Дарьганга мөнгөн урлал өнгөт каталог хэвлэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.18-нд нийтлэгдсэн

Дарьганга мөнгөн урлал өнгөт каталог хэвлэгджээ

“Дарьгангад түмэн зүйлийн сонирхмоор юм байх тул төгс шинжилгээ гаргавал
зохино” хэмээн их эрдэмтэн Ж.Цэвээн абугай өнгөрсөн зууны эхэнд
тэмдэглэн хэлсэн байдаг. Энэ үгийн залгамж болсон “Дарьганга мөнгөн
урлал” хэмээх өнгөт каталог хэвлэгдсэн байна.

Дарьганга мөнгөн урлалын шилдэг бүтээлүүдийг музейн сан хөмрөг, цуглуулагч, хэрэглэгчдийн гар дээрээс цуглуулан гэрэл зургийн хальснаа буулган нэгэн доор цогцлоон томоохон хэмжээний ном бүтээсэн нь судалгааны хийгээд сурталчилгааны онцгой ач холбогдолтой соёлын үйлс хэмээн үзэж болно. Профессор Г.Мэнд-Ооёо, урлаг судлаач шинжлэх ухааны доктор, профессор Л.Батчулуун, зураач судлаач Ё.Бадарч нарын олон жилийн уйгагүй судалгаа, тасралтгүй үйл ажиллагаа, хамтын нөр их хөдөлмөрийн үр дүнд уг ном бүтсэнийг талархаж байна.

“Дарьганга хийц” хэмээх ур дархны томоохон сургууль болох Дарьганга мөнгөн урлал нь XIX зууны сүүлчээс эхлэн ХХ зууны эхэн дунд үе хүртэл өөрийн өвөрмөц онцлогийг улам тод томруун илэрхийлж, улмаа авьяас ур ухаанаараа шалгарсан дархчууд мөнгөн аяга, хэт хутга, эмээл хазаар, гоёл чимэглэлд жинхэнэ Дарьганга хийцийг товойлгон гаргасан байна.

Дарьгангын мөнгөн урлалын онцлог, хөгжил хувьслын талаар доктор, профессор Л.Батчулуун, доктор С.Лувсанвандан, судлаач Ш.Содномдаш, Ё.Бадарч, түүхч С.Лувсанноров нарын олон хүн өөр өөрийн үнэлэлт дүгнэлт өгсөн байдаг. Дарьгангын мөнгөн урлалын нэрт дархчуудаас Ласран, Сүрэнхорлоо, Хөл Галай, Дамба, Дүйнхор, Молом, Түвшинбаяр (Гунхаа), Цэеэрэгзэн, Дондов, Зундуй, Балдан-осор, Сэнгэдоо, Шануу, Содов, Лувсандорж, Ядам, Лхамсүрэн (Матай Дамба), Жүгдэр, Шаравжамц, ах дүү Лувсансодов, Лувсанцэрэн зэрэг урчуудыг онцлон нэрлэж болно. Дарьгангын алдарт дархчуулын дотроос Монгол даяар алдаршиж, дэлхийн олон улс оронд бүтээл нь мөнхөрсөн хүний нэг бол М.Балдан-Осор  дархан юм.

Сүүлийн жилүүдэд Дарьгангын мөнгөн урлалын уламжлалыг хөдгөлөн хөгжүүлж буй авьяаслаг дархчуудын тоонд Ш.Даваадорж, Н.Амартайван, З.Батжаргал нарыг онцлон дурдах байна.

Дарьганга дархчуудын ур ухаан, дүрслэх сэтгэлгээ, хөгжил цэцэглэлт, уламжлалт технологи, өвөрмөц онцлогийг олон талаас нь тольдон үзэж Монгол нүүдэлчдийн түүх соёлын гайхамшигт өв дурсгалаараа бахархахын хамт ур ухаан билиг эрдмийг нь өвлөн авч судлан дэлгэрүүлэх сэдэж сэтгэх шинээр бүтээн туурвих ур чадвараа хөгжүүлэх боломжийг энэ ном бүрдүүлэн нээж өгч байгаа юм.

Өнөө жил Сүхбаатар аймаг байгуулагдсан түүхт 70 жилийн ой тохиож буй цаг үед “Дарьганга мөнгөн урлал” хэмээх энэхүү номыг тус аймгийн Засаг даргын тамгын газраас санаачилан Соёл, яруу найргийн Академитай хамтран нийтийн хүртээл болгож тал нутгийн нүүдэлчин ард түмний соёл, ур ухаан, авьяас билиг, эрдэм билигтэй хойч үеэ танилцуулж, гадаад дотоодод түгээн дэлгэрүүлэхэд энэхүү сайхан номоор хишиг буян өргөж байна.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж