-Саяхан УИХ-ын Тамгын газарт Турк улсын Засгийн газрын тусламжаар Цахим номын сангийн төсөл хэрэгжиж байна гэж дуулдсан. Энэ талаар тодруулахгүй юу. Төсөл хэрэгжсэнээр ямар үр дүн гарах вэ?
-2010 оноос эхлэн УИХ-ын Тамгын газраас Турк улсын Засгийн газрын хөгжлийн агентлаг (TIIKA)-д төсөл хэрэгжүүлэх талаар хүсэлт тавьсан. Учир нь, Турк улс болон Монгол улсын парламент, парламентын Тамгын газрын хооронд олон жилийн найрсаг харилцааны түүх бий. Парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг хоёр талаасаа харилцан ярилцаж, өнгөрсөн жилээс эхлэн төсөл хэрэгжиж эхлээд байна. Төслийн үр дүнд УИХ-ын Номын сангийн хэвлэмэл мэдээллүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх техникийн боломж бүрдэнэ. Мөн Тамгын газрын хэвлэх цехийг өнгөт хэвлэлийн технологиор шинэчилж байна. Өнгөрсөн онд УИХ-ын Тамгын газарт БНСУ-ын тусламжтайгаар цахим архивийн төслийг мөн хэрэгжүүлж дууссан. Дэлхийн банкны тусламжтайгаар хөгжлийн мэдээллийн төв байгуулсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын мэдээллийн санг цахим хэлбэрт шилжүүлэх асуудлыг үндсэндээ гадны төсөл, хөтөлбөрөөр иж бүрэн шийдэж чадлаа. Цаашид мэдээж хийгдэх ажил их байгаа. Хамгийн гол нь УИХ-ын мэдээллийн орчин сайжирч байгаа нь хууль тогтоох байгууллага, тэнд ажиллаж байгаа ажилтнууд, судлаачдад маш их дэмжлэг болно гэж бодож байна.
-УИХ-ын номын сан нийтийн номын сангуудаас ялгаатай нь юу вэ?
-Байлгүй яахав. УИХ-ын номын сан нийтийн номын сангуудыг бодоход одоогоор хязгаарлагдмал хүрээнд үйлчилгээ үзүүлж байна. Үндсэн үйлчлүүлэгчид нь УИХ-ын гишүүд, тэдгээрийн туслах, зөвлөхүүд, Тамгын газрын ажилтнууд, судлаачид болон Төрийн ордонд ажиллаж байгаа Ерөнхийлөгч, Засгийн газрын ажлын албаны ажилтнууд байдаг. Номын сангийн үйлчилгээг уншлагын танхимаар бус ихэвчлэн зайнаас үзүүлэх хэрэгцээтэй болдог. Тэрнээс гадна парламентын номын сан бол судалгааны албаныхаа үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь байдаг. Тэнд ажиллаж байгаа ажилтнууд богино хугацаанд тодорхой сэдвээр мэдээлэл лавлагаа гаргаж өгөх чадвартай мэдээллийн ажилтнууд болох ёстой. Энэ бол парламентын үйлчилгээний онцлог хэлбэр юм. Мэдээллийн цогц үйлчилгээг нэг дороос цахим хэлбэрээр шуурхай авах нөхцөл бүрдүүлэхийн төлөө бид ажиллаж байна.
-Төслийн хүрээнд чухам ямар техник тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байна вэ. Нийт хэдий хэмжээний төсөвт өртөгтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжив?
-Өндөр хүчин чадалтай робот сканерууд, серверүүдийг дагалдах тоноглолуудын хамт нийлүүлсэн. Мөн өөрсдийн боловсруулсан мэдээллийг индексжүүлэх программ хангамжийг өгч байна. Хэвлэх цехэд орчин үеийн өндөр хүчин чадалтай өнгөт хэвлэлийн тоног төхөөрөмж нийлүүлж байна. БНСУ-ын цахим архивийн төсөл нэг сая орчим, Туркийн цахим номын сан, хэвлэх цехийн төсөл 800 мянга орчим, Дэлхийн банкны Хөгжлийн мэдээллийн төвийн төсөл 20 мянга орчим ам.доллараар хэрэгжиж байна. Мэдээж ийм хэмжээний хөрөнгийг төсвөөс гаргаж төсөл хэрэгжүүлнэ гэвэл хүндрэлтэй л асуудал.
-Мэдээллийн бааз өргөжих нь, нэн ялангуяа танай Судалгааны төвийнхөнд илүү ашигтай гэж ойлгож болох уу. Нөгөө талдаа УИХ-ын гишүүдээс танайд хандан судалгаа хийлгүүлэхэд ч илүү дөхөмтэй юм шиг?
-Тийм шүү. УИХ-ын Судалгааны төвийн онцлог бол шуурхай ажиллах. УИХ-аар асуудлыг хэлэлцэж байх үе шат бүхэнд бид гишүүдийн захиалгаар судалгаа, мэдээллийг шуурхай гаргаж өгч байх үүрэгтэй. Тоо баримт дурдахад, 2009 оноос хойшхи 3.5 жилийн хугацаанд манай төвөөс нийт 300 гаруй судалгааны бүтээгдэхүүн гаргаж УИХ-д нийлүүлсэн байдаг. Үүний 70 орчим хувийг гишүүдийн захиалгаар, 20 орчим хувийг Төвийн санаачлагаар, 10 орчим хувийг Тамгын газар болон хуулийн ажлын хэсгүүдийн захиалгаар гүйцэтгэсэн. Өмнө нь УИХ-д үйлчилж байсан судалгааны нэгжүүд ийм хэмжээний ачаалалтай ажиллаж байгаагүй. Гишүүдэд одоо амар болсон. Судалгаа хийлгэхэд гадагшаа мөнгө төлөх шаардлагагүй. Манай үйлчилгээ УИХ-ын Тамгын газраас парламентад үзүүлж байгаа мэргэшсэн ажил, үйлчилгээний нэг хэсэг учраас бид мэргэшсэн байдлаар шуурхай үйлчлэх л ёстой.
-Өмнө нь УИХ-ын судалгааны алба ийм хэмжээнд ачаалалтай ажиллаж байгаагүй гэж та хэллээ. Ер нь УИХ судалгаа, мэдээллийн хэрэгцээгээ яаж хангаж ирсэн юм бэ? Олон нийтийн зүгээс УИХ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Гишүүд дур дураараа ярьдаг, амьдралд нийцэхгүй шийдвэр гаргадаг гэж. Энэ талаар?
-1990 оноос хойш УИХ-д судалгаа, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх нэгжийг таван удаа байгуулж, дөрвөн удаа татан буулгаж байсан түүх бий. Анх 1991 онд Улсын Бага хурлын дэргэд Төр нийгэм судлалын академи байгуулагдаж улмаар 1994 онд УИХ-ын харьяа хүрээлэн болгосноос хойш тогтвортой ажиллуулж, мэргэшсэн судлаачдыг бэлтгэх тал дээр төдийлөн анхаарч чадаагүй дүр зураг харагддаг. Нийтдээ хоёр удаа УИХ-ын дэргэдэх хүрээлэн хэлбэртэй, хоёр удаа УИХ-ын Тамгын газрын хэлтсийн харьяанд байгуулж байсан боловч тодорхой шалтгааны улмаас татан буулгаж байсан. Гэвч 2009 онд ахиц дэвшил гарсан. 2009 онд УИХ-ын Тамгын газрын бүтцэд Судалгааны төвийг байгуулахдаа УИХ-аас нэлээд үндэслэлтэй, нухацтай бодож шийдвэр гаргасан байдаг. 2002 онд НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрөөс УИХ болон УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж хоёр чухал зөвлөмжийг өгсөн. УИХ- аар батлан гаргаж буй хууль тогтоомж, бодлогын шийдвэрийн онолын болон практик үндэслэлийг сайжруулж, олон нийтийн эрх ашигт нийцсэн сайн хууль гаргахын тулд судалгаа шинжилгээ болон олон нийттэй харилцах албыг байгуулах нь зүйтэй гэж. Үүний дагуу л байгуулагдсан даа.
-Танай төвийг байгуулагдах үед хэрэгтэй, хэрэггүй, олон орон тоотой гэх мэтийн нэлээд шүүмжлэл гарч байсан шиг санагдана. Судалгааны төвийн хүчин чадал ямар байна вэ. Одоо ямар хэмжээнд ажиллаж байна?
-Тийм ээ. Судалгааны албаны нэр хүнд, үнэлэмж тэр үед зөвхөн УИХ-д ч биш, Монгол Улсад ихээхэн доогуур байлаа шүү дээ. Гишүүд Судалгааны албатай харилцаж сураагүй байсан. Тэдний хүссэн хэмжээнд өмнөх судалгааны нэгжүүд нь ч ажиллах боломжгүй байсан. Яагаад гэвэл парламентад шууд, шуурхай үйлчлэх оновчтой бүтэц, ажлын нөхцөлийг нь бүрдүүлж өгөөгүй байсан учраас. УИХ-ын үйл ажиллагаа, мэдээллээс хол судлаач яаж ажиллах вэ? Мөнгө төлж захиалга өгчихөөд зургаан сар, нэг жилийн дараа судалгаагаа гар дээрээ авч байгаа УИХ-ын гишүүн тэр судалгаагаар яах юм бэ? Асуудал аль хэдийнээ шийдэгдээд өнгөрчихсөн байна шүү дээ. Энэ мэтийн олон асуудлыг ойлгохгүйгээр бусад судалгааны хүрээлэнгүүдтэй адилтгаж ойлгох, өөр өөрөөр тайлбарлах, огцом түргэн шийдвэр гаргах зэрэг бэрхшээл зовлон байсан уу гэвэл байсан.
-Тэгвэл танай судалгааны онцлог юу вэ?
-Бид юуны өмнө хууль тогтоох байгууллагад үйлчилдэг. Хууль тогтоох үйл ажиллагаа хуулийн төсөл боловсруулах болон хэлэлцэн батлах гэсэн хоёр үндсэн үе шатанд хэрэгждэг. УИХ-ын 76 гишүүн бол хууль санаачлагч субьект. Тэгвэл парламентын судалгааны алба энэ хоёр шатанд аль алинд нь мэргэшсэн үйлчилгээ үзүүлж чадаж байвал тэр туйлын сайн. Манай судалгаа бол өөрийн гэсэн онцлогтой. Судлаачид үүнийг мэдэх л ёстой. Онолын суурь судалгаа болон бодлогын судалгаа гэсэн судалгааны үндсэн хоёр салбар байдаг. Тэгвэл парламентын судалгаа бол бодлогын судалгаа буюу хэрэглээний судалгаа юм. Ийм төрлийн судалгааг хууль тогтоох, бодлого боловсруулах үүрэгтэй төрийн институцийн бүтцэд ажилладаг судалгааны албадууд хийдэг. Зарим нь биднийг онолын суурь судалгаа хийхгүй байна гэж шүүмжилдэг бол, гишүүд хэдэн зуун хуудас нүсэр судалгаа хэрэггүй, уншихад хялбар 2-3 хуудас мэдээлэл өг гэдэг. Аль аль нь зөв юм. Одоогийн байдлаар манай төв хууль хэлэлцэн батлах шатанд шуурхай судалгаа мэдээллээр ч хангаж байна, хуулийн төсөл боловсруулахад шаардагдах бодлогын судалгааг ч хийж байна. 20 гаруйхан хүнтэй цомхон алба ийм хэмжээнд ажиллана гэдэг бол цаашдаа хүнд. Гэтэл Конгрессийн Судалгааны албанд төсвийн шинжээчидтэйгээ нийлээд 1000 орчим хүн ажиллаж байна шүү дээ. Дэлхий нийтийн хандлагаас үзэхэд, аль ч орны парламент нь өөрийн уураг тархи болсон судалгааны албандаа маш их анхаарч байна. Зүүн өмнөд Ази, Европын ихэнх орнуудад парламентын судалгааны алба нь өөрийнхөө харьяанд судалгааны хүрээлэн ажиллуулж, бусад судалгааны байгууллага, судлаачдаар гэрээгээр судалгаа хийлгэдэг туршлага ч байна. Бид энэ талаар хангалттай судалгаа хийсэн. Харьцуулсан судалгааны ном ч гаргасан. Парламентын мэргэшсэн байдал нь Ажлын албаны зөвлөхүүд, судлаач, шинжээчдийн мэргэшсэн байдлаас ихээхэн хамааралтай. УИХ-ын гишүүн хүн заавал бүх салбараар мэргэшсэн байх албагүй. Харин мэргэшсэн ажилтнуудаа сонсдог байвал сайн гэж би хувьдаа боддог. Бид хийсэн судалгааныхаа үр дүнг заавал тулгахгүй, зөвхөн бодлогын хувилбар л санал болгодог.
-Та бүхэн мэдээж бүх судалгааг өөрсдийн хүчээр хийнэ гэж байхгүй шүү дээ. Бусад орнууд ер нь яадаг вэ?
-Аль ч орны эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, их дээд сургуулиуд өөрсдийн хийсэн судалгаагаа парламентдаа заавал хүргүүлдэг тогтсон жишиг байна. Үнэхээр онолын үндэслэлтэй, практик ач холбогдолтой сайн судалгаа хийсэн бол хууль тогтоох байгууллагадаа хүргүүлэхэд юу нь болохгүй гэж. Эцсийн дүнд бодлогын зөв шийдвэр гарч, ард түмний амьдралд хүрч л байвал тэр эрдэмтэн, судлаачдын маань гавьяа бус уу. Манай төвийн гүйцэтгэх ёстой бас нэг томоохон үүрэг бол мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, Монгол улсын хэмжээнд бий болж буй мэдлэгийг төвлөрүүлж, хууль тогтоогчдод дамжуулах, харилцан мэдээлэл солилцох тэр механизмыг бий болгох ёстой. УИХ-ын Тамгын газарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд ч гэсэн энэ үйл ажиллагааны техникийн нөхцөлийг хангахад чиглэгдэж байгаа гэж үзэж болно. Шинжлэх ухааны академи, зарим их дээд суруулиудтай хамтран ажиллаж байгаа хэдий ч манай судалгааны хүрээлэнгүүдийн чадавхи, ажлын уялдаа холбоо үнэхээр сул байна шүү дээ. Цаашид хөгжлийн бодлогыг зөв чиглүүлэхэд судалгааны байгууллагууд, судлаачдын үүрэг роль үнэхээр их байх болно. Монгол улсын Ерөнхийлөгч энэ талаар санаачлага гарган уриалж байгаа. Энэ санаачлага зөвхөн судлаачдад төдийгүй иргэд, олон нийтэд таалагдаж байгаа байх аа.
-Судалгааны төв үйл ажиллагаагаа найдвартай хэвийн явуулахад ямар нөхцөл шаардлагатай вэ. Өнгөрсөн хугацааны ажлын бодит үр дүн, ойрын зорилго юу вэ. Гишүүд та бүхний хийсэн судалгааг хэр ашиглах юм?
-Хамгийн гол нөхцөл бол хараат бус, тогтвортой ажиллах явдал. Хараат бус гэхээр хүмүүс янз бүрээр ойлгодог. УИХ-ын Тамгын газрын бүтцэд байгаа нь хараат юм шиг, тусад нь гаргачихвал хараат бус болох юм шиг ярьдаг. Гэтэл тийм биш юм. Харин ч төрийн албаны статустай, төсвөөс санхүүжин УИХ-ын Тамгын газрын бүтцэд ажиллаж байгаа нь хараат бус байдлын баталгаа юм. Парламентын судалгааны алба бол мөнгө төлсөн захиалагчид тэдний хүсэл сонирхолд нийцсэн судалгаа гаргаж өгдөг газар биш, Монгол улсын үндэсний эрх ашгийн үүднээс, ард түмний нэрийн өмнөөс судалгаа хийдэг байгууллага юм. Тийм учраас төрөөс цалин авч, төрийн хамгаалалтад байх ёстой. Харамсалтай нь бүтцийн хувьд хэд хэдэн удаа алдаа гаргаснаас болж төлөвшүүлэх, чадавхижуулах тал дээр цаг алдсан байхыг үгүйсгэхгүй. Хангалттай цалин, баталгаатай ажлын нөхцөл бүрдүүлэхгүйгээр судлаачдыг мэргэшүүлж, тогтвортой ажиллуулахад хүндрэлтэй. Сүүлийн жилүүдэд судлаачдын ур чадвар дээшилж байна. Бодлогын түвшинд судалгаа хийнэ гэдэг нь судлаачдаас гадаад хэл, аналитик ур чадварыг түлхүү шаарддаг юм. Манайд ирж байгаа захиалгын ихэнхи нь харьцуулсан судалгаа байдаг. Хэлэлцүүлгийн явцад гишүүд бусад орнууд энэ асуудлыг хэрхэн зохицуулсан байна вэ гэдгийг харьцуулан харахыг их хүсдэг. Гишүүд судалгааны материалыг сайн ашигладаг болсон. УИХ-аар тодорхой асуудлыг хэлэлцэхэд гишүүдийн мэтгэлцэж байгаа байдал, телевиз, хэвлэл мэдээлэлд өгч байгаа ярилцлага, асуудалд хандаж байгаа байдлаас харахад энэ нь тодорхой байдаг. Тэр ч байтугай Засгийн газарт хуулийн төслийг буцаах хэмжээнд асуудлыг ярьдаг. Манай төвд хийгдэж байгаа судалгаанууд бүхэлдээ хэлэлцэх асуудал болон хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудалд хамаардаг учраас бүрэн ашиглагдаж байгаа гэдэгт найдаж байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний талаархи судалгааг хүмүүс мэдэж байгаа байх. Бид ийм байдлаар л судалгаа хийдэг. Улстөрчдийн зүгээс бидэнд дарамт шахалт үзүүлэх, шүүмжлэх асуудал гардаггүй ээ. Харин ч талархах нь олон байдаг. Манайд байнга захиалга өгдөг идэвхи сайтай гишүүдийн тоо ч нэмэгдэж байна. Хурдтай шуурхай ажиллахад нөлөөлж байгаа нэг давуу боломж бол Судалгааны төв Номын сантай цуг байгаа явдал. Номын сан бол судалгааны нэг хэсэг. Бусад орнуудад ч мөн ийм байдаг.
-Танай төвийн олон улс дахь нэр хүнд ямар түвшинд байна. Ижил төвшний бусад орны парламентын судалгааны албадтай хамтран ажилладаг уу?
-Гадаад, дотоодын олон байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний дэмжлэгийг авч байна. Ялангуяа АНУ-ын Конгрессийн судалгааны алба, БНСУ-ын Үндэсний Ассамблейн судалгааны алба, БНТУ-ын Судалгаа Номын сангийн албатай ойр хамтран ажиллаж байна. Бид нийтдээ 10 гаруй орны парламентын судалгааны албадтай холбоо тогтоож, биечлэн үйл ажиллагаатай нь танилцсан. 2012 оны зургадугаар сард Азийн Парламентын Судалгааны Албадын Форум (APRF)-д гишүүнээр элссэн. Сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд парламентын судалгааны албадын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний нийтлэг стандарт бий болж улам бүр боловсронгуй болсоор байна. Олон улсын болон бүс нутгийн холбоодууд байгуулагдаж, сургалт семинар өргөнөөр зохион байгуулж байна. Парламентын судалгааны албадууд бие биенийхээ туршлагаас суралцаж, тодорхой асуудлуудаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах түвшинд хүрч байна. Манай төвийн ажлын арга барил, зохион байгуулалт эдгээр орнуудын жишигт нийцэж байгаа учраас бидэнд эргэлзэх, санаа зовох асуудал гардаггүй. УИХ-ын Тамгын газрын Судалгааны төв гэсэн статус ийм боломжийг олгож байна. Аль ч орны төлөөлөгч Судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаад манай парламентын талаар зөв дүгнэлт хийгээсэй гэж бид боддог, хичээдэг. Парламент судлалын чиглэлээр манай төв тасралтгүй судалгаа хийж байна. Дэлхийн 198 орны парламентын үйл ажиллагаа, 50 гаруй орны парламентын ажлын албаны талаархи харьцуулсан судалгааны номнуудыг хэвлүүлэн гаргалаа.
-Судалгаанаас өөр танай төвд ямар ажлууд хийгддэг вэ. Цаашид юуг анхаарах ёстой юм бол?
-УИХ-ын түүхэн товчоон, ээлжит, ээлжит бус чуулган, бүрэн эрхийн хугацаагаар статистик эмхэтгэл, гишүүдийн гарын авлага, ном, товхимолуудыг эмхэтгэн гаргаж байна. Нэг ёсондоо Монгол улсын парламентын түүхийг эмхэтгэж, гишүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлдэг гэж ойлгож болно. Мөн иргэд олон нийт, эрдэмтэд судлаачдыг хамруулан эрдэм шинжилгээ, онол практикийн хурал, сургалт семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэгтэй. Олон нийтийн санаа бодлыг тандах, анкетын санал асуулга явуулах, УИХ-аар батлан гаргасан хууль, тогтоомжуудын талаар иргэдэд мэдлэг олгох, хуулийн ажлын хэсэгт орж ажиллах гэх мэтээр нэлээд өргөн хүрээтэй ажиллах шаардлагатай болдог. Гэвч бүх ажлыг одоо байгаа нөөц боломжоороо төгс төгөлдөр гүйцэтгэнэ гэвэл мэдээж хүчин чадал дутна. Парламентын том, жижгээс үл хамааран хэлэлцэн шийдвэрлэх асуудал аль ч оронд ялгаагүй ижил. Магадгүй бид харьцангуй ачаалалтай ч ажиллаж байж болох юм. Тийм учраас УИХ-аас ардчилсан парламентын засаглалыг хөгжүүлж, мэргэшсэн парламентыг төлөвшүүлэх явцдаа парламентын Судалгааны албаа байнга дэмжиж авч явах учиртай гэж би бодож байна.
-Танд амжилт хүсье.