо

Хатагин овгоос гаралтай, Эрдэнэцагаан сумын уугуул, шашин, төрийн зүтгэлтэн, төрийн тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагт Галсандашийн мэндэлсний 142 жилийн ой Хатагины наадамтай зэрэгцэн тохиосон бөгөөд энэ үеэр түүний   музейг ашиглалтад оруулсан юм. Хутагтын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, эртний эд өлгийн олон ховор үзмэрүүдийг байрлуулсан уг музейд Хатагин овогтнуудын хараа ихт хар сүлдийг ч бас залсан хийгээд наадмын үеэр уг сүлдийг цэнгүүлэн залж, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ.

Өргөөний нээлтэнд хутагтын ах дүү төрөл төрөгсөд, Эрдэнэцагаан сумын нутгийн зөвлөл, удирдлагууд оролцож, тууз хайчлав.

Музейн гаднах үзэмж, дотоод зохион байгуулалт зэрэг нь олны сэтгэлд нийцэж буйг хурсан олны хандлагаас харж болохоор.

Хутагтын өргөө, музейг УИХ-ын гишүүн асан Р.Буд болон “Зотол” групп, “Бадмаараг хаш”, “Тэнгэрийн ирвэс”, “Энгүй тал”, “Баян-Эрч” компаниуд мөн аймгийн ЗДТГ-ын хандиваар санхүүжүүлж босгосон байна.

Цаашдаа музейн үзмэрийг баяжуулж, олшруулах бодлого барьж буйгаа Эрдэнэцагаан сумын удирдлага хэлж байлаа.

Хэлмэгдлийн хар шуурганд өртсөн ч гайхалтай эрдэм билэг, ур ухаанаараа нутаг хошуундаа хүндлэгдсэн Егүзэр хутагтын үйл хэргийг хойч үе нь ийнхүү сэргээн дуурсгаж байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MUNKHCHULUUN.ORG
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж