![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/f8f9a8c7c0529449/e2ca964baaf8b8e4big.jpg)
Нэр дэвшигч Л.Цог “Миний байр суурь хэвээрээ байгаа, зургаан жилийн өмнө ярьж байснаасаа буцаагүй. Орхон аймагт нэр дэвшихдээ ч энэ асуудлыг тавьж байсан, сонгогчид надад итгэл хүлээлгэж УИХ-д сонгосон нь энэ бүхнийг засч залруул гэдэг үүрэг даалгавар өгсний илрэл. Оюутолгойн гэрээ бол Монголд ашиггүй гэрээ” хэмээсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар “УИХ-ын дэд даргад С.Баярцогтийг баталсан, одоо Л.Цог гишүүнийг томилуулах асуудал орж ирж байна. МАН-ын бүлгээс тавьсан УИХ-ын дэд даргад М.Энхболдыг нэр дэвшүүлсэн асуудлыг яагаад хойшлуулаад байна вэ. Тодорхой хариулт өгөх ёстой” гэв. Үүнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хариулт өгсөн бөгөөд С.Баярцогт гишүүний хувьд Ардчилсан намын бүлгээс дэмжиж баталсан. Л.Цог гишүүний хувьд нөхөн томилгоо явж байгаа “Шударга ёс” эвслийн бүлгээс санал болгосноор тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирсэн” гэлээ.
Харин дээрх асуудлыг үргэлжлүүлж МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд УИХ-ын дэд даргад нэр дэвшигч Л.Цогд хандан “УИХ-ын даргыг томилох тохиолдолд хамгийн ахмад настай гишүүн нь чуулганыг удирдах ёстой. Гэвч та анхдугаар чуулганыг даргалж УИХ-ын даргыг томилсон, ийм хууль зөрчсөн түрэмгий байдлаар асуудалд хандаж хуулийг завхруулж болох уу. Хуульч гишүүний тань хувьд асууж байна” гэв.
Нэр дэвшигч Л.Цог: -Би өөрөө гүйж очоод хурал даргалсан юм биш, та бүхэн анхдугаар чуулганы хуралд ирээгүй учраас тийм эрх зүйн боломжийг гаргасан. Та бүхэн хуулиа сахиад төрийн ажлыг саатуулах ажиллагаа явуулаагүй бол тийм байдал үүсэхгүй байсан. Та бүхэн төрийн ажлаас намын ажлыг дээгүүрт тавьсан, тиймээс олонхиос өгсөн үүргийг хүлээн авч гацааг тайлсан. УИХ-ын даргыг томилох асуудал хууль зөрчсөн эсэх асуудлаар Цэцэд хандсан юм билээ, Цэц эцсийн шийдвэр гаргана биз дээ. Бүлгийн тухайд түрүүчийн асуудалтай уялдаатай. Та бүхэн хуулийнхаа эхний хэсгийг уншчих гэхээр уншихгүй байгаа. УИХ-ын дарга томилогдсоноос хойшхи 24 цагт багтаан бүлэг байгуулах хүсэлтээ албан ёсоор мэдүүлэх учиртай. Энэ үүргээ та бүхэн биелүүлээгүй. Энэ байдлыг засахын төлөө явах ёстой гэж үзэж байна.
Н.Энхболд: – Биднийг ёс зүйн хувьд алдаа гаргасан гэж үзээд та бүхэн хууль зөрчиж болох уу. УИХ-ын дэд даргаар томилогдох гэж байгаа хүн байна, хуульч хүн байна. Хуулиа заалтынх нь дагуу тайлбарлах ёстой гэсэн бол УИХ-ын дэд даргад нэр дэвшсэн Л.Цог “Монгол Улсын Их хурлын анхны хуралдааныг удирдах үүргээ Д.Дэмбэрэл гишүүн биелүүлээгүй. Ёс зүйн алдаа гаргасан гэсэн хариу тайлбар хэлсэн юм.
Харин гишүүд саналаа хэлэх үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Анхдугаар чуулганыг өндөрлүүлж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэж ярьж байна. Хэрвээ анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлаа нэгмөр дуусгалгүй ээлжит бус чуулганыг хуралдуулбал хууль зөрчсөн үйлдэл болно” гэлээ.
Үүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Та бүхэнд гарц гарц байгаа, хуулийн төсөл санаачлан УИХ-д оруулж ирж батлуулж байж, бүлэгтэй болно. Анхдугаар чуулганд орж ирээд бүлгээ байгуулсан бол ийм асуудал хөндөгдөхгүй байсан, цаашдаа дахин ийм зүйл ярихгүй бол баярлах байна” гэсэн юм.
Дашрамд сануулахад, чуулганы нэгдсэн хуралдаан болохын өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс санал болгосон УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Л.Цогийг томилуулах тухай асуудлыг хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжсэн билээ.