Ассадаас зугтсаар байна

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Ассадаас зугтсаар байна

Сирийн босогчдын талд тус орны дэд ерөнхийлөгч Фарук аш-Шару орсон байж магадгүй. Төрийн хэвлэл мэдээлэл нь үүнийг үгүйсгэсэн ч сөрөг хүчнийхэн тэр мэдээлэлд эргэлзээгүй хандав. Дэд ерөнхийлөгч өөрөө хоёр хоног холбоо сүлбээгүй болсон байв. Түүнийг алга болгоод хэргийг босогчдод нааж магадгүй хэмээн сөрөг хүчин болгоомжилж байна.

Сирийн дэд ерөнхийлөгч Фарук аш-Шару сөрөг хүчний талд орсон байж магадгүй гэнэ. Энэ тухай сөрөг хүчний төлөөлөгчид мэдэгдэж байна. Сирийн төрийн хэвлэл, мэдээллээр  үүнийг үгүйсгэж, тэр Башар Ассадтай бослогын эхнээс хамтарсан сөргөлдөөний зохицуулах  нааштай улс төрийн шийдвэрийг эрчимтэй хайсан мөн Сирийн хүндэтгэдэг Алжирийн дипломат Лахдар Брахимийг олон улсын шинэ зуучлагч болсныг дэмжсэн гэх зэргээр мэдээлсэн байв. Хамгийн гол нь тэр хэзээ ч улс орноосоо гарч явах боломжийг эгшин зуур ч харж байгаагүй гэнэ.

Босогчдын үндэсний зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Al-Arabia телевизид ярихдаа Сирийн албаны телевизийг худал хэлж байна гэв. Үнэн хэрэгтээ түүнийг зугтсан гэдэгт тэр эргэлзэхгүй байна.

Ерөнхийлөгч Ассадаас урвасан албан тушаалтнуудын тоонд аш-Шару орлоо гэсэн мэдээ өнгөрсөн пүрэв гаригт гарсан байлаа. Сөрөг хүчний талд орсон гэдгийг аш-Шаругийн үеэл эгч Якуб зарласан байв. Дэд ерөнхийлөгчийн хамаатны тараасан бичлэгт түүнийг Сирийн хувьсгалыг дэмжихээр шийдсэн тухай мэдээлжээ.

Баасан гаригт дэд ерөнхийлөгчийн зугтсан чиглэл тодорхой болов. Сирийн чөлөөт армийн хэвлэлийн төлөөлөгч Луай аль-Мекдад нэгэн сонирхолтой мэдээлэл тараав. Түүний хэлж буй­гаар Иорданд нэг биш гурван өндөр тушаалтан зуг­тан гарчээ. Дэд ерөнхийлөгчийн хамт өөр хоёр том ту­­шаалын хүн Сирийн нутгаас гарч явсан гэж тэр мэдээлэхдээ нөгөө хоёрын нэрийг хэлээгүй гэнэ.

Сирийн сөрөг хүчний хүрээний эх сурвалж аш-Шаругийн талаар мэдээлэл сүүлийн хоногуудад гараагүй гэв. Харин Al-Arabiya телевизийн эх сурвалжууд дэд ерөнхийлөгчөөс мэдээ удалгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Иорданд очингуутаа л мэдээ ирүүлнэ гэж тэд хэлжээ. Түүнийг алга болсоныг Сирийн эрх баригчид аллага гэж нэрлээд босогчдыг буруутгаж болох талтайг Аль-Мекдад бас үгүйсгэхгүй байна.

Үндэсний зөвлөлийн дарга Марван Хажи аль-Рифаи өөрт нь өмнө байсан мэдээллийг дагуу аш-Шару гэрийн хорионд байсан гэж Al-Arabia телевизид мэдээлсэн байна. Бусад “шударга хүмүүсийн” адил тэрээр гэр бүлээ аврахаар улс орноос зугтан гарах гэж байсан хэмээн аль-Рифаи өгүүлжээ. Аш-Шаругийн эрх чөлөөг хязгаарласан тухай бараг долоо хоногийн өмнөөс сонсогдож байлаа. Тэр үед Сирид хориглогдсон “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний төлөөлөгч Мухаммед Рийяд аш-Шакфа албан тушаалтнууд ихээхэн дүрвэн зугтаж байгаагаас дэд ерөнхийлөгчийн сөрөг хүчнийхэнтэй уулзах ажлыг хязгаарласан байна хэмээн мэдэгдсэн байлаа.

Сирийн иргэний сөргөлдөөн хурцдаж байгаа цагаар аш-Шару зугтсан гэх мэдээлэл гарч ирсэн юм. Тус орны эдийн засгийн нийслэл гэгдэх Алеппо хотод тулалдаан дахин сэргэв. Туркийн хил орчмын Азаз хотыг Засгийн газрын цэрэг агаараас дайран бөмбөгдлөө. Энэ бөмбөгдөлтөөр наад зах нь 40 хүн үрэгдэж, зуу гаруй хүн шархаджээ. Human Rights Watch байгууллагын мэдээгээр Сирийн иргэний дайнд амь үрэгдэгсдийн тоо нийтдээ 20 гаруй мянга болжээ. Харин НҮБ хохирогчдын тоог 12 мянга гэж байгаа. НҮБ-ын тусгай комисс өөрийн илтгэлдээ сөргөлдөөний явцад хоёр тал хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон гэв. Гэхдээ зэвсэглэсэн сөрөг хүчний үйлдэл нь Засгийн газрын хүчин шиг “өргөн цар хүрээтэй, давтамжтай, харгис” байгаагүйг илтгэлд тэмдэглэсэн байлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж