Урлагийнхан идэвхижинэ

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Урлагийнхан идэвхижинэ

Зуны зугаатай гурван сар эхлэхэд урлаг, соёлынхон амралтаа аван хөдөө орон нутаг руу аймгийн наадам, рашаан сувилалыг зорин амарч, зусландаа гаран нам жимхэн байцгаасан бол зарим нэг нь ирэх намар хийх тоглолтын бэлтгэлээ ханган студи, бэлтгэлийн байрандаа амрах ч завгүй яваа гэнэ. Хэдхэн хоногийн дараа оюутан сурагчдын хичээл эхлэн их хот хөдөлгөөнд орох гэж байгаатай давхцан урлагийнхан уран бүтээлүүдээрээ бэлэг барихаар зэхээд байгаа аж.

"Рок  попын их хуралдай" болно

Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан "Рок  попын их хуралдай" энэ сарын 25-нд Соёлын төв өргөөнд ганцхан удаа болох гэж байна. Тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп хатагтай Т.Ариунаа, “Никитон” хамтлагийн ахлагч Ц.Батчулуун, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, хөгжмийн зохиолч А.Чинбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг нарын уран бүтээлчид оролцож, Монгол төрийн их найрал үндэсний хөгжимтэй тоглох юм. Үндэсний хөгжмөөр хэрхэн рок, поп хоршихыг үзэх ховорхон боломжийг энэхүү тоглолт олгож байгаа ба мөн сүүлийн үүд тэр бүр нэг тайзнаа гараагүй урлагийн оддын “хуралдай” болон үзэгчдэд хүрч буйгаараа өвөрмөц содон тоглолт юм.

“Дурлалын сум” 25-нд нээлтээ хийнэ

“Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид ээлжит сюрпризээ дэлгэх нь. Тэд хайрын түүхээр өрнөх сонирхолтой адал явдал бүхий “Дурлалын сум” киногоо маргаашнаас эхлэн кино театруудад гаргаж эхлэх ба албан ёсны нээлтээ энэ сарын 25-нд “Тэнгис” кино театрт хийхээр зэхжээ. Энэхүү киноны гол дүрд Гавьяат жүжигчин Б.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, жүжигчин С.Өлзийхүү болон “Шилдэг өнгө”  продакшны жүжигчдээс гадна СУИС-ийг дөнгөж төгссөн залуу жүжигчид тоглосон байна.

“Номин талст 15 жил” тоглолт

Монголын анхны “boyband”-уудын нэг “Номин талст” хамтлаг энэ жил 15 нас хүрч байгаа билээ.  Тэд ойн хүрээнд ирэх есдүгээр сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын их танхимд “Номин талст 15 жил” бие даасан тоглолтоо хийж, фенүүдтэйгээ хамт төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхээр болжээ. Дан амьд хөгжимтэй дуулах тэдний тоглолтод “A-Sound”  хамтлагийн басс гитарчин Д.Мөнхболд, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү, гитарчин Өөжгий нар хамтран тоглох аж. Сонирхуулахад, тус хамтлагийн шинэ цомог болон 15 жилийн ойн тоглолтын хөгжмийн найруулгыг гитарчин Өөжгий хариуцаж байгаа юм. Тэдний шинэ цомог тоглолтын өмнөхөн фенүүдийнх нь гарт очих гэнэ. Тун удахгүй тэд “Ностальже” буюу “Дурсамж” хэмээх киноны дууг клипжүүлэн хүргэхээр төлөвлөжээ.

Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн анхны тоглолт

Бидний дунд салбартаа шилдэг нь мөртлөө өөрт ноогдсоноо чимээгүйхэн хийж, даруухан амьдрахыг эрхэмлэдэг хүн олон бий. Тэдний нэг бол хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж юм. “Нандин эрдэнэ”, “Улаанбаатарын үдэш” зэрэг сор болсон сайхан дуутай энэ эрхэмийн Монголын шинэ цагийн эстрад урлагийг босголцоход оруулсан хувь нэмрийг энэ хоёрхон дуугаар жишээлэхэд дэндүү бассан хэрэг болно. Поп хатагтай Б.Сарантуяагийн “Мартъя”, Т.Ариунаагийн “Зөвхөн тэр хайрандаа”, С.Сэрчмаагийн “Эрх хонгор сэтгэл” дуунууд ч түүний нэрийн хуудас болж явдаг. Хайр сэтгэл, утга уянгын сэдэвтэй дуунуудаас гадна хүүхдийн дуу хүртэл Г.Пүрэвдорж гуайн урын санд байдаг. “Тавтай нойрсоорой анд нөхөд өө, Тавтай нойрсоорой алсын од оо” хэмээн бүүвэйлэгдэн унтдаггүй хүүхэд үгүй билээ. Сахал Пүүжээ хэмээн эстрадынхан дундаа хүндлэгддэг тэрбээр өнгөрсөн тавдугаар сард анхны тоглолтоо хийхээр товлоод байсан ч сонгуультай давхцсан учраас ирэх есдүгээр сарын сүүлээр болгон өөрчилсан юм. Поп дива Б.Сарантуяа, Т.Ариунаа, Х.Ганхуяг, Д.Оюунтүлхүүр, С.Сэрчмаа, “Хурд”, “Салхи”, “Камертон” зэрэг хамтлаг, дуучид Пүүжээ ахынхаа тоглолтыг үзүүштэй, мартагдашгүй болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулна гэсэн. Тоглолтыг On&Off продакшн зохион байгуулж байгаа ба хоёр амьд хөгжмийн хамтлаг нэг, нэг хэсгийг нь хариуцан авч  тоглоно гээд л бөөн бөөн сюрприз дүүрэн болох нь ээ. Гэхдээ хамгийн том бэлэг нь тэр өөрөө тоглолтоо хийж байгаа явдал өөрөө юм.

Ах дүү гурав тоглолтоо хийнэ

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-гийн С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нар “Мөнх хөх тэнгэр мину” тоглолтоо зургадугаар сард хийхээр тов гаргасан ч хойшлуулсан билээ. Тэгвэл оюутан залуус цуглахаар есдүгээр сард хийхээр болсон байна. Тэд “Мөнх хөх тэнгэр мину” хамтарсан цомогтоо орсон уран бүтээлээсээ гадна Х.Лхагвасүрэн “Толин хул”-аа, Т.Дэлгэрмөрөн “Монгол бүсгүйн үзэсгэлэн”, С.Амармандах “Би монгол хүн” зэрэг шилдэг дуунуудаа энэхүү тоглолтоороо эгшиглүүлэх аж. Түүнчлэн тоглолт нь монгол хэв маяг, монгол омогшилыг жинхэнэ утгаар нь мэдрүүлж, хүрэлцэн ирсэн үзэгчдийг “Монгол нууц товчоо”-гоор уяраах нь дамжиггүй. Тоглолтын найруулагчаар Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байгаа юм байна.

А-Cool “Зөөлөн хайр”-ыг мэдрүүлнэ

Уянгалаг сайхан хайрын дуунуудаараа охид бүсгүйчүүдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан дуучин бол яахын аргагүй А Сооl буюу Б.Анхбаяр.  Дуучин Б.Анхбаяр  өөрийн анхны бие даасан “Зөөлөн хайр” тоглолтоо ирэх есдүгээр сард “UB palace”-ийн “Open air”-т анхны тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Мөн түүний анхны цомог худалдаанд гарахаар хэвлэлтэд явсан байна. Тэрбээр шинэ цомогтоо багтсан “Чиний тухай” дуугаа клипжүүлж байгаа бол УГЖ Г.Энхбат агсны дуулсан “Цэцэгчний хүслэн” дууг шинэчлэн дуулсан гээд ойрд тун завгүй байгаа аж.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж