Хятадын төрийн зөвлөлийн гишүүн маргааш айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Хятадын төрийн зөвлөлийн гишүүн маргааш айлчилна

Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуо тэргүүтэй төлөөлөгчид маргааш Монголд айлчлах гэж байна. Дай Бингуо нь Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаогийн үндэсний аюулгүй байдлын талаарх асуудлыг хариуцсан зөвлөхөөр нь мөн ажилладаг байна.  Түүний айлчлал нэлээд урт хугацаанд буюу наймдугаар сарын 22-25-ны хооронд үргэлжлэх юм байна. Олон улсын хэвлэлийн тоймчид түүний энэхүү айлчлалыг “Чалко”-гийн Овооттолгойг худалдаж авах худалдааны хэлцлийг батлуулах зорилготой гэж таамаг дэвшүүлж байна.

Албан ёсны хөтөлбөрийн дагуу бол Дай Бингуо Монголын Засгийн газартай хоёр улсын хүмүүнлэг, соёлын харилцаа болон эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа уул уурхай, аж үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэх юм байна. Гэхдээ энэхүү айлчлалын зорилго нь цаанаа үнэхээр “Саутгоби Ресорсез”-ийг “Чалко” авах нөхцөлийг хангуулах яриа хэлэлцээрийг хийх байж болох юм. Одоогийн байдлаар Монгол улсын нийт экспортын 93 хувь нь зөвхөн Хятад руу гарч байгаа бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт оны эхний хагасын байдлаар 3.3 тэрбум ам.долларт хүрчээ.

Гэхдээ “Саутгоби Ресорсез”-ийн хяналтын багцыг “Чалко” худалдаж авах саналын цаана “Оюутолгой”-н санхүүжилтын асуудал яригдаж байна. “Оюутолгой”-г бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд “Саутгоби” дахь “Айвенхоу Майнз” буюу Turquoise Hill Resources-ийн 58 хувийг зарахыг “Рио Тинто” дэмжиж буйгаа мэдэгдсэн. Одоогийн байдлаар “Оюутолгой” төсөлд 6 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт хийсний зэрэгцээ төслийн нэгдүгээр үе шатны бүтээн байгуулалт 94 хувьд хэдийнэ хүрчээ. Хоёрдугаар үе шат 2017 онд ашиглалтад орохын өмнө нэмж 4-5 тэрбум ам.доллар шаардах тухай тус компани мэдээлж байгаа юм. Иймд “Саутгоби” дахь эзэмшлийн хувиа “Чалко”-д зараад 926 сая ам.доллараа авах нь “Рио Тинто”-д тун ашигтай ажээ. “Чалко”-д “Овооттолгой”-г авах нь томоохон нөөц эзэмшлээс гадна хямд үнэ, зах зээлийн өөртөө таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон талын ашигтай.

Нөгөөтэйгүүр “Оюутолгой”-н нэгдүгээр үе шатны бүтээн байгуулалт дуусах дөхсөн энэ үед л эрчим хүч нийлүүлэлтийн асуудал дээр хоёр улсын Засгийн газар нэгдсэн тохиролцоонд хүрч амжаагүй байсаар. Гэхдээ Хятадад “Оюутолгой”-д эрчим хүч өгөхгүй байх нь ашиггүй байх магадлалтай. Учир нь Өвөрмонголд маш олон зэс хайлуулах үйлдвэр сул зогсох шахуу ажиллаж буй. Хамгийн гол нь Хятад ашигтай нүүдлээ ялимгүй хойшлуулж, нөөцөлж байж болох юм. Одоо Хятадын талд шатрын нүүдэл хийх ээлж байгаагийн зэрэгцээ хамгийн ашигтай нүүдэл хийх нөхцөл ч бүрджээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж