Apple түүхэн дэх хамгийн баян компани боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Apple түүхэн дэх хамгийн баян компани боллоо

1999 онд Microsoft дэлхийн хамгийн баян команиар шалгарч байсан бол тэрхүү амжилтыг Apple эвджээ.

Apple компанийн хөрөнгө саяхан 621.64 тэрбум ам.долларт хүрч түүхэн дэх хамгийн баян компани болсон байна.

Тэд "Apple-ийн үндэслэгч Стив Жобс байгаагүй бол бид энэ амжилтанд хүрч чадахгүй байх байлаа" хэмээн мэдэгджээ.

Стив Жобсын санаачилгаар Рональд Вайн, Стив Возняк мөн Интел компанид инженерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Майк Маркула нар хамтран “Apple” компанийг байгуулж, 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд компаниа бүртгүүлжээ. Анхны бүтээлээ “Apple” хэмээн нэрлэж, зах зээлд гаргасан нь тун амжилттай болсон юм. Apple I-ийн дараа Apple II, анхны лазерийн принтер, компьютерийн программ хангамжийн DTP /Desktop Technology Publishing/ зэргийг зохион бүтээж цахиур хагалж байлаа.

Гэвч амжилтын зэрэгцээ уналт тэднийг тойроогүй юм. Apple III, Lisa зэрэг бүтээгдэхүүнүүд нь төдийлөн амжилт олоогүй ба алтан хамтрагч Стив Возняк осолд орон, компаниас гарсан нь компанид хүнд цохилт болж байжээ. 1980-аад оны эхээр Apple компанийн хамгийн хүчтэй өрсөлдөгч IBM Microsoft компанийн DOS үйлдлийн систем суулгасан IBM персонал компьютер худалдаанд гаргажээ.

Ширүүн өрсөлдөөн дунд Apple компанийн нэр хүндийг хэвээр байлгахаар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байсан Стив  Жобс удирдах зөвлөлтэй таарамжгүй болсны улмаас 1988 оны гуравдугаар сард компаниасаа гарсан юм. Ингээд Стив Жобс “Next computers”-ыг үүсгэн байгуулж,  компьютер, түүний хэрэглэгдэхүүний зах зээлд хүч түрэн орж иржээ. 1996 онд Apple компани Next компанийг 429 сая ам.доллараар худалдаж авахаа мэдэгдэж, Жобсыг эргүүлэн авч чадсан юм.

Ийнхүү Жобс Apple-д эргэн ирснээр IMac, iPod, iPhone, iPad зэрэг шинэ бүтээгдэхүүн гаргаж, Apple компани өөрйин өрсөлдөгчдөө хол хаяж, зах зээлд хаанчилж эхэлсэн юм. Хэдийгээр Стив Жобс нас барсан ч түүний бүхий л амьдралаа зориулсан компани нь ийнхүү байр сууриа улам бэхжүүлж, дэлхийн хамгийн баян компани боллоо.

                                                                                                                                          Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж