-Хичээл орох дөхлөө. Нийслэлд болон хөдөөд сургуулийн барилга хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа вэ?
-Нийслэлд гэвэл нийтдээ 78 барилгад засвар хийнэ. 41 нь сургууль, 34 нь цэцэрлэг, гурав нь спорт заал багтсан байгаа. Энэ засварын ажил 85 хувьтай байна. Хөдөө орон нутгийнх 75 хувьтай байна.
-Засварын ажил хэзээ дуусах вэ?
-Хичээлийн шинэ жил эхлэхэд бүх засвар дуусах ёстой тухай гэрээ хийсэн. Хөдөө орон нутагт зарим засварын ажил хойшлогдож байгаа. Тухайлбал, Увс, Өмнөговь аймагт хоцорч байгаа. Наймдугаар сарын 25 гэхэд засварын ажил дуусах ёстой. Тухайн барилгын засвараас шалтгаалаад хэд хоног сунгахыг үгүйсгэхгүй. Ямартай ч есдүгээр сарын нэгнээс өмнө бүх засварыг дуусгах гэрээ хийж гүйцэтгэж байна.
-Ямар шалтгаанаар хойшлогдож байгаа юм бол?
-Энэ нь тухайн барилгын засварын ажлыг хийлгэхээр тендер зарлаад, гүйцэтгэгч компани шаардлага хангаагүйн улмаас гүйцэтгэгчээ хожуу сонгосон, зураг төсөл боловсруулах шатандаа нэлээн удсан зэрэг шалтгаантай. Гэхдээ өнөөдрийн байдлаар мэдээ авахад есдүгээр сарын 1 гэхэд засварын ажлыг бүрэн дуусгаад, сургууль, цэцэрлэгтээ орох боломжтой байна.
-Нэг сургууль дунджаар хэдий хэмжээний өртөг, хугацаанд засвар хийж байна вэ?
-Нэг дунд сургууль дунджаар 50-60 сая төгрөгийн засвар хийдэг. Ингээд гүйцэтгэгч компани шалгараад, засварын ажлаа хийхэд 20-30 хоногийн дотор хийж дуусгах бүрэн боломжтой.
-Засварын ажлыг хугацаандаа хийхгүй бол хэрхэн хариуцлага тооцдог вэ?
-Үүнд гүйцэтгэгч компанитай хийсэн гэрээний дагуу алданги тооцох, торгууль оноох, гэрээгээ цуцлах зэрэг арга хэмжээ авдаг. Тухайлбал, хийгдээгүй ажлын үнийн дүнгийн 0,3 хувиар өдөр тутам тооцож торгодог. Мөн дараачийн тендерүүдэд оролцуулахгүй байх арга хэмжээ авч болдог.
-Соёлын барилга болох байгалийн музейн барилгыг засах ажил ямар шатанд явж байна?
-Байгалийн түүхийн музейн барилгыг засахаар энэ онд нэлээн хөрөнгө төсөвлөсөн байсан ч сүүлд музейн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс засварын төсөвлөсөн байсан хөрөнгөөр шинээр хийх зураг төслийн ажлыг хийхээр болсон. Ингэхдээ ирэх оны төсөвт суулгах байх. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр 60 жил болсон музейн барилгыг ахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Дээвэр нь модон хучилттай тул муудсан байгаа. Ингэж дахин барих тухай шийдвэр Байгалийн түүхийн музейн удирдлагууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүдийн нийлсэн хурлаар ийм дүгнэлтэд хүрсэн юм. Дараа нь яамдуудаар хэлэлцээд бүрэн шийднэ.