Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Сайд нарыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг Шадар сайдаар томилуулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 92.7 хувийн саналаар, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн С.Оюуныг томилохыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин тус тус баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 40 гишүүн оролцов.

Мөн Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох тухай, Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн М.Сономпилийг томилох тухай саналыг гишүүд 100 хувийн саналаар дэмжин баталлаа.

Харин Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалд хандан УИХ-ын гишүүн А.Бакей тус салбарт хэрхэн шинэчлэл хийх боломжтой талаар лавласан юм. Сайдад нэр дэвшигч Н.Удвал эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхдээ цогцоор нь авч үзэж ажлыг эхлүүлэх шаардлагатай тухай онцоллоо. Харин саналаа хэлсэн гишүүдээс УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Багийн эмч, сумын эмч нарын сувилагч, бага эмчийн цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй бол цастай зудтай хүнд нөхцөлд ажиллаж хамгийн хүнд хүчрийг нь үүрч явдаг. Тиймээс эл асуудал хөдөөд хамгийн хурцаар тавигддаг тул Эрүүл мэндийн сайдаар томилогдсоныхоо дараа анхаарлаа хандуулахыг хүслээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Одоо хүн өвдөхөд танил нь бодогддог. Тиймээс энэ гаж тогтолцоог өөрчилж, даатгалаар дамжуулж даатгуулагч хамгийн чанартай эмнэлэгт үзүүлж үйлчилгээгээ авдаг байх менежментийн шинэчлэлийг хийх ёстой хэмээн захисан юм. Харин С.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар томилох саналыг гишүүдийн 92.3 хувь нь дэмжиж баталлаа. Санал хураалтад 39 гишүүн оролцсоноос гурав нь татгалзав.

Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар таван сайд томилогдсоноор шинэчлэлийн Засгийн газарт ажиллах гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдлоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж